Гудамжны хулиган, сэтгэл зүйч багш, алуурчин маньякийн дүрд ч сайн тоглож, хувирч чаддаг жүжигчин, Холливуудын “Атаман” Том Харди өнөөдөр 48 нас хүрч байна.
Тэрбээр 1977 оны энэ өдөр буюу есдүгээр сарын 15-нд мэндэлжээ.
Том Харди Лондон хотын Хаммерсмитэд өндөр боловсролтой, баян айлын гэрт мэндэлжээ. Аав нь зохиолч, ээж нь зураач. Багад нь түүнд дутуу юм үгүй байсан ч Том муу хүүхдүүдтэй нийлж эхлэв. “Ээж минь үргэлж намайг эрхлүүлэн, хайрладаг байлаа. Манай гэр ном, хөгжмөөр дүүрэн. Бэлэг аваад л, гадаадад байнга аялна. Үнэтэй хувийн сургуулийн боловсролыг ч би эзэмшсэн. Харин ганцхан л асуудал байсан нь би бага зэрэг зөрүүд, сахилгагүй хүүхэд байсан юм. Бага зэрэг ч юу байх вэ, маш сахилгагүй хүүхэд байлаа” гэж тэрбээр бага насаа дурссан.
Танхай хулгайч, зальтай этгээдийн дүрийг өөрөө хууль зөрчиж байгаагүй хүн ийм сайн бүтээнэ гэж байхгүй тул үгэнд нь итгэхээс өөр арга байхгүй. Бяцхан Томыг 11 настай байхад нь сургууль дээр нь цагдаа ирж, цавуу үнэрлэн мансуурахын хор уршгийн талаар лекц уншжээ. Тэр үед сургууль даяар цавуу моодонд ороод байлаа. Лекцийг сонссон Хардигийн толгойд “Цавуу хаанаас олохыг би мэдэж байна” гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн гэдэг. 13 нас хүрэх үедээ тэр жинхэнэ мансуурагч болсон байлаа.
Хардигийн өсвөр нас архи дарс, хар тамхи дунд өнгөрсөн. Хуулиар хориглогдсон бүх зүйлийг туршин үзэх нь түүний хобби байв. Энэ байдал 2003 онд түүнийг бөөн цус, бөөлжсөн дунд олох хүртэл үргэлжилсэн юм. “Тэр үед би мансуурахын тулд юу ч хийж магадгүй байсан” гэж Том ил тод ярьсан байдаг. 2003 оны тэр явдал том сургамж болж, 26 нас хүрээд байсан Харди болихоор шийджээ. Хар тамхинаас гаргах эмнэлэгт хэвтэж, спортоор хичээллэн, бүх юмыг тэгээс нь эхэллээ. Одоо түүний амьдралд кокаин, тамхи биш бокс, тулааны урлаг орж ирлээ. “Би үхээд дахин төрсөн. Тэр үед намайг аварсан зүйл бол тайз. Айлын ганц хүүхэд байсан болохоор би гэрийнхэн минь надаар бахархаасай гэж хүсэж байсан. Тайз бол надад яг тохирсон газар байлаа” гэж тэрбээр дурссан. Ингэж танхай хулиган авьяаслаг жүжигчин болон хувирсан түүхтэй.
“Би “The Dark Knight Rises” киноны Бэйн биш. Жинхэнэ амьдрал дээр би түрэмгий хүн биш. Гэхдээ хүмүүс яагаад надаас айдгийг ойлгож байна. Хэрэв надтай харьцаад ярьж үзвэл кинон дээр бүтээдэг маньякуудаасаа огт өөр хүн гэдгийг минь ойлгох болно” гэж тэрбээр байнга сөрөг талын дүрд тоглодогтоо гомдоллосон удаатай. Гэхдээ муу хүний дүрд тоглоход сонирхолтой байдгаа тэрбээр нуугаагүй.
Хүнийг өөртөө татдаг, хөгжилтэй, эелдэг залуу Томоос бүтээсэн дүрүүддээ хэрхэн ханддагийг нь асуухад “Айдаг” гэж ганц үгээр хариулдаг. Бодит амьдрал дээр тийм хүмүүстэй учирч байсан болохоор үзэгчдээс илүү өөрийг нь дүр нь айлгадаг аж.
Хардигийн намтарт олон хар толбо байгаа ч Холливудын ихэнх оддын адил нуух гэж тэр оролддоггүй. Өнгөрснөөсөө хуримтлуулсан туршлагаа одоо тэрбээр ашиглаж байна. Хөрш айлын хөөрхөн залуугийн дүр бүтээхээс маньякийн дүр бүтээх хэцүү биз дээ. Үзсэн хүнийг өөрийгөө үзэн ядтал нь тоглоно гэдэг жинхэнэ авьяас гэхээс өөр юу хэлэх вэ.