Хошин урлагийнхан ч гэсэн драмын жүжиг тоглож чаддаг гэдгийг баталж “Х ТҮЦ” хамтлагийнхан үзэгчдэд “Хориотой жүжиг”, “Аянгын бороо” бүтээлүүдээ толилуулсан нь амжилтад хүрч, олны таашаалд нийцсэн. Тэгвэл тэд өчигдөр “Сэрүүн хасын нууц” нэртэй орчуулгын эмгэнэлт жүжгийн нээлтээ хийлээ.
Энэхүү жүжигт хайртай хосыг салгаж, хэвлийд нь тээсэн үрийг нь төрсөн эхээс нь салгаж, арга заль зохион охиноо баян айлын хүүтэй гэрлүүлдэг нэгэн вангийн гэр бүлийн тухай өгүүлнэ. Тэд охиноо амьдын тамд унагаж, амиа хорлоход хүргэснээ эцэст нь ойлгосноор эл жүжиг дуусна.Тус эмгэнэлт жүжгийн найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж ажилласан бол гол дүрд Төрийн шагналт Н.Сувд, гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал болон жүжигчин Н.Ялалт нар урилгаар тогложээ. Тус жүжгийн нээлтэд драмын театрын уран бүтээлчид олноороо ирсэн байлаа.“Сэрүүн хасын нууц” жүжиг нь Тайванийн “Хуаньжу Гэг”, “Шиврээ бороо, шимшрэх сэтгэл” киноны зохиолч Чюн Яогийн “Сюэкө бүсгүй” зохиол юм байна.Тус жүжиг СТӨ-нд өдөр бүр 19 цагаас тоглогдох бөгөөд та бүхэндээ жүжгийн зурагуудаас хүргэж байна.
www.URLAG.mn