2017 оноос УДБЭТ-т хүчин зүтгэж буй басс баритон Х.Бямбарагчаа “Россини опера” фестивалийн зохион байгуулагч, Италийн сонгодог дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн, маэстро Эрнесто Паласиогийн зүгээс L’Accademia Rossiniana “Alberto Zedda” академид уригджээ.
Тодруулбал, Италийн нэрт хөгжмийн зохиолч Жоаккино Россинигийн 1792 онд төрсөн Пезаро хотод үйл ажиллагаагаа явуулж буй “Альберто Зедда” Россинигийн академи нь Итали болон дэлхийн олон орноос сонгон шалгаруулсан залуу авьяастнуудад зориулсан сонгодог дуурийн урлагийн маш нарийн мэргэшлийн сургалтыг зохион байгуулдаг аж.
Жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс дуурийн залуу дуучдаас энэхүү наадамд хэдэн зуун өргөдөл илгээдэг бөгөөд сонгогдсон оролцогчид нь “Жованни фестиваль”-ийн хүрээнд Россинигийн дуурийн наадамд зориулан тавигддаг “Иль виагжо а Реймс” жүжгийг бүтээхэд оролцох гайхамшигтай боломж нээгдэнэ гэсэн үг юм.
Мөн Россинигийн дуурийн наадмын хүрээнд оюутнууд “Concerti al Museo”, “Museo Nazionale Rossini” буюу Россинигийн үндэсний музейд зохиогддог тоглолт, “Rossini Salons” зэрэг орон нутгийн түүхэн төвүүдэд цуврал концертын гол дүрүүдэд дуулахаас гадна дипломат төлөөлөгчийн газрууд, Италийн Соёлын хүрээлэнтэй хамтран зохион байгуулдаг олон улсын арга хэмжээнд оролцдог байна.
Дуучин Х.Бямбарагчаа нь Монгол Улсын Гавьяат багш, Монгол Улсын Консерваторийн хүндэт профессор Ц.Ерөө, хүндэт профессор Д. Эрдэнэчимэг, СУИС-ийн Сонгодог урлагийн тэнхмийн эрхлэгч, хүндэт профессор Т. Энхтуул нарын шавь аж. Тэрбээр сүүлийн гурван жилийн турш Монгол Улсынхаа сонгодог дуурийн урлагийг нэр төртэй толлилуулж ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын томоохон уралдаанууд болох “Орфей-2023” ЗХУ-ын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Муслим Магомаевын нэрэмжит Чечений олон улсын дуулаачдын VI дахь уралдаан-наадамд тэргүүн байр, ОХУ-ын Хөгжмийн зохиолчдын ордонд олон улсын хөгжмийн “Solveig” төв, Москвагийн хөгжмийн зохиолчдын холбооноос явуулдаг нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XIII дахь уралдаанд тэргүүн байр, Москвагийн алдарт олон улсын хөгжмийн ордонд олон улсын “Опера Глобус артист менежмент” агентлагаас зохион байгуулсан “Grand stage awards” олон улсын дуурийн дуучдын анхдугаар уралдаанд дуулж тэргүүн байрын шагнал, Алжир улсын Россотрудничество, “Оросын Соёл, урлагийн сан”-гаас хамтран зохион байгуулсан Оросын дуурийн анхдугаар наадамд тусгай байрын шагнал гардаж байв.
Х.Бямбарагчаа Ж. Пуччинигийн “Богема”, “То́ска” дууриуд , Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж”, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, А.П.Бородины “Игорь Ван”; Ж.Вердийн “Макбет” , П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриудад дүр бүтээсэн уран бүтээлч бөгөөд хамгийн сүүлд УДБЭТ-т В.А.Моцартын “Увдист лимбэ” дуурьт Папагеногийн дүрийг бүтээсэн юм.