“Бид +30 градусын халуун орноос -25 градусын хүйтэн оронд ирлээ. Онгоцноос буугаад хотын төв рүү явж байхдаа цасанд хучигдсан сүрлэг том уулсыг хараад бахдах сэтгэл төрсөн. Хэдэн жилийн өмнө бид Монголд тоглолт хийхээр сонирхож байсан учраас танай орны тухай бага зэрэг мэднэ. Агуу түүхтэй орон шүү”. Энэ бол Данийн алдарт “Michael learns to rock” хамтлагийнхны Монголд хөл тавьсан анхны сэтгэгдэл. Сүүлийн хоёр жилийн турш дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчид Монголд тоглолт хийнэ гэх зар, мэдээллүүд залуусыг “баярлуулан гомдоосон”-ыг та санаж буй биз. Харин өнгөрсөн намраас монголчуудын сайн мэдэх “Michael learns to rock” ирнэ гэх мэдээлэлд залуус итгэсний нэг шалтгаан нь Монголын залуучуудын холбоо, “Evento” компани буюу ая зохиогч Б.Долгион, “Шар айраг”-ийн Г.Ганхүүд найдсан хэрэг болов уу.
Өнгөрсөн баасан гариг буюу арванхоёрдугаар сарын 7-нд хийсэн нээлтийн тоглолтыг зохион байгуулагчид ч үзэгч, хамтлагийн урмыг хугалаагүй нь үзэгчдийн сэтгэл хөдлөлөөс харагдсан. Нижигнэсэн алга ташилт, дуу бүрийг нь алдалгүй дагаж дуулах… “Michael learns to rock” хэд хоногийн өмнө фэйсбүүк хуудастаа “Бид дулаан хувцсаа сайтар зэхсэн. Монгол хэдий хүйтэн ч сэтгэлд дулаан хүмүүс угтан авна гэдэгт итгэлтэй байна” хэмээн бичсэн юм. Монгол тэдний хүлээлтэд нийцсэн болов уу. Гадаа төдийгүй "УБ Палас" дотор ч бага зэрэг сэрүүн байсан ч үзэгчдийн дулаан, дотно уур амьсгал илчтэй байв.
Тоглолтын тасалбарыг суудлаас шалтгаалж 40, 60, 80 мянган төгрөгөөр худалдаалсан нь дэлхийд нэр хүндтэй хамтлагийн хувьд доогуур үнэ ч монголчуудын хувьд бага тоо биш. Гэсэн ч эзэнгүй суудал бараг байгаагүй нь “Michael learns to rock”-ын Монгол дахь орон зайг илтгэнэ. Хэдийгээр тоглолт яг цагтаа буюу 19:00-т эхлэх тухай хэд хоногийн өмнөөс мэдээлсэн ч үзэгчид хожимдож ирсээр 20.00 цагт албан ёсоор эхэллээ.
“Take me to your heart”, “Nothing to lose”, “Paint my love”, “Sleeping child”… Тэдний хит дуунууд үргэлжилж, үзэгчид дагаж дуулан танхим тэр аяараа нэгэн цул болсон мэт. Тэд хөтөлбөрийн дагуу 14-15 дуу дуулж, яг 90 минутын дараа тоглолт дууссан. Гэхдээ хүндтэй хамтлагаа үзэгчид тийм ч хурдан үдэхийг хүссэнгүй. Нижигнэсэн их алга ташилтын дараа “Michael learns to rock”-ынхон дахин тайзнаа заларч, “Take me to your heart” тэргүүтэй гурван уран бүтээлийг хүргэв. Энэ дуу зөвхөн монголчууд төдийгүй дэлхийн олон залуусын хамгийн дуртай бүтээл гэж хэлж болно. Магадгүй олон хосын сүлд дуу биз. 2006 оны шилдэг дууны нэгээр тодорч, дэлхий даяар нийт зургаан сая хувь татагдсан нь үүний жишээ.
“Eurovision” наадамд 1988 онд дөнгөж байгуулагдсан залуу хамтлаг оролцжээ. Тэд өөрсдийгөө сорихоор уг наадамд орсноос биш, түрүүлнэ гэж огт бодоогүй гэдэг. Сүүлийн шатанд үлсэн хамтлагт нэр хэрэгтэй болоход тэд бүгдээрээ Майкл Жексоны фэн байсан учраас “Michael learns to rock” хэмээн нэрлэсэн аж. Үүнээс хойш тасралтгүй уран бүтээл туурвиж буй тус хамтлаг нийтдээ 11 сая гаруй хувь цомог борлуулснаас дийлэнх нь Азийн зах зээлд ноогддог. Үүний учрыг хамтлагийнхан ч мэддэггүй тухайгаа нэгэн ярилцлагдаа өгүүлсэн нь бий. “Бид Азид маш олон фэнтэйгээ мэдээд анх тун гайхаж байлаа. Ази тивд анхны тоглолтоо хийсний дараа бараг л шоконд орсон гэж хэлж болно. Бид дани хүмүүс. Хоёр дахь хэл буюу англиар дуулдаг. Тэр нь Азиудад илүү сайн хүрнэ гэдэг сонирхолтой хэрэг” хэмээн хамтлагийн ахлагч дуучин Жаша Рихтер ярьжээ.

Тэрбээр хамтлагийн ихэнх дууны үгийг бичдэг бол бөмбөрчин Кере Ваншер, гитарчин Миккел Ленц нар шүлгийг засах, ая зохиох ажлыг голчлон хийдэг аж. Европын хөгжмийн хүндтэй наадмууд, Сингапурын “Грэмми”-д тэд шилдгээр шалгарч, алт болон платинуим цомгийн эзэд болсон. Алдартай хамтлагийн гишүүдийн хувьд тэд тун ч даруухан болохыг Монгол дахь тоглолтыг зохион байгуулагчдын нэг Г.Ганхүү ярьсан юм. “Алдартай хамтлагууд өрөөнд 100 ширхэг сарнай байх, Кадиллак загварын машин хөлөглөх гэх мэт олон шаардлага тавьдаг бол тус хамтлаг тэгээгүй. Ирүүлсэн хүсэлтэд нь ямар брэндийн уух зүйлс өрөөнд байх, бөмбөрийн хөл ямар байх зэрэг энгийн шаардлага” байсан хэмээн манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан. “Michael learns to rock” ч энгийнээс энгийн байхыг чухалчилдгаа хэлдэг. Магадгүй энэ нь тэднийг бага зэрэг уйтгартай харагдуулдаг ч байж болох юм. Монгол үзэгчдийн хувьд хамтлаг, дуучид тоглолтын үеэр үзэгчдэд үг хэлэх, уриалахад дассан байдаг.

Харин тэднээс иймэрхүү үйлдэл огт гарсангүй. Тайзнаа гарч ирж дуугаа дуулна, ямар нэгэн хошигнол, мэндчилгээг цөөнгүй үзэгч хүлээсэн болов уу. “Бидний хамтдаа өнгөрүүлж буй 20 гаруй жил юутай ч зүйрлэмгүй баяр баясгалан, аз жаргал. Хамгийн чухал нь хөгжим. Бид өөрсдийнхөө тухай, хувийн амьдралаа тэр бүр дэлгэдэггүй. Ингэснээр сонсогч, үзэгчдийн хамаг анхаарлыг зөвхөн хөгжимдөө төвлөрүүлж чадна. Тэр зорилгодоо ч хүрсэн гэж боддог” хэмээн хамтлагийхан хэлсэн юм.
Ая зохиогч Б.Долгион “Дэлхийн алдартай хамтлагийн тоглолт ямар байдгийг залуус үзэх хэрэгтэй” хэмээн зөвлөж байсан. Тэгвэл алдарт “Michael learns to rock” энгийн хэрнээ сэтгэл татам болж өнгөрлөө. Амьд хөгжим, дуугаралт, дуучин Жашагийн гоцлол нийлэн "УБ палас"-ын танхимыг зөөлөн, дулаан уур амьсгалтай болгож, үзэгчдийг ойворгон хөөрөлд автуулах бус, сэтгэлд дотно, нандин мэдрэмжээр хөглөж чадсан. Баярлалаа, “Michael learns to rock”.
Э.Ийнгаа