Уншигч та бүхэнтэй Ардын жүжигчин А.Очирбат буюу Итгэлт баяныг уулзуулж байна. Түүнийг ахмад уран бүтээлчдээсээ шилдгийн шилдэг хэмээн нэрлэхэд хэн ч маргахгүй байх. Тиймээс “Best of Best” буландаа урьсан юм.
“ШИНЭ ҮСГИЙН БАГШ" КИНОНД ГАРДАГ ШИГ ОЛОН АХ, ЭГЧИД ХИЧЭЭЛ ЗААДАГ БАЙЛАА
-Сайхан намаржиж байна уу. Таныг ахмадын баяраар Багануур дүүрэгт тоглолтод оролцоод явж байна гэж сонссон?
-Сайхан намаржиж байна аа. Багануурт Хөдөлмөрийн баатар Г.Хайдав, Л.Цогзолмаа нартай тоглолтод оролцсон юм. Үзэгчид сайхан хүлээж авч байна.
–Та нар нас өндөр гарсан ч урлагаа орхихгүй байгаа тань үзэгч биднийг байнга баярлуулдаг. Зарим үед таныг харахаар Итгэлт баяны зальжин харц ч нүдэнд тусах шиг болдог юм…
-Үзэгчдийнхээ алга ташилт дор байсаар ирсэн болохоор ч тэрүү алтан тайзнаасаа хөндийрч чаддаггүй юм.
–Бидний ярилцлагын гол сэдэв таны амьдралын эхлэлээс өнөөг хүртэлхийг сонирхох. Уншигчид ийм сэдэвт байнга таатай ханддаг?
-Би 1928 онд Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын нутаг Монгол уулын энгэр гэдэг газар төрсөн. Багаасаа малын дэргэд өссөн. Ихэвчлэн хонинд явна. Хааяа саахалт айлынхаа үеийн банди нарыг дагаж адуунд давхина. Морь уургалах гэж хүртэл оролдоно. Морины толгой гайгүй олдог ч бяр муу болохоор голдуу уургаа алдчихна. Харин бие жижиг болоод ч тэр үү эмнэг адууны нуруун дээр нэг гарчихвал хачиг шиг л наалдчихдаг байлаа.
–Бичиг үсэгт хэзээ тайлагдсан бэ?
-Мал маллаж байх үед багийн бүлгэм байгуулагдсан юм. Түүнд суралцаж, гайгүй чадваржсан юм байлгүй, бүлгэмийн болон сумын төвийн багш болж байлаа. Өнөө “Шинэ үсгийн багш” кино шиг олон ах, эгчид хичээл заана. Заримдаа настай хүнд ч заана.
-Бас зураг зурдаг байсан гэл үү?
-Тийм. Тэр үед цаас ховор байсан болохоор улаан тамхины боодлын цаасан дээр л зурна. Голдуу хөдөөний аж байдлыг дүрсэлнэ дээ.
-Сумын төвд сайн дурын уран сайханч болж байсан үеэ яриач?
-За, тэр тэгж их яриад байх зүйл биш л дээ. Шинэ үсгийн багш болж байхад сумын төвийн багш нарыг сайн дурын уран сайханч болгож, сумын клубт хааяа “Учиртай гурван толгой” жүжгийн тэрэг чирсэн хоёрын нэг нь болгох, эсвэл “Цэрэг комиссар”-т оруулдаг байсан юм. Тэр үеийг бодохоор урлагт дуртай байсан юм шиг байгаа юм.
-Та хэзээ хотын хүн болсон юм?
-Бичиг үсгийн зах зухаас мэддэг болоод ирэхээрээ жаахан онгирсон юм байлгүй хотод сургуульд орох хүсэлтэй болсон хэрэг. Тэр үед би 19 настай байсан юм. Ингээд хөдөөнөөс мориор хот орж, Худалдааны сургууль, хэд хэдэн техникумд орох гэж хөөцөлдлөө. Олддоггүй шүү. Учир нь дөрөвдүгээр ангийн боловсролтой хүүхэд сургуульд орох эрхтэй байсан юм. Над шиг боловсролгүй хүнийг хэн сургуульдаа оруулах вэ дээ.
-Тэгээд сургууль олдохгүй болохоор нь харьсан уу?
-Үгүй. Уг нь ч бараг харих бодолтой байсан л даа. Тэр үед манай нутгийн ах тааралдахаар нь учир байдлаа хэлтэл “Тэгвэл чамайг урлагийн сургуульд оруулна” гээд дагуулаад явдаг юм байна. Тэр үед урлагийн сургуульд орох гэсэн олон хүүхэд шалгалт өгч байсан нь аз болж тохиолдсон хэрэг. Тэгээд ч тэр ах урлагийн сургуулийн комендант байсан юм. Намайг дагуулж очсон газар нь “Бөмбөгөр ногоон” театр. Анх тэр өргөөнд хөл тавьсан. Морио үүднийх нь гэрлийн шонгоос уячихаад бүрх малгай, бор нударгатай дээл, түрийгээ эргүүлсэн хар савхин гуталтай орж байсан минь санаанаас гардаггүй.
-Таныг очиход одоогийн алдартай жүжигчид шалгалт өгч байсан байлгүй?
-Тэгэлгүй яах вэ. Багш нар нь С.Удвал, Ц.Цэгмид нараас гадна хоёр орос хүн байлаа. Намайг ороход хотын хүүхдүүд шалгуулж байна. Тэдний дотор сүүлд миний найз болсон Д.Хишигт, П.Туваанжав, “сэлэм Тогмид” Ц.Цэрэндорж зэрэг гавьяат, профессор, доктор болсон хүүхдүүд байж. Ороход тэд тоож байгаа ч шинж алга. Дуу дуулаад л, бүжиглээд л бужигнуулж байна шүү. Тэднээс шалгалт авч дуусаад нэг багш намайг “Чи шалгуулах гэж байгаа юм уу” гэнэ. Намайг дагуулж явсан ах “Тийм ээ. Энэ хүүхэд урлагт дуртай юм" гэнээ. Би ч тэр ахынхаа нүүрийг улайлгахгүйн тулд дуул гэхээр нь хонь хариулж явахдаа дуулдаг нэг дуугаа дуулж гайгүй үнэлгээ авсан. Харин этюд үзүүл гэхээр нь нэг юм үзүүлмэрээ аядсан. Түүний дараа Ц.Цэгмид багш “Тэнцсэн хүүхдүүдийн нэрс үүдний самбарт гарна” гэхээр нь би ч тэнцэх биш харьдаг юм бил үү гээд морь руугаа хэд алхсанаа “Ер нь ямар хүүхдүүд тэнцсэн юм бол. Харъя” гэж бодоод очтол миний нэр дунд нь цохиж явна. Ингээд наймдугаар сарын 20-нд урлагийн сургуульд ир гэсэн тушаал авч гэр лүүгээ бөөн баяртай давхиж байлаа. Тэгсэн хэрнээ сургуульдаа орох болоход “Би жүжигчин болж гийгүүлэхгүй биз. Яваад ч яах билээ. Малчин болъё” гэж бодогдож байсан шүү.
ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫГ НАЙРУУЛАГЧ И.НЯМГАВАА ҮГҮЙ БОЛГОСОНД ХАРАМСДАГ
-Урлагт дуртай хэрнээ яагаад болимоор санагдсан юм бол?
-Өөртөө итгэлгүй байсан байхгүй юу.
-Хөдөө очсон урлагийн багийхны тоглолтыг үздэг байв уу?
-Үзэлгүй яах вэ. Би урлагт их дуртай байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Ямар сайндаа урлагийн тоглолт ирэхээр нь үзэж байгаад хонио айлын хоньтой нийлүүлж аавдаа загнуулж байх вэ дээ.
-Хөдөө өссөн хүүхэд урлагийн сургуульд ирээд дасахад амаргүй байсан байлгүй?
-Намайг ирэхэд субботник болж байсан юм. Би ч тэдний дунд өнөөх нударгаа савчуулаад л чадах зүйлээ хийв. Ингээд хэд хоногийн дараа хичээлдээ орлоо. Сургууль эхэлж байгаа юм чинь өнөө дээлээ тайлаад арай өөр юм өмсөөд ортол сургуулийн нэг багш “Субботник хийж байхад чи нударгатай дээлтэй явж байсан хүү мөн үү. Би чамайг сургуулийн морин тэрэг хөтөлдөг хүүхэд байх гэж бодож байлаа” гэж инээдэм болгож билээ. Арван жилийн боловсролтой хотын хүүхдүүдтэй хамт суралцана гэдэг их чармайлт шаардсан хэрэг байлаа. Хэдэн сарын дараа тэднийхээ агаарт орохын тулд костюм өмсч ч үзсэн.
-Хичээлдээ хэр байв?
-Ерөнхий эрдэмдээ муу. Тооны хичээлд бүр ч байхгүй. Харин мэргэжилдээ гайгүй шүү. Ингэсээр 1950 онд Ц.Цэгмид багшийнхаа удирдлага дор сургуулиа төгссөн.
-Танай төгсөлтөөр Улсын хүүхэд залуучуудын театр бий болсон гэдэг?
-Тийм. Төв хорооноос тогтоол гарсан юм билээ. Улсын анхны хүүхдийн төв театрын жүжигчид болсондоо баяртай явдаг. Нийт 13 хүүхэд театрт хөл тавьж байлаа. Профессор Д.Маамхүү, П.Туваанжав, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Хишигт, “сэлэм Тогмид” Ц.Цэрэндорж нар.
-Энэ жил танай театр 60 насныхаа ойг тэмдэглэх байсан. Гэтэл үгүй болсонд та мэдээж харамсдаг байлгүй?
-Тэгэлгүй яах вэ. Уг нь гадаадын олон зохиолыг тайзнаа амилуулсан. Монголоос Д.Намдаг, Ч.Ойдов, С.Жаргалсайхан нарын сор болсон жүжгийг тавьсан. УДЭТ-тай мөр зэрэгцэж явсан байгууллага. Одоо байхгүй болсонд бид их харамсдаг юм.
-Театр хувьчлагдсан гэдэг биз дээ?
-Тийм. И.Нямгаваа найруулагч хувьчилж авсан юм. Угаасаа театр хувьчлах ёстой байсан болохоор бид ч дэмжсэн. Ц.Төмөрбаатар тэргүүтэй олон хүн хувьчилж авах гэж байсан. Урлаг арай илүү мэдэх байх гээд И.Нямгаваад өгсөн ч үгүй болгочихлоо.
-Ц.Төмөрбаатар авсан бол үгүй хийчихгүй байх байсан болов уу?
-Ямар ч байсан аавынхаа байгуулсан театрыг нураахгүйн төлөө ажиллуулж байх байсан биз. Бид сонголтоо буруу хийсэн болохоор одоо юу ч ярих билээ дээ. И.Нямгаваа Хаан банкинд театрын барилгаа зарсан. Анх макетаа үзүүлж байхдaa урд нь өндөр барилга босгохоор хийлгэхэд нь бид “Энд юу байгуулагдах юм бэ” гэхэд кино театр, өөр юу ч билээ олон юм ярьсан. Бид ч итгэж байсан юм. Гэтэл эхнээсээ л энэ банктай хуйвалдаж байсан юм билээ.
-Та И.Нямгаваатай уулзсан уу?
-Үгүй. Тэр бидэнтэй уулзах ч нүүргүй болсон. Дээхнэ нэг сонинд ярилцлага өгөхдөө их муухай зүйл хэлж байсан (хоолой нь зангирав).
-Юу гэж хэлсэн юм бэ?
-Авахдаа авч, идэхдээ идчихээд “Жүжигчидтэй ажиллана гэдэг циркт амьтан сургахтай адил. Би тийм ажил хийж явлаа” гэсэн. Амьтан гэж манай жүжигчдийг хэлж байгаа юм уу, Дархан-Уул аймгийн театрт ажиллаж байгаад хөөгдөх шахаад ирсэн тэднийгээ хэлж байгаа юм yу, бүү мэд. Биднийг гүтгэсэн ч юм бий. Мөн “Би нэг тоосго залгисан болохоос биш театрыг чинь аваагүй” гэж хэлсэн байна билээ. Тэр зальтай хүн болохоор аль болохгүй юмандаа биднийг өмнөө барьдаг байсан. Одоо сураг ч байхгүй.
-Та нар хаан банкинд очиж учир байдлаа хэлсэн үү?
-Хэлсэн. Гэхдээ барилгаа буцааж авахгүйгээр зөвхөн тоглож байя гэж хэлсэн. Гэтэл тэд И.Нямгаваагаас худалдаж авсан болохоор боломжгүй гэсэн. Тэгээд ч банк, театр хоёр нэг газар байх боломжгүй байх л даа.
-Одоо энэ театрыг дахин байгуулах боломж бий юу?
-Зарим хүн санаачилга гаргаж байна. Гавьяат жүжигчин Б.Батзаяа, Б.Жаргалсайхан нар тус тусдаа нэг юм яриад л байгаа. Хэрвээ байгуулбал бид чадах чинээгээрээ дэмжинэ.
-Уран бүтээлийнхээ сэдэв рүү эргэж оръё. Таны анхны дүр юу байв?
-Сургуулиа төгсөөд 10 гаруй жил тайзан дээр тоглосон. Эхний дүр Ч.Лодойдамба багшийн зохиол “Нэг ангийнхан” жүжгийн нэг дүр байсан.
-Та тайз, дэлгэцийн хэчнээн дүр бүтээгээд байна вэ?
-Тайзны 200 гаруй, дэлгэцийн 30 орчим дүр бий. Би их замбараагүй хүн. Зарим кино, жүжгээ мартчихаж. Бусад уран бүтээлч уран бүтээлээ он сартай нь жагсаагаад биччихсэн байдаг юм билээ.
-Та энэ олон дүрийнхээ алинд нь илүү үнэлэлт өгдөг вэ?
-Би аль ч зохиолч, найруулагчид гологдож байгаагүй. Тиймээс бүгдийг нь гайгүй болсон гэж боддог. Харин хүнд илүү хүрсэн нь Итгэлтийн дүр байх. Энэ дүр угаасаа гойд л доо. Хамгийн гол нь Ч.Лодойдамба багшийн мундгийнх. Түүнээс би хэн ч хийгээгүй Итгэлтийг гаргаад ирсэн юм биш. Ямар ч том дүр жүжигчнээ аваад явчихдаг.
-Гэхдээ зохиол амилуулна гэдэг асар их хариуцлага гэж би боддог юм?
-Бидний л үүрэг шүү дээ. Жүжигчин гэдэг нэр зүүчихээд дүрээ амилуулж чадахгүй бол хохь нь.
Ч.ЛОДОЙДАМБА ГУАЙ “ИТГЭЛИЙГ ӨӨР КИНОНД ТОГЛУУЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ” ГЭСЭН ГЭНЭ БИЛЭЭ
-Таныг харахад Итгэлт баян өөрийн эрхгүй санаанд буудаг. “Тунгалаг Тамир” кинонд тоглох болсон түүхээсээ хуучилна уу?
-Их сонин. Би тэр үед зүүдлээ ч үгүй байсан. Хүмүүс “Тунгалаг Тамир” роман кино болох гэж байна гээд л шуугиж байлаа. Жүжигчид бид нэг нэгнийгээ “Чи Итгэлтэд, би Эрдэнэд тоглоно” гээд тоглоомоор ярьдаг байв. Яг үнэндээ бид гавьяат жүжигчин “Цоохор” Б.Мижиддоржийг Итгэлтийн дүрд тоглох байх гэж бодож байсан юм. Би тэр үед Д.Намдагийн зохиол “Хярааны хонхорт” кинонд тоглох гээд хяналтад орж байлаа. Тэр үед Ч.Лодойдамба гуай Итгэлтийн дүрд тоглох хүнээ хайгаад манай киноны хяналтыг үзээд сууж байсан юм билээ. Ингээд хяналт дуусч би өрөөндөө хувцсаа солиод сууж байтал гаднаас үйлчлэгч охин гүйж ирээд “Таныг Ч.Лодойдамба гуай дуудаж байна” гэнэ. Би ч яах гэж байгаа юм бол гэж бодоод очтол “Чамайг нэг харна аа. Цаашаа, наашаа хэд алх. Одоо суугаад тамхиа тат” гэнэ. Би ч яах гээд байгааг нь ойлгохгүй хэрнээ хэлснээр нь гүйцэтгээд байлаа. Тэгснийхээ дараа “3а одоо яв” гээд өөр юм ярьсангүй. Дараа нь киноны уран бүтээлчдээ цуглуулаад “Би Итгэлтийгээ оллоо” гэж хэлсэн гэсэн. Гэхдээ чухам хэн гэдгийг нь хэлээгүй.
-Таны тоглох гэж байсан кино юу болсон бэ?
-Найруулагч нь зураг аваад гарах өдрөө товлоод, надад өмсгөх хувцас сонгоод байж байтал Ч.Лодойдамба гуай найруулагчид “Энэ удаа Итгэлтийг өөр кинонд тоглуулж болохгүй шүү” гэж л дээ. Тэгэхээр нь би Ч.Лодойдамба гуайн ажил руу очиж “Би олон жүжигт тоглосноос кинонд тоглож байгаагүй. Энэ кинонд тогломоор байна” гэсэнд “Дуугай бай. Би мэдэж байна" гээд хөөгөөд гаргачихлаа. Хамгийн гол нь тэр хоёр киноны зураг авалт зэрэг болох гээд байсан тул өмнөх кинонд тоглуулаагүй юм билээ. Дараа нь Ч.Лодойдамба гуай “Чамайг тэр кинонд яагаад тоглуулаагүйг одоо чи ойлгов уу” гээд инээж билээ.
-Зураг авалт ямар хэсгээр эхэлж байв?
-Цүү хаядаг хэсэг байдаг шүү дээ. Тэрийг анх авах гэсэн юм. Би өмнө нь олон кинонд тоглож байгаагүйг ч хэлэх үү, эмэгтэй хүнтэй маяглаж чадахгүй болохоор найруулагч маань "Чи яасан урагшгүй золиг вэ. Эмэгтэй хүнийг ингэж өддөг юм уу” гээд загналаа. Тэгээд тэр үдшийн зураг хойшилж маргааш нь мал тоолдог хэсгээс эхэлсэн. Тэр зурганд би тэнцээгүй бол киноны уран бүтээлчид “Энэ А.Очирбатыг сольё” гэж ярилцаж байсан юм билээ.
-Кино гарсны дараа хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн үү?
-Олон хүний магтаал, урмын үгийг дэндүү их сонссон.
-Тэр үед та хэдэн настай байсан бэ?
-40 гаруй.
-Таныг харахад залуугийн зальтай, сэргэлэн, яг л Итгэлт баян шиг хүн байсан байх гэж боддог юм?
-Өөрийгөө нэг их муу авч явахгүйн төлөө зүтгэж яваа л хүн. Түүнээс биш Итгэлт шиг самбаатай хүн байсан бол би энэ зах зээлийн өндөр өрсөлдөөнтэй үед гадаад, дотоодод банктай байх байсан байлгүй. Гэтэл би өнөөдөр унадаг дугуй ч үгүй амьтан явж байна (инээв).
-Тэгвэл та юугаараа баян бэ?
-Бүтээлээрээ. Би өнөөдөр сагатлаа баяжаагүй ч улсынхаа буянаар элэг бүтэн явж байна.
-“Тунгалаг Тамир” кинонд тоглож байхдаа та дүрдээ тааруулж зохиолынхоо үгийг өөрчилж байсан уу?
-Үгүй. Надаас нэг ч үг нь гараагүй. Харин одоогийн киноны зохиол тодорхой зүйлгүй тиймэрхүү юм байна шүү гээд зүглүүлээд орхичихдог болж.
-Та хүүхдийн жүжиг, үлгэрийн зохиол бичдэг болохоор иймэрхүү зүйл ажиглагддаг байх л даа?
-10 гаруй жүжгийн зохиол бичсэн нь үнэн л дээ. Гэхдээ зохиол бол зохиол л байх ёстой.
-Таныг бөхөд сонирхолтой гэж ярьдаг юм билээ?
-Үндэснийхээ бөхийг үзэлгүй яах вэ. Дээхний аваргуудаас Д.Дамдин, Ш.Батсуурь, С.Цэрэн, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ зэрэг сайхан барилдаантай эрсийн хийморь сэргээсэн барилдааныг харах дуртай байлаа. Одоо ч залуучуудынхаа барилдааныг зав гарвал үзэхийг хичээдэг.
-Таныг Оюунаа гэж дууддаг юм билээ. Яагаад тэр вэ?
-Чи миний нүдийг хараад ойлгохгүй байна уу. Оюу шиг ногоон болохоор хэн ч билээ дээ, нэг нь өгсөн юм. Жүжигт тоглох гээд тайзны ард сууж байхаар хүмүүс намайг “Оюунаа гуай та одоо тайзанд гарах боллоо шүү. Бэлтгээрэй” гэдэг юм.
-Дуудах нэрийг эцэг эх, дуурсах нэрийг өөрөө гэдэг. Та аав, ээжийнхээ тухай яриач?
-Төрсөн аав маань нутаг усандаа алдартай зураач Дашдаваа гэдэг хүн байсан юм. Ихэвчлэн бурхан зурна. Өргөж авсан аав жирийн ард байсан. Ээжийн дүү Аюурзана өргөж авсан.
-Тэгвэл таны зурдаг байсан нь аргагүй юм байна шүү дээ?
-Яах вэ дээ. Бага сага юм байсан юм байлгүй.
-Таны гэр бүлийн хүнийг хэн гэдэг билээ?
-Марюся гэдэг. Хүүхэд тогтдоггүй айлын охин байсан болохоор аав, ээж нь ламаас нэр гуйгаад энэ нэрийг өгсөн юм билээ. Хүмүүс сонин нэртэй юм гэж гайхдаг. Бид хоёр Хүүхэд залуучуудын театрт танилцаж гэр бүл болсон.
-Таны охин Оюунаа “Илүү сартай зун” киноны Ариунаагийн дүрд тоглосныг уншигчид мэднэ. Охнндоо хэр зөвлөгөө өгдөг вэ?
-Нэг их зөвлөхгүй ээ. Миний oxин чадахаараа л гүйж яваа. Миний мэргэжлийг өвлөх гэж байгаад юм уу, ганц охин болоод ч тэр үү охиндоо би хайртай. Хоёр хүү маань ч хувиараа бизнес эрхлээд аав, ээждээ харагдах нь ховор юм.
У.Баярсайхан