Арав дахь удаагаа болж буй драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза” олон улсын наадмын шилдгүүд өнөөдөр тодорно.
Гэгээн Муза Академиас санаачлан зохион байгуулж байгаа уг наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр "Макс" групп ажиллаж байгаа бөгөөд "Гацуурт" ххк хоёр дахь жилдээ ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна. Мөн ССАЖЯ, Олон Улсын театр институтын Монгол дахь төв, УДЭТ, Улсын хүүхэлдэйн театр, Монголын урлагийн ажилтны холбоо, Хүүхдийн төлөө газар, Sound of Mongolia, Монголын дизайнеруудын холбоо гэх мэт олон арван байгууллагууд уг наадамд нэгдсэн юм.
Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутаг, олон улсын театруудын 2012 онд бүтээж үзэгчдийн хүртээл болгосон 11 жүжгийн 70 гаруй уран бүтээлчдээс гадна ОХУ, Канад, Македон, Косово, Серби зэрэг улсын уран бүтээлчид наадамд нэр дэвшин өрсөлдөж байгаа ажээ.
Мөн “Гэгээн Муза” олон улсын наадам өмнө нь драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн гурван үндсэн төрлөөр явагддаг байсан бол энэ жилээс эхлэн инээдмийн жүжиг, нэг хүний жүжиг хэмээх хоёр төрөл нэмэгдэн дуулалт жүжгийн төрөл хасагдаж үндсэн дөрвөн төрөлд шилдгүүдээ тодруулах бөгөөд ОХУ-аас театр судлаач, найруулагч нар хүрэлцэн ирж манай улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм.
Ийнхүү олон улсын театрын баярын өдрөөр арав дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Гэгээн муза” олон улсын наадам УДЭТ-ын алтан тайзнаа болох бөгөөд улаан хивсний ёслолоор 19:00 цагаас эхэлж шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 20.00 цагаас үргэлжилж шилдгүүдээ тодруулах юм.
Ингээд та бүхэндээ “Гэгээн Муза 2012” наадамд нэр дэвшиж буй уран бүтээлүүдийг танилцуулж байна
Драмын жүжгийн төрөлд:
УДЭТ-ын бүтээл У.Шекспир “Гамлет”
УДЭТ-ын бүтээл Б.Галаарид “Эсрэг дурлал”
Архангай аймгийн ХДТ-ын “Тамын дурлал”
“ТВ Коктейль” продакшны “Хоёр ертөнцийн буудал”
Инээдмийн жүжгийн төрөлд:
Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Скапений дамшиглал”
Ховд аймгийн ХДТ-ын бүтээл “Аргагүйн эрхэнд оточ”
“Дорнод нутаг” клубын бүтээл “Найрын ширээний ууц”
Хүүхдийн жүжгийн төрөлд:
Улсын хүүхэлдэйн театр “Лусын хааны охид”
Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Нарыг хэн хулгайлсан бэ”
Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполтинод тохиолдсон адал явдал”
Нэг хүний жүжгийн төрөлд:
“Бурханд илгээсэн захидал”
“Би Эдип Пиаф байна”
“Цонхоор харсан хүн”
“Хоосон зүүд” жүжгүүд тус тус өрсөлдөх юм.
Ингээд нийт нэр дэвшигчиддээ болон театр урлагийн бүх уран бүтээлчдэд "Олон улсын театрын баяр"-ын өдрийн мэндийг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn