Сальвадор Дали хэмээх халуун цуст испани зураачийг үеийнхэн нь галзуу солиотой, мэдрэл амьтан л гэж боддог байсан байх. Сюрреализмын тод төлөөлөгч тэрбээр үнэхээр л тэвчихийн аргагүй ааш зантай, сэтгэл мэдрэлийн өвчтэй нэгэн байсан гэж хэлж болно. Түүний хайртай эхнэр Гала нь насаараа суут зураачийг халамжлан, ээж шиг нь байгаагүй бол Дали суут болох байсан эсэхийг хэлж мэдэхгүй ээ.
1904 оны энэ өдөр буюу тавдугаар сарын 11-нд Испанийн Каталон мужийн жижигхэн хот Фигераст Сальвадор Дали мэндэлжээ. Ер нь Далигийн ертөнцийг энэ жижигхэн хот л бүрдүүлдэг, хотыг тойрох Ампурдан хөндий, загасчдын тосгон Кадак болон Порт лигат хэмээх түүний хувийн байшингаа босгосон жижигхэн газар гээд энэ хотод багтах бүх зүйл Сальвадор Далигийн уран бүтээлийн орчин нь болж дүрслэгддэг. Далигийн уран бүтээл ямар ч сэдэвтэй байлаа гэсэн иргэний дайн ч бай, христын шашны сэдэвтэй ч бай, бүх үйл явдал энэ л хотод өрнөдөг.

Далигийн жинхэнэ нэр бол Сальвадор Хасинто Дали Доменч Куси Фаррес. Түүнээс өмнө төрсөн хүүхэд нь нас барсан учир Далиг гэр бүлдээ тайтгарал авчирч, гэр бүлийн удам угсаагаа аварна хэмээн эцэг нь Сальвадор буюу Аврагч хэмээн нэрлэсэн аж. Дали бага насандаа сэтгэл мэдрэлийн болон бэлгийн амьдралын олон асуудалтай учирч, тэр нь том болох тусам даамжирсан ч, түүний бага нас нэр хүндтэй, дундаж амьдралтай гэр бүлд өнгөрсөн юм. Эцэг эхийнх нь найзууд өндөр боловсролтой, боломж бололцоотой хүмүүс байсны хувьд бяцхан Далигийн зураг зурах хүслийг нь дэмжиж байжээ. Тэрээр багаасаа зурагт суралцан, 14 настайдаа зурсан зурагнаас нь маш авьяаслаг зураач гэдэг нь мэдэгдэж байсан аж. Мөн бага насандаа маш их эрч хүч, энергитэйн зэрэгцээ нэгэн хэвийн бус, учир нь ойлгогдохгүй зан араншинтай байсан аж. Түүний бүх муухай ааш зан, гаргаж буй үйлдлийг эцэг нь тэвчиж чадалгүй уурлан загнадаг байсан бол, ээж нь бүгдийг уучилж, хүүгийнхээ хүссэн бүхнийг хийхийг хичээдэг байв. Үүний улмаас уран бүтээлд нь ээж нь сайн сайхны бэлгэ тэмдэг, харин аав нь муу муухайн бнлгэ тэмдэг болон илэрхийлэгдэх болжээ.

Дали бол дэлхийн урлагийн түүхэн дэх өөрөө өөрийгөө хамгийн сайн рекламдсан зураач байх. Өөрийн бичсэн “Нэгэн суут хүний өдрийн тэмдэглэл”-дээ “Зургаан насандаа би тогооч болохыг хүсч байсан. Харин долоон насандаа Напалеон болохыг хүсч байсан. Энэ үеэс хойш миний амбиц өссөөр байгаа. Иймд өнөөдөр би өөр хэн ч биш, харин Сальвадор Дали л болохыг үнэхээр хүсэж байна” хэмээж байжээ. Дали бүхнээс илүү өөртөө л хайртай байсан. Ийм хүмүүсийг Нарцисс гэх нь бий. Тэр өөрийнхөө тухай маш их ярьж, хувийн тэмдэглэлүүдээ хэвлүүлж, өөрийгөө цорын ганц гэдэгт итгэлтэй байсан. Тэрбээр өөрийгөө бүр эхийнхээ гэдсэнд байхдаа л суут байсан гэдэг байв. Дали ээждээ үнэхээр хайртай байсан бөгөөд 1921 онд түүний эх нас барахад энэ нь түүний хувьд дэндүү хүнд цохилт болсон юм. Гэвч тун удалгүй Дали өөрийн нэг зурган дээрээ “Би ээжрүүгээ нулимж байна” буюу ээж надад ямар ч хамаагүй гэх утгатай аймшигт доромжлолын үгийг бичсэн байдаг. Дали өөрийнхөө шаналлыг иймэрхүү байдлаар гаргасан уу, эсвэл дахиад л сенсаци тарихын тулд ингэсэн үү бид мэдэхгүй ч, харин Далигийн аав түүнийг хэзээ ч дахиж гэрийн босгоороо давуулаагүй юм.

1921-1926 оны хооронд Сальвадор Дали Мадрид руу явж суралцсан бөгөөд тухайн үедээ зураач болоход маш сайн бэлтгэгдсэн байв. Оюутан насандаа яруу найрагч Лорка, кино найруулагч Луис Бюнюэль хоёртой ихэд нөхөрлөж улмаар Луис Бюнюэльтай хамтран “Андалузын нохой” /1929/ киног бүтээжээ. Харин сурах тал дээр Дали “хэт танхай” зангаасаа болж 1926 онд сургуулиасаа хөөгдсөн аж. Үүний дараа тэр хэсэг хугацаанд шоронд орсон боловч энэ нь түүний тухай улам л сенсаци дэгдээж, бараг л хар пи-ар гээч нь болжээ. Урлагийн замд хөл тавьж, өөрийн фантазиа уран бүтээлд буулгахын зэрэгцээ тэр энгийн биш хүний зан авираа улам гаргах болсон юм. Хэдхэн жишээ дурдахад, нэгэн удаа Ромын Паллавичини хатны паркад Дали хүрч ирээд гэрэлтдэг өндөг бариад, чанга дуугаар эртний латин хэлээр үг хэлэв. Мадридад байхдаа Дали Пикассог испани руу хамт явъя хэмээх зорилготойгоор ийнхүү түүнийг олон нийтийн өмнө дуудаж байж “Пикассо испани хүн, би ч бас испан хүн. Пикассо суут хүн, би ч бас суут хүн. Пикассо коммунист, би ч бас биш”. Нью-Йоркод Дали сансрын нисгэгчийн алтан хувцас өмсөөд өөрийн зохион бүтээсэн гэрэлтдэг машины дотроос гарч ирж байжээ. Тэрбээр “Манай эрин үе гэдэг бол тэнэгүүдийн эрин үе, хэрэглээний эрин үе. Имээс энэ тэнэгүүдээс би сааж болох бүх зүйлийг сааж чадахгүй бол хамгийн тэнэг нь байх байсан юм” гэжээ. 1928 онд Сальвадор Дали Парис явж бусад сюрреалистуудтай танилцан туршлага солилцож, 1929 онд тэдний нийгэмлэгт оржээ.

1929 оноос өмнө Сальвадор Далигийн хувийн амьдралд нэг их өөрчлөлт ороогүй юм. Харин 1929 онд тэрбээр дэлхийн түүхэнд Гала буюу францаар баяр хөөр нэрээрээ алдаршсан Елена Дмитриева Дъяконова хэмээх эмэгтэйд дурлав. Елена тэр үед зохиолч Поль Элюарын гэргий байсан бөгөөд нөхөртэйгөө далайн эргээр зугаалж явах үед нь Дали түүнийг хараад анхны харцаар дурлаж, шууд очоод “Чи надтай хамт явах уу” хэмээн асуужээ. Танихгүй эрийн асуултанд орос эмэгтэй юу гэж хариулсан гэж бодно. “Тэгье, хамт явъя”. Ингээд тэд 1934 онд гэрлэж, 53 жилийн турш хамт амьдарчээ. Яг энэ эмэгтэй Далигийн эхнэр, ээж, муза, уран бүтээлийн онгод хөглөгч нь болж явсан юм. Гэвч тэдний гэрлэлт энгийн бус байлаа. Дали ахуйн амьдралаа авч явах чадваргүй ,сэтгэлзүйн асуудлуудтай байсан учир Гала л бүх арын ажлыг амжуулдаг байв. Тэрбээр “Далигийн өглөө хийсэн алдааг би өдөр засдаг” хэмээн ярьж байжээ.

1930 онд Сальвадор Далигийн уран зургууд /”Урсаж буй цаг” г.м/ нь түүнийг нэр алдартай болгожээ.Түүний уран бүтээлийн мөнхийн сэдвүүд нь мөхөл сүйрлээс гадна хүний сексийн шаналал мэдрэмжүүд байдаг нь түүний бага нас блолон сэтгэл судлаач Зигмунд Фрейдын туурвилын нөлөөтэй холбоотой. 1930-аад оны үед Сальвадор Дали улс төрийн үзэл бодлоосоо болж сюрреалистуудтай муудалцав. 1936-1937 оны үед Дали өөрийн хамгийн алдартай зургийн нэг болох “Нарциссын Метаморфоз” уран зургаа зуржээ. Үүний зэрэгцээ түүний “Нарциссын Метаморфоз: Параноид сэдэв” нэртэй ном гарчээ.

1937 онд Дали Сэргэн мандалтын үеийн урлагтай танилцахаар Италийг зорьж, харин 1940 оны үед Францаас Америкийг зорьжээ. Калифорнид өөрийн шинэ урлангаа нээж “Сальвадор Далигийн өөрийнх нь бичсэн Сальвадор Далигийн амьдралын нууц” нэртэй номоо гаргав. Энэ ном нь түүний бичсэн номнуудаас хамгийн сайн нь байсан бөгөөд маш олон шүүмжлэлд өртжээ.1948 онд эх нутгаа ихэд санасан Дали эргээд Испани руугаа буцаж Порт-Льигат хэмээх газартаа байрлаж уран бүтээлээ шашны сэдэвтэйгээр туурвих болов. 1951 оны эхэн үед зурсан “Рафаэлийн тэсэрч буй толгой” бүтээл мөн “Ид шидийн Мистический манифест” номондоо сүнс, сэтгэлийн ертөнц, матери алга болж үрэгдсэн мөнхийн оршиж байх тухай санааг гаргажээ. 1953 онд Ромд гаргасан бие даасан үзэсгэлэндээ 24 уран зураг, 27 эскиз зураг, 102 усан будгийн ажлаар оролцжээ.

1959 онд Дали болон Гала нар Порт Льигатдаа жинхэнэ утгаар өөрсдийн байшинтай болж амьдралаа товхинуулав. Энэ үед Далигийн суутан гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрөхөөр болсон байлаа. Түүний уран зургууд маш үнэтэйгээр зарагдаж, саятан баячуудын хувьд түүний уран зургийг гэртээ өлгөх нь нэр хүнд, стиль имижийн асуудал болов. 1960-аад оны сүүл үед Дали, Гала хоёрын харилцаа муудаж, Гала Далигаар тусдаа амьдарч болох цамхаг авахуулж, тэндээ ихэнхи цагийг өнгөрөөх болов.1973 онд Фигураст “Далигийн музей” хэмээх зураачийн амьдрал, уран бүтээлийг харуулсан сюрреалист музей нээгдсэн нь одоог хүртэл хүмүүний гайхшралыг төрүүлсээр байв. 1980-аад оны үед Испанид болсон улс төрийн тогтворгүй байдал эх оронч Далигийн бие муудахад нөлөөлж, эмч нар түүнийг Паркинсоны өвчтэй болсон болов уу хэмээн сэжиглэж байжээ.

1982 онызургадугаар сарын 10-нд Гала нас барснаар Далигийн хувьд бүр ч том, хэзээ ч эдгэшгүй цохилт болжээ.Тэрээр Галагаа өөрийнх нь гэрээслэснээр Пубольдохь Далигийн авч өгсөн цамхагт оршуулжээ.

1984 оны наймдугаар сарын 30-нд Далигийн гэрт гал түймэр дэгдэж, түүний арьсны 18 хувь нь шатсан аж. 1985 оны хоёрдугаар сард Далигийн бие арай дээрдэж, испанийн “Паис” сонинд ярилцлага өгсөн боловч 1988 оны арваннэгдүгээр сард зүрхний дутагдал өвчнөөр оношлогдон, эмнэлэгт хүргэгдэж, 1989 оны нэгдүгээр сарын 23-нд зүрх нь зогсож, нас баржээ. Түүний цогцсыг тусгай аргаар тослон, цагаан даавуунд ороож, Фигерас дахь музейд нь долоо хоног байлгаж, мянга мянган хүмүүс ирж салах ёс гүйцэтгэсний дараа өөрийнх нь гэрээслэснээр тэнд нь оршуулжээ.


