“Ногоон бүс” киноны “аварга эр”-ийн дүрээр дэлхий дахинаа танил болж, “Оскар”-т нэр дэвшиж байсан жүжигчин Майкл Кларк Дункан өнгөрөгч оны есдүгээр сард зүрхний шигдээс өвчний улмаас таалал төгссөн билээ. Харин түүний гэр бүлийнхэн нэр жүжигчний үхэлд найз бүсгүй Омароса Манигаултыг буруутгаж буй тухай мэдээлэл хөврөх боллоо. Майкл нас барахынхаа өмнө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Гэвч өмнө нь огт өвчин хэлдэггүй байсан түүний бие сүүлийн ганцхан сарын дотор эрс дордсонд гэр бүлийнхэн нь түүний найз бүсгүйг буруутгаж буй гэнэ. Майклын эгч Жюди Дункан саяхан TMZ-д өгсөн ярилцлагадаа “Бид хэргийн талаар өмгөөлөгчид хандах болно. Омароса ганцхан Майклаас мөнгөний дэмжлэг авдаг байсан төдийгүй дүүг маань бидэнтэй зөвлөлгүйгээр мөнгөтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргахад хүргэдэг байсан” гэжээ.Харин өөрийнх нь талаар хийсэн мэдэгдлийг нэрт жүжигчний найз бүсгүй эрс үгүйсгэж, “Ямар нэг заль хэрэглэж хүнээс мөнгө авах нь гэмт хэрэг шүү дээ” хэмээгээд, Жюдийг учир утгагүйгээр өөрийг нь гүтгэсэн гэж үзжээ.