“Валлеттад сонирхолтой, өнгөлөг үзэсгэлэн дэлгэлээ. Энэ нь Монголын гүн ухаан, Берлиний урлаг, уран бүтээлийн эрч хүчийг Мальтагийн өнгө аястай нийцүүлсэн нэгтгэл юм” гэж 90 жилийн түүхтэй, өдөр тутмын “Times of Malta” сонинд бичжээ.
“A colourful Cabinet of Curiosities opens in Valletta” хэмээх гарчигтай тус нийтлэлд өгүүлсэн үзэсгэлэн нь монгол зураач OtGO нэрээр алдаршсан Э.Отгонбаярынх.
Газар дундын тэнгисийн төв хэсэгт орших Мальта улсын нийслэл Валлетта хотод зохион байгуулж буй энэхүү соёлын арга хэмжээг онцлох олон шалтгаан бий. Юуны түрүүнд тус улсад Монголын уран бүтээлчийн, тэр дундаа монгол зургийн аргаар туурвидаг зураачийн бие даасан үзэсгэлэн анх удаа болж буй.
Энэ сарын 16-нд нээсэн үзэсгэлэнд сүүлийн 12 жилийн хугацаанд бүтээсэн миниатюр бүтээлүүдээс эхлээд хэдэн метр урт панорам зураг хүртэл багтсан аж. Эдгээр бүтээлд олон улсын төрөл бүрийн маркийг сонирхолтойгоор ашиглан уран зурагтайгаа өнгө хоршуулсан нь тун өвөрмөц шийдэл гэдгийг “Times of Malta”-д онцлон тэмдэглэсэн байна.
Энэ талаар Э.Отгонбаяртай цахим шуудангаар холбогдон тодруулахад тэрбээр багаасаа марк цуглуулдаг байсан бөгөөд “Энэ бол зүгээр нэг уран зургийн үзэсгэлэн биш, олон улсын маркны үзэсгэлэн юм. Маркуудын дийлэнх нь 30 гаруй жилийн түүхтэй. Бүр 100, үүнээс “өндөр настай” марк ч байна. Би уран бүтээлдээ ашиглах маркуудад маш их ач холбогдол өгдөг. Учир нь тус бүр өөрийн өвөрмөц түүхтэй. Түүнчлэн бүтээлүүдийн минь үзэл баримтлал бол даяаршил бүх зүйлийг адилхан болгож байна. Үүний үр дагавар нь бид өвөрмөц байдлаа алдахад хүрч буйг эргэцүүлэн бодоосой гэдгийг бүтээлүүдээрээ дамжуулахыг хүсдэг” гэж зураач залуу онцоллоо.
“Би дэлхийн хамгийн хүйтэн бүс нутгийн нэг болох Монголоос ирсэн. Мальта, Монгол хоёрыг холбох нэг зүйл бол нар. Монголд хэдий хүйтэн ч жилийн турш нарлаг, Мальта шиг цэлмэг тэнгэртэй. Мальтад бие даасан үзэсгэлэн зохион байгуулж буй минь хоёр улсын соёлын харилцаанд шинэ түүх эхлүүлнэ гэж найдаж байна” хэмээн өгүүлсэн зураач Германы Берлин хотод 20 гаруй жил амьдарч буй нь уран бүтээлд нь ихээхэн нөлөөлсөн хэдий ч оюун санааны гол цөм нь Монголын соёлын өв хэвээр буйг туурвилууд нь батална.
Германы зураач, судлаач, зохиолч, Мальта дахь эл үзэсгэлэнгийн куратор Томас Эллер “Э.Отгонбаярын бүтээлүүд утга, үйл явдлын давхаргуудаар сүлжсэн цогц бүтэц болж хувирдаг. Түүний бүтээл олон талаараа давталттай, нэгэн ёсны бясалгал байдаг. Тэрбээр бурхны дүр бүтээдэг эртний уламжлал болон монгол зургийн аргыг хослуулдаг” гэж онцолсон байдаг.
Ташрамд өгүүлэхэд, Э.Отгонбаярын эдгээр бүтээлүүдийг ирэх есдүгээр сард Молдова улсад дэлгэх юм байна.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин