Монголын үзэгчдэд сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийг таниулах, сурталчлахад авьяас билгээ зориулж буй “Nomadic ballet” продакшныхан 11-р сарын 27-нд Соёлын төв өргөөд “Кармен Сюит” сонгодог бүжгэн жүжгийг толилуулах бол 12-р сарын 1-нд “Кармен” контемпорари балетыг тоглох гэж байна. Харин энэ удаа “Кармен” контемпорари балетын гол дүрд Карменд ДБЭТ-ын тэргүүн гоцлооч, Гавьяат жүжигчин Б.Саруул “хувирна”.
Хөгжим бүжгийн коллежийг 2007 онд төгссөн Б.Саруул 2005 оноос ДБЭТ-ын босгыг давж, 2007 оноос балетын тэргүүн гоцлоочоор ажиллаж буй. Тэрбээр П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын Одетта, Оделлия, “Щелкунчик”-ийн Маша, “Нойрсож буй гүнж”-ийн Аврора, “Франчиска да Римини”-гийн Франческа, А.Аданы “Жизель” балетын Жизель, Л.Минкусын “Дон Кихот”-ын Китри, А.Хачатуряны “Спартак”-ийн Фригия, Р.Щедриний “Кармен-сюит” балетын Кармен, Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй”-н Сванильда, Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг”-ийн Мария, Н.А.Римский-Корсаковын “Шехерезада” балетын Гульнара, Ф.Херольдын “Дэггүй Лиз”-ийн Лиз, З.Хангалын “Эрдэнэсийн охид” балетын Мөнгөн дагина, Ж.Чулууны “Уран хас”-ын Хандармаа, Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой”-н Нансалмаа, Э.Чойдогийн “Чойжид дагина”-ын Чойжид дагина, “Шарилжин дундах цэцэг”-ийн Урангоо, Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго балетын Сүндэр зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний балетын гол дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч юм.