Холливудын хамгийн өндөр үнэтэй жүжигчдийн нэг Шарлиз Терон өнөөдөр 50 нас хүрлээ. Тэрdээр 1975 оны энэ өдөр буюу наймдугаар сарын 7-нд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Бенони хотод төржээ.
Түүний бага нас аз жаргалгүй өнгөрсөн гэдэг. Учир нь тэрбээр байнга шарлаж, өвчин туссаар урд талын бүх шүд нь унаж, 10 настайдаа л бүтэн шүдтэй болжээ. Шарлизыг 15 нас хүрэхэд ээж нь архичин аавыг нь буудан хороосон юм. Шүүхээс аргагүй хамгаалалт гэж үзэн, хорих ял өгөөгүй аж.
Терон 13 настайгаасаа сургуулийн дотуур байранд амьдарчээ. 16 настайдаа харин моделийн гэрээ байгуулж, ээжийгээ дагуулан эхлээд Европ, дараа нь АНУ явсан юм. АНУ-д ирээд балетын сургуульд орлоо.
1994 онд ээж нь түүнд Лос-Анжелес орох нэг талын тасалбар авч өглөө. Терон эхлээд хямд буудалд амьдарч, хагас өлсгөлөн байдалтай байв. Банканд нэг удаа хэрүүл хийж байгаад Холливудын агент Жон Кросбигийн нүдэнд өртжээ. Жон түүнийг жүжигчний сургуульд оруулсан юм. Ингээд 1995 онд тэрбээр анхныхаа кинонд тоглосон байна.
Харин “The Devil’s Advocate” кинонд тэрбээр Аль Пачино, Киану Ривз нартай тоглосноор үзэгчдийн танил болж байв.

“Mighty Joe Young” кинонд Шарлиз Терон асар том Жо хэмээх сармагчныг халамжлан, хамгаалдаг залуу эмэгтэйн дүрд тоглосон.


2003 оны “Monster” кино түүнд Шилдэг эмэгтэй жүжигчний “Оскар”, “Алтан бөмбөрцөг” шагнал авчирсан.




2015 онд “Mad Max: Fury Road” кинонд тэр Фүриосагийн дүрд тоглосон. Зураг авалт маш хүнд хэцүү байсан тул Терон энэ дүрээсээ гарч чадахгүй маш удаан байсан гэнэ. Зураг авалт 2001 онд эхлэх ёстой байсан ч есдүгээр сарын 11-ний аллага, дараа нь Иракийн дайн саад болсон. Энэ хооронд гол баатарт тоглох ёстой байсан Мэл Гибсон хөгширч орхисон. Найруулагч Жорж Миллер 2011 онд л зураг авалтаа эхлүүлсэн юм. Ингэж явсаар кино 2015 онд гарч, тэр жилийнхээ шилдэг киногоор шалгарсан билээ.



