Жүжигчин Колин Ферт өнөөдөр 65 нас хүрч байна.
Их Британийн театр, кино, телевизийн жүжигчин Колин Эндрю Ферт 1960 оны энэ өдөр буюу есдүгээр сарын 10-нд Англид төржээ.
Тэрбээр Жэйн Остины “Pride and Prejudice” зохиолоос сэдэвлэн 1995 онд бүтээсэн телевизийн киноны ноён Дарсигийн дүрээр алдаршжээ. 2011 онд “The King’s Speech” кинонд бүтээсэн VI Жорж хааны дүрээрээ Америкийн кино академи, BAFTA, “Алтан Бөмбөрцөг”, “Screen Actors Guild Award”-ын шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртсэн юм. Өмнөх жил нь тэрбээр “A Single Man” киноны дүрээрээ анх удаа “Оскар”-т нэр дэвшиж, BAFTA-гийн шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг хүртэж байжээ. Колин Ферт 2011 онд Холливуудын “Walk of Fame”-д өөрийн одтой болсон юм.
Түүний ээж Ширлэй Ферт нь “King Alfred’s College Winchester” (одоогийн Винчэстэрийн их сургууль)-д харьцуулсан шашин судлалын багш байсан бол аав Дэвид Норман Люис Ферт нь мөн сургуульд түүхийн багш, Нигерийн засгийн газрын боловсролын мэргэжилтнээр ажилладаг байжээ.
Ахлах сургуульд байхдаа гитар тоглохыг хүсдэг байсан ч сургуулиас нь саксофон, гитар зэрэг хөгжим тоглохыг хориглодог байв.
1983 онд Ферт анхны жүжигтээ тогложээ. Мөн жилээ “Fruit of the Loom” хэмээх телевизийн цуврал сурталчилгаанд тоглов. Дараа жил нь анхны кинондоо тоглосон.
1986 онд “Lost Empires” телевизийн цуврал кинонд Сэр Лаврэнс Оливэрт, 1987 онд “A Month in the Country” кинонд тус тус тогложээ. 1989 онд “Valmont” киноны гол дүрийг бүтээв. Ферт болон Тим Рот, Гэри Олдман, Брюс Пэйн, Пол МакГанн нарыг Холливуудад “Британийн бүлэг” хэмээн нэрийддэг байлаа.
1995 онд тоглосон BBC телевизийн “Pride and Prejudice” олон ангит киноны ноён Дарсигийн дүрээрээ тэрбээр олны танил болсон юм. Энэ кино нь Англи төдийгүй олон оронд алдаршсан. Усанд сэлээд нойтон цамцтай явдаг киноны хэсгээс нь хойш Фертийг бүсгүйчүүдийн хайрыг булаагч хэмээн хочлох болжээ.
Ферт үүнээс хойш “The English Patient” (1996), “Shakespeare in Love” (1998), “Bridget Jones’s Diary” (2001), “Love Actually” (2003), “What a Girl Wants” (2003), “Girl with a Pearl Earring” (2003), “Nanny McPhee” (2005), “The Last Legion” (2007), “Mamma Mia” (2008), “The King’s Speech” (2010), “Steve” (2010), “Gambit” (2012), “The Mercy” (2018), “Supernova” (2020) гэхчилэн 90 гаруй уран сайхны кинонд тогложээ.
Мөн тэрбээр телевизийн хэд хэдэн цувралд дүр бүтээснээс дурдвал, “Donova Quick” (“Дон Кихот”-ын шинэчилсэн хувилбар) (1999), “Эмми”-гийн шагналд нэр дэвшсэн “Conspiracy” (2001) зэрэг болно.
Ферт “In Prison My Whole Life” баримтат киноны гүйцэтгэх продюсероор ажиллаж байв. Мөн тэрбээр “Filmaka” студийн шүүгчдийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд энэ байгууллага нь олонд танигдаагүй авьяаслаг кино найруулагчдын бүтээлийг мэргэжлийнхэнд хүргэх зорилготой.
Ферт анхны номоо “The Department of Nothing” нэртэйгээр 2000 онд хэвлүүлж байв. Мөн тэрбээр 2009 онд хэвлэгдсэн “We Are One: A Celebration of Tribal Peoples” номонд өөрийн бичсэн өгүүллүүдээ оруулжээ. Энэ номонд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийн соёл иргэншлийг харуулсан аж. Тэрбээр эл номын зохиогчийн шагналын мөнгөө нутгийн уугуул иргэдийн эрхийг хамгаалах “Survival International” байгууллагад шилжүүлсэн байна.