Энэ сарын 9-нд нээлтээ хийх гэж байгаа Уилиам Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийн ерөнхий найруулагч СТА, найруулагч Н.Наранбаатартай ярилцлаа.
-УДЭТ алдарт “Гамлет” жүжгийг хийх болсоны учир юу вэ?
-Театр бол дэлхийн хүн төрөлхтний оюун санааны толь байдаг. Анх 1936 онд манай театр Гоголийн жүжгээр нээлтээ хийж байсан гэдэг. Энэ цагаас хойш олон сайхан жүжиг тоглогдлоо. Харин “Гамлет”-ийг хийхэд бид мөнгөтэй хүний гар хараад явсангүй. Засгийн газраас дэмжиж, тусалсанд маш их баярласан. Зургадугаар сарын 15-нд дүрийн шалгаруулат болсон цагаас хойш бүтэн таван сар бэлдэж байж энэ уран бүтээлээ өлгийдөж авахаар боллоо.
Энэ жүжиг бол найруулагчаа тодорхойлдог жүжиг. Мөн хөгжмийг нь зохиодог хүн ч бас энэ жүжгийг тодорхойлох болно. Нэрт хөгжмийн зохиолч Сангидоржийн хүү Сансаргэрэлтэх “Гамлет” жүжигт зориулж бүхэл бүтэн хөгжмийн бүтээл хийсэн нь их онцлог болж байгаа. Бас нэгэн онцлог нь анх 1980 онд тавигдаж байхдаа нэрт орчуулагч н.Чимэд гуайн орчуулгаар хийгдэж байсан бол одоо орчуулагч Х.Мэргэний орчуулгаар тавигдаж байна. “Гамлет” жүжгийг янз бүрээр ярьдаг л даа. Тухайн театрын оршин тогтнох үндэс, үнэ цэнэ ч гэж үздэг.
Харин өнөө цагт, 2012 онд яагаад энэ жүжгийг хийх болсон юм бэ гэхээр их сонин. XXI зуун, бүтээн байгуулалт, техник технологи хөгжиж, өндөр барилгууд сүндэрлэн олон зам бий болжээ. Харин энэ үед хүний язгуур гэдэг юм алдагдаж байна. Бид хөгжиж байна уу, эс хөгжиж байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Мэдээж хүний хөгжлийн эх, хундаам нь язгуур шүү дээ. Энэ хундаам нь сайн муу худал үнэнд ороод сөрөг талруугаа явж байна. Хүн тусч энэрэнгүй байх гэх зэрэг олон сайхан шинжүүд нь алга болоод байна л даа.
Өнөөдөр хүний эсрэг тал нь илүү хөгжиж дарангуйлагч, худалч, залилагч, мэхлэгч нар олон болсон. Хүний алтан амийг хөнөөж чадах тийм муухай тал руугаа хөгжөөд байна. Тиймээс хүн ямар байх ёстой вэ гэсэн асуултын хариуг гаргаж ирэхийг зорьсон юм. Энэ жүжгийг үзсэн хүн би ер нь хаана яваад байна, бидний хамт олон үр хойч маань хаана яваад байна гэсэн эргэлзээнийхээ хариуг олно. Өөрийгөө жаахан ч гэсэн олж авах болов уу гэж бодож байна.
-Энэ жүжигт хоёр гол дүр байгаа. Эдгээрийн онцлогийн талаар?
-Манай жүжгийн гол дүр бол Гамлет. Дэлхийд энэ жүжиг хамгийн анх 1601 онд тавигдсан тухай түүхэн баримт байдаг юм. Тэр цагаас хойш олон янзаар тайлбарлаж ирсэн. Тэр бол солиотой хүн, харддаг өшөө авагч гэх мэтээр үзсэн. Бидний хувьд бол өнөөдрийн манай Гамлет ард түмний саруул ухааныг илэрхийлж байгаа юм. Мөнхөд ард түмэн дарлагддаг. Гэхдээ мөнхөд оршдог гэж хэлмээр байна. Дарлагдаад гажуудалд орчихсон Гамлетийг гаргасан. Ингээд солиоролд орчихсон хүн түүгээрээ дамжуулан ард түмнийг төлөөлөн үзэл бодлоо илэрхийлж байгаа юм.
-33 жилийн өмнө тавигдсан “Гамлет” их хартай, ууртай, галзуу байсан. Харин одоо сайн талаас нь гаргаж байгаа гэж ойлгож болох уу?
-Гамлет бол ерөөсөө л үнэнийг хайгч. Үнэн хаана байна түүнийг л хайж байгаа гэж хэлж болно.
-Офелиягийн дүрийн шалгаруулалтад олон жүжигчин орсон. Чухам ямар шалгуураар А.Ганчимэгийг сонгосон юм бэ?
-Офелия бол Гамлетийн нөгөө тал гэж хэлж болно. Гамлет ертөнцийн эрүүл энхийн төлөө явж байгаа. Офелия түүний тал нь. Харин Гамлетийн оршин байгаа тэр нийгмийн золиос нь. Хамгийн түрүүнд цэвэр ариун сэтгэлтэй, хиргүй тунгалаг, үнэнч, итгэмтгий хүнд байх хамгийн эрхэм чанаруудыг шингээсэн хүн л өөрөө золиос нь болдог. Тэгэхлээр хиргүй тунгалаг Офелия энэ их хортой, бузар булай явдлын золиос нь болж байгаа юм. Мөн энэ жүжигт үнэнч хайрыг ч өгүүлнэ.
-Гамлетад тоглох жүжигчин байгаа, байхгүй гээд л олон зүйл яригдсан. Та яагаад СТА, С.Болд-Эрдэнийг сонгов?
-Миний нүдээр хараад үз гэдэг үг байдаг даа. Тэрчлэн миний ертөнцөд буусан Гамлет бол С.Болд-Эрдэнэ л байсан. Ер нь Гамлетад тоглох чадвартай, хүсэлтэй олон хүн бий л дээ. Хамгийн гол нь найруулагчийн харсан хүн тэр байсанд л байгаа юм. Алдсан ч оносон ч Болд-Эрдэнэтэйгээ зууралдаж байгаад үхнэ дээ. (инээв) Яагаад гэхээр маш олон юм бий. Болд-Эрдэнэ маань их дотогшоогоо, мэдрэмж өндөртэй гэх мэтчилэн олон юм байдаг.
-Гамлет солиорлоороо дамжуулж нийгмийн муу муухайг илчилж байгаа гэж ойлгож болох уу?
-Эрүүл хүний нүдээр харвал, тэр нийгмийн муу муухайд хүн өөрөө эвдэрнэ. Олон зүйл гажуудаж тэр ч бүү хэл эр эмийн ёс өөр болно. Хүүхдүүдийн хандлага ч өөр болно. Яг тийм цаг үед л Гамлет амьдарч байсан. Тэнэг хүнтэй эрүүл хүн ярихад хэцүү байдаг шүү дээ. Тэгэхлээр тэр солиорлоороо дамжуулж бузар булай зүйл, булхайг илчилж байгаа юм. Эрүүлээр хэлээд ойлгохгүй байгаа зүйлийг солиотой ухаанаараа илэрхийлж ойлгуулах гэж байгаа тийм л хэлбэр.
-Шалгаруулалтын үеэр та “хүний таван мэдрэхүй дотор энэ жүжиг өрнөнө” гэж хэлж байсан?
-Тийм. Хүн сонсоно, харна, үнэрлэнэ, амтална, мэдэрнэ. Тэр мэдрэхүй нь алдагдаад ирэхээр хүн эрэмдэг болчихож байгаа юм. Жишээ нь, хараагүй хүн нэг талаасаа стандарт бус болчихож байгаа гэсэн үг. Дүлий хүн ч адил. Чих гэдэг чинь ертөнцийн сонор шүү дээ. Энэ таван мэдрэхүйг төлөөлнө. Мөн энэ жүжгийн тайз урьд өмнө нь байгаагүйгээр хийгдсэн. “Гамлет” жүжгийн нэг том онцлог нь орших, эс оршихын тухай асуудал юм. Мөн “Гамлет” бол ерөөсөө л ард түмний дуу хоолой, саруул ухаан. Бид өнөөдөр сонсохоо больчихоод байна. Зүгээр энгийнээр хэлэхээр сонсохоо байчихсан учраас солиотой болж илэрхийлж байгаа юм. Бид цаашдаа энэ хэвээрээ байгаад байх юм бол аль нэгэн том улсын эрхшээлд орно шүү дээ.
-Монголын театрын түүхэнд 33 жилийн турш “Гамлет”-ийг хийгээгүй байдаг. Яагаад ингэсэн юм бол. Энэ хугацаанд уг жүжгийг хийх найруулагч олдоогүй гэж ойлгож болох уу?
-Ерөнхийдөө “Гамлет” дахиад бий болж байна гэж ойлгож болно. Цаашдаа 50,60 жилийн дотор дахиж тавигдахгүй байх. Бүр зуун жил ч байж болно. Би “Парисийн дарь эхийн сүм” жүжгийг тавьж байхдаа ч ингэж хэлж байсан.
-Яагаад?
-Яг цаг үе нь мөн үү гэдэг асуудал л даа. Цаг үеийн шаардлага нь болоогүй. Энэ хугацаанд яагаад ч юм хувьсгалын тохироо нь бүрдээгүй байх. Жишээ нь, Оросын нэгэн нэрт найруулагчид “Гамлет”-ийг хийгээч гэсэн санал тавьхад “сонгодог жүжгүүдийг уул гэх юм бол цаст оргил нь “Гамлет” байдаг юм. Тэнд тугаа хатгасан найруулагч ховор. Тийм учраас би тугаа нэгэнт л оройд нь хатгаж чадахгүй учраас хийхгүй” гэсэн гэдэг.
-Харин таны туг хаана нь хатгагдсан бол?
-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Үүнийг ард түмэн хэлэх байх. Ямар ч байсан би тугаа бариад гүйсэн. Хаа нэг газар нь хатгах байх даа.
-33 жилийн өмнө тавигдаж байсан “Гамлет” таныхаас юугаараа ялгаатай бол?
-Тэр үед цаг өөр байсан байх. Олон зүйл хаалттай, хүмүүсийн үзэл бодол ч өөр байсан. Харин өнөөдөр бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас иргэн бүр үзэл бодлоо илэрхийлж болохоор чөлөөтэй байна. Иймээс бидэнд айх, эмээх зүйл алга. Оюун санааны эрх чөлөө гэж юу байдгийг харуулна гэж бодож байгаа. Хоёр өөр нийгэм, хоёр өөр үзэл бодлын тогтолцоо юм. Тухайлбал, энэ жүжгэн дээр хоёр залуу үнсэлцдэг. Тэр үед тэгсэн бол бөөн асуудал болох байсан.
-Энэ жүжгийг н.Чимэд гуай орчуулчихсан байдаг. Яагаад өөр хүний орчуулгаар хийх болсон юм бэ?
-н.Чимэд гуай үнэхээр гайхалтай орчуулагч. Би яагаад ингэсэн бэ гэхлээр н.Чимэд гуай яг эх хувиас нь орчуулаагүй. Оросын их зохиолч, Нобелийн шагналт Пастернакаас орчуулсан. Харин Х.Мэргэн ах бол яг англи эхээс нь орчуулсан. Мөн Пастернак бол Сталинд их дарлуулж байсан хүн. Тийм болохоороо тухайн үеийн нийгмийг их үзэн ядсан, бухимдлаа илэрхийлсэн санаа үнэртээд байдаг юм.
-Шалгаруулалтан дээр жүжигчин А.Ганчимэг хүүхэлдэйгээ мөчлөн цэцэг болгож тараасан. Энэ өвөрмөц, логиктой хэсэг таны жүжгэн дээр орох уу?
-Яг тэр хэсэг бол орохгүй. Тэр чинь А.Ганчимэгийн өөрийгөө сонгуулахаар хийсэн санаа. Солиорол олон янз байдаг. Жишээ нь би заримдаа намайг бялдуучлаад, араар муулаад байхаар их бухимддаг. Тэр бүхнийг ялдаг үнэн гэдэг чинь хаана байна аа гээд хашгирмаар болдог. Тэглээ гээд би солиорчихож байгаа хэрэг биш. Энэ бол эрүүл солиорлын нэг жишээ юм уу даа.
-Харин “Гамлет”-ийг солиотой хүн байсан гэх зэрэг янз бүрийн яриа байдаг. Яг тийм хүн байсан юм болов уу?
-Тэгж ярьдаг л даа. Гэхдээ олон янзын солирлын яг аль нь байсныг таашгүй. Магадгүй тэр бурангуй ёс дэглэмийг эсэргүүцэж, солиотой хүний дүрээр үзэл бодлоо илэрхийлж байгаагаар Шекспирийн зохиолд буусан ч байж болно.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
О.Чанцалдулам