Монголын хип хоп урлагийн алдарт “Lumino” хамтлаг анхны бие даасан “The one” тоглолтоо наймдугаар сарын 16-н буюу энэ долоо хоногийн бямба гарагт “Social pay park”-т зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан тоглолтынхоо хэвлэлийн хурлыг зохион байгуулж, үзэгч сонсогчдодоо зориулан мэдээлэл өглөө.
“Тайз, дэлгэцийг төгс хослуулсан тоглолт зохиохоор хичээн ажиллаж байгаа”
“Lumino” хамтлагийн гишүүн Skitzo буюу Д.Анхбаатар: Манай хамтлаг 27 жилийн түүхэндээ анх удаа хамгийн том тоглолтоо хийх гээд байж байна. Бид өнгөрсөн жилээс тоглолтдоо бэлдэж эхэлсэн. Тоглолтын үеэр 44 дуу дуулна. Тайз, дэлгэцийг төгс хослуулсан тоглолт зохиохоор хичээн ажиллаж байгаа. Тоглолтын тайзыг Японы инженерүүд зөвлөж, бүтээсэн.
Өмнөх тоглолтуудад үзэгчдийн дунд том асар барьчхаад хаадаг байсан бол энэ удаад арай өөрөөр шийдсэн. Монголд болж байсан тоглолтуудын алдаанаас сургамж авч хамгийн сайхан тоглолт хийхийг хүссэн. Манай хамтлаг оршин тогтнох хугацаандаа ганцхан удаа тоглож магадгүй учраас “The one” гэж нэрлэсэн. Хөгжимчид маань илүү гоё баяжуулж тоглож байгаа. Амьд хөгжмийн хэсэг маш сонирхолтой болох байх. Тоглолтын Fanzone хэсэг тайзтай хамгийн ойрхон нь учраас гоё байдаг.
Манай дуунуудыг үзэгчид дагаж дуулдаг учраас дуучны хэрэгцээ их гардаггүй. Сүүлийн тоглолтыг харахад үзэгчид дуулах дуртай байдаг болохоор дуучин урихгүй. Үзэгчид дуугаа захиалах эрхтэй. Наймдугаар сарын 16-н нь энэ долоо хоногийн хамгийн дулаахан өдөр таарсан.
“Анхны “Best of Lumino Vol.1″ гэх 10 дуутай пянз маань хэвлэлтээс гарч ирлээ”
“Lumino” хамтлагийн гишүүн MCBEATZ буюу Д.Тэмүүжин: 44 дууны талыг амьдаар дуулна. Үлдсэн талыг нь DJ-тэй хамтарч тоглоно. Бид зочин уран бүтээлч урьж, халаалт гэдэг зүйл байхгүй. Татар хамтлаг хамтарсан дуугаа дуулахаар урилгаар ирж байгаа. Бие даасан тоглолтыг хип хоп хамтлагууд ингэж хийгээсэй гэсэн үүднээс бүтээж байгаа.
Амьд хөгжмийн бүрэлдэхүүнийг онцлох ёстой. Ямар нэгэн алдаа дутагдал гарахгүй, цогц байдлаар явна. Дууны дахилт дээр Baji маань амрах байх. Учир нь Тэнүүн, Охин тэнгэр, Бүжин гэсэн гурван дуучин хамтарч дуулна. Тоглолтын тасалбарыг цахим болон “Social pay park”-ийн үүднээс худалдан авах боломжтой.
Бид пянзны тухай олон удаа ярьж байсан. Анхны “Best of Lumino Vol.1” гэх 10 дуутай пянз маань хэвлэлтээс гарч ирлээ. Удахгүй “Best of Lumino Vol.2” гэх 10 дуутай пянз гарна.
Эхний пянзанд “Бүтэлгүй хайр”, “Lumino энд гарч ирэв”, “Ирээд буцсан хайр”, “Зам”, “Хүнийх”, “Сэмбий”, “Заримдаа”, “Насан туршдаа”, “GanjenJoo” гэсэн дуу багтсан. Пянзны дуугаралт хамгийн чухал. Тиймээс дууныхаа тохиргоог Германд хийлгэсэн.
“Тоглолт наймдугаар сарын 16-ны 15:00 цагт үүд хаалгаа нээнэ. Хамгийн түрүүнд ирсэн 2,000 хүнд “Хэмнэл нэрэгч” цомгоо бэлэглэнэ”
“Lumino” хамтлагийн гишүүн Baji буюу Б.Батхишиг: Бидний хувьд маш олон тоглолт хийж байсан боловч иймэрхүү 20-30 мянган хүнтэй тоглолт зохиож байгаагүй. “Lumino” хамтлаг урын сандаа 50 гаруй видео клиптэй. 44 дуу зогсолтгүй явбал яг дөрвөн цагийн тоглолт болно. Тайзыг гурван талд зассан. Тэгэхээр үзэгчтэйгээ шууд ойртож дуулах боломжтой болно.
Энэ тоглолтод маань ямар нэгэн ивээн тэтгэгчгүй болно. Манай хамтлаг “333 энтертайнмент”-тай хамтраад тоглолтыг шилдэг болгохын төлөө ажиллаж байна. Бүх юмыг төгс хийж чадахгүй ч гэсэн төгс түвшинд хүргэхээр хичээсэн. Дөрвөн цагийн тоглолтыг үзэгчдэд хүргэхийн тулд зургаан сарын хугацаанд 800-1,000 хүн ажилласан. Нууж хаахгүй хэлэхэд тоглолт маань нэг тэрбум төгрөгийн зардалтай бүтэж байна.
Тоглолт наймдугаар сарын 16-ны 15:00 цагт үүд хаалгаа нээнэ. Хамгийн түрүүнд ирсэн 2,000 хүнд “Хэмнэл нэрэгч” цомгоо бэлэглэнэ. Хүмүүс маань эрт ирээд бүх төрлийн үйлчилгээ авч, энтертайнмент зүйлтэй танилцаарай.
“Lumino” хамтлаг 20:00 цагт тайзан дээр гараад 00:00 цагт дуусна. Үзэгчид яаруу сандруу орж ирэхгүйгээр тайван сайхан баярлахыг хүсье. “Хэмнэл нэрэгч” цомгийг хоёр жилийн өмнө хэвлэлтээс гаргасан ч худалдаанд гараагүй. Таны амьдралд манай хамтлагийн дуу ямар нэгэн байдлаар холбогдсон бол заавал ирээрэй.