Монголын олон сайхан бүсгүйчүүд эх орныхоо нэрийг дэлхийд тунхагласаар байгаа билээ. Тэдгээрийн амжилтын буухиаг үргэлжлүүлж "Андра" агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа Сөүл хотноо энэ сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож эхний тавд шалгарч тусгай байрын шагнал хүртжээ.
Б.Билгүүнзаяагийн хувьд 19 настай бөгөөд “Монголын Сайхан бүсгүй-2011” тэмцээний дэд байрын эзэн юм. Тавин орны 50 сайхан бүсгүй гоо сайхан, авьяас чадвараараа өрсөлдсөн “Miss Asia Pacific World 2013″ тэмцээний тэргүүн байрын титмийг Энэтхэгийн гоо бүсгүй Шристи Рана хүртсэн байна. Харин дэд байранд Египт, гутгаар байранд Казахстан, дөтгөөр байранд Оросын гоо бүсгүйчүүд тус тус шалгарчээ. Шристи Рана тэргүүн миссийн титмийг хүртсэнээр цаашид олон улсын хэмжээнд загвар өмсөх, сурталчилгаанд оролцох, кинонд тоглох эрхтэй болсон байна. Ингээд нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргье.