Бид амьдралынхаа турш ханилсан хүнээ эхнэр, нөхөр гэдгээр нь мэдэхээс биш, тэдний дотоод хүсэл эрмэлзэл, гал цогтой мөрөөдөлд тоомжиргүй ханддаг юм биш биз. Магад энэ харалган байдлаа хайр сэтгэлтэйгээ хутгаж, хамтын амьдралаа зөвхөн нэгнээ эзэмших хүсэл болгоод, дэргэдэх ханийнхаа амрагийн дүрд тоглодог хүүхэлдэй болж хувирах нь харамсалтай биш гэж үү. Ричардыг ажилдаа явахад Сара өдрийг нууц амрагтайгаа өнгөрүүлэх тухай хэлнэ. Ажлаа тараад гэртээ ирсэн Ричард, Сара хоёрын дэндүү задгай, хэтэрсэн гэмээр тоглоом ингээд эхэлж байна.
Их Британийн найруулагч, Нобелийн утга зохиолын шагналт Харольд Пинтерийн “The Lover” жүжгийг УДЭТ-ын тайзнаа өнгөрөгч арваннэгдүгээр сард анх толилуулж байв. Харин өнгөрөгч лхагва гарагт дахин тайзнаа “амилуулсан”-ыг үзэж сонирхлоо. Жүжиг үндсэн хоёр гол дүртэй. Нийт таван үзэгдэлтэй боловч жүжгийн үйл явдал Ричард, Сара хоёрын гэрт өрнөдөг. Харин тэдний төсөөллийн дүрүүдэд УДЭТ-ын студи ангийн жүжигчид ажиллажээ. “The Lover” анх 1962 онд телевизээр үзэгчдэд хүрч байж. Хэрэв уншигч та санаж буй бол одоогоос 10 жилийн өмнө Харольд Пинтерийн зохиолоос сэдэвлэсэн “Өчигдөр” хэмээх жүжгийг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулж, гол дүрд Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, Соёлын тэргүүний ажилтан М.Тогтохжаргал нар хамтран ажиллаж байв. Харин энэ удаагийн “The Lover: Хайр хэнд хэрэгтэй вэ?” жүжгийг Соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Г.Ган-Очир найруулж, Сарад Б.Золзаяа, М.Тогтохжаргал, Ричардын дүрд жүжигчин Ц.Рагчаа, О.Майдарравжаа нар ажилласан юм. Валентины өдөртэй холбоотойгоор энэ хотод хайр дурлалын уур амьсгал хэдийн оржээ. Ийм гэгээн үдэш “The Lover”-ийг үзэхээр театрыг зорилоо.
Жүжиг товлосон цагаасаа 20 минут хожимдож эхлэв. Ямар ч үзвэр эхлэхээс өмнө үзэгчид эгнээ, суудлаа эзэлсээр таардаг. Гэтэл энэ дунд танил царай үзэгдсэн нь Ричардад тоглож буй О.Майдарравжаа баруун хаалгаар орж ирээд, урд эгнээнд суух нь тэр. Дээр дурдсанчлан, гол дүрийн жүжигчид өдөр өдрөөр ээлжлэн тоглож буй. О.Майдарравжаагийн ээлж дараагийн тоглолтод таарах тул бэлдэж байгаа нь энэ болов уу гэж таамаглалаа. Жүжгийг хэдэн үгээр тодорхойлбол, хошин, хурдтай, огцом гэнэ. Найруулагч Г.Ган-Очир бүжиг дэглээч тул жүжигтээ хөдөлгөөний элементүүдийг шингээж, энэ тал дээр удирдаж ажиллах болов уу гэсэн таамаглал байсан. Энэ нь ч зөв байв. Дэлхийн сонгодгуудыг бодвол “The Lover” найруулга, агуулгын хувьд тэс өөр зохиол. Гэхдээ жүжигт зай засваргүй хэт олон хөдөлгөөн, хурдан шилжилтүүд ашиглах нь зохиолын утга санааг бүдгэрүүлэх, өнгөц, хөнгөмсөг болгож, үзэгчдийг төөрөгдүүлж, уйдаадаг талтай. Гол нь энэ бүгдийг урлаг талаас зохимжтой найруулах нь чухал. Тэгэхээр ийм сорилт Г.Ган-Очирын өмнө тулгарсан гэсэн үг. Харольд Пинтерийн “The birthday party”, “The homecoming”, “The dumb waiter” зэрэг жүжгийн зохиол нь алдартай бөгөөд түүний бүтээлүүд илүү абсурд шинжтэйгээрээ онцлог. Хүний сэтгэл зүйн зөрчил, диалоги, орчны нөхцөл байдлыг чухалчилж, түүнийг шингээдэг хэмээн тодорхойлбол зохимжтой. 2014 оны “Өчигдөр” жүжгээс ялгаатай нь “The Lover” динамик, “галзуу” гэмээр олон хэсэгтэй ба үүнийг тодотгохдоо найруулагч дилоги, хөдөлгөөнд тулгуурласан байна. Хошин, инээдмийн байдлыг хадгалахдаа зарим үед монголчуудын цахим сүлжээнд тархаж, олон нийтэд хоногшсон үг хэллэг, харилцан яриаг энд шигтгэсэн нь манай үзэгчдэд ч нэлээн хүрэх шиг боллоо. Харин хөдөлгөөний найруулгын хувьд зарим үед үзэгчдийг залхаахуйц угсраа шийдэлтэй байсныг дурдах хэрэгтэй.
Эл жүжгийг дахин тайзнаа тоглох тухай мэдээлэл цацагдах үе буюу өнгөрсөн сард гол дүрийн жүжигчидтэй уулзахаар УДЭТ-ыг зорьсон юм. Удахгүй урин дулаан цаг ирнэ. Хавар, намрын улиралд театр “амь ордог” нь удаан хүлээсэн үзэгчдийн оюун санааг тэтгэдэг зүйл шүү дээ. Тиймээс театруудын шинэ жүжгийн бэлтгэл одоо ид өрнөж байгаа. Харин УДЭТ ирэх сард шинэ жүжиг толилуулж, найруулагчаар нь Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, гол дүрд нь жүжигчин О.Долгор тоглох тухай сонсоод амжсан. Харин саяхан эл жүжиг нь Нобелийн шагналт зохиолч Южин О’Нилийн зохиолоос сэдэвлэсэн “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” хэмээх нэртэйг зарласан ба гол дүрд О.Долгороос гадна “Вронский” Т.Сэргэлэн ажиллах аж. Ийнхүү тайзны арын өрөөнд Сара Б.Золзаяа, Ричард Ц.Рагчаа нартай ярилцсан юм. Жүжигчин Б.Золзаяа “Жүжигт хоёр гол дүр бий ч энэ дунд төсөөллийн дүрүүд мөн гарч ирнэ. Хосын амьдрал өнгөндөө аз жаргалтай мэт харагдаж буй боловч үүний цаана зөрчилдөөн, маргаан үргэлж байдаг. Байнга муудалцах хосын цаана ч аз жаргал нуугдаж буй. Энэ хоёр зэрэгцэн оршиж байж л гэр бүлийн харилцаа илүү содон, адал явдалтай байдаг болов уу” гэсэн бол жүжигчин Ц.Рагчаа “Жүжгийн үйл явдал цомхон хүрээнд өрнөж буй мэт боловч гэр бүл дэх нийтлэг асуудлыг хэтрүүлэгтэй, хошин байдлаар өгүүлэх юм. Түүнчлэн хөдөлгөөн, мюзиклийн элементүүд шингээсэн тул үзэгчдийг уйдаахгүй. Бид “Хайр хэнд хэрэгтэй вэ” гэдгийг өөрсдийн өнцгөөр толилуулна. Харин үүнийг үзэгч бүр өөрөөр тунгаах байх. Учир нь хүн бүрийн амьдрал өөр шүү дээ” гэсэн юм.
Пинтерийн жүжгүүд дэх хурцадмал, эсвэл оньсого шиг тааварлашгүй нөхцөл байдлуудыг жүжигчид диаологи, хөдөлгөөнөөр “үүрч” гарав. Б.Золзаяа, Ц.Рагчаа нар энэ жүжигт нэг цул болжээ. Жүжигчдийн сонголт оновчтой байлаа. Нэгнийхээ төсөөлөлд л “ургуулчихсан” нууц амраг, Ричард, Сарагийн өөрсдийн хэн гэдгээ хайх эрмэлзэл бүхэн нь тэднийг зөрчилдөөнд хүргэж буй. Хошин шогийн элемент жүжигт шингэсэн байж болох ч гэрлэлт бол инээдэм, наргиа биш билээ. Ричард гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөдөг, эхнэрээ өөр эртэй байхыг зөвшөөрдөг нэгэн байж болох. Гэвч үүний цаана ямар тоглоом байгааг, энэ тоглоомд ялагдсанаараа хэн нь үнэн төрхөө илчлэхэд хүрэхийг, гэр бүл бологсод нэгнийхээ хүлээлтэд хүрэхийн тулд дүр бүтээж байдаг тухай “The Lover”-т өгүүлнэ. Мөн хайрыг эзэмших, өмчлөх хүслээс ангид байлгахын чухлыг энэ жүжгээс үзэх боломжтой юм.
Эх сурвалж: “ӨНӨӨДӨР” сонин