Австралийн алдарт зураач Густав Климтийн “Үнсэлт” зургаар нэрлэсэн нэгэн арт шоу хэдхэн хоногийн дараа урлаг сонирхогч хэн бүхэнд хүрэх гэж байна. Урлаг судлаач М.Аминааг уншигч та урлагийн талаарх сонирхолтой яриа, лекцүүдээс нь гадна “Синдром” арт шоугаар нь андахгүй байх.
Тэрбээр энэ үйл ажиллагааг гурав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд урлагийн түүхийн лекц, дүрслэх урлаг, балет, хөгжим, дууны болон дижитал урлагийг нэгтгэн хүргэдгээрээ онцлог юм. Урлагийн олон төрлийг нэгэн тайзнаас мэдэрч, дэлхийн алдарт уран бүтээлчдийн бүтээлийн ертөнцөд нэгэн үдэш саатна гэдэг сонгодог аялал. Бид түүнтэй арт шоуных нь талаар болон урлагийн боловсролын талаар багахан яриа өрнүүлснээ хүргэж байна.

Бидний яриа “Синдром” арт шоуны нэрний утгаас эхэлсэн. Тэрбээр “Синдром гэх үг илүү гүн гүнзгий, өргөн сэтгэдэг суут хүмүүсээс үүсэлтэйгээр хэлэгдсэн. Харин бидэнд төдийлөн урлаг, уран зохиол, филисофи гэхчлэн олон талын мэдлэгийг нэг бүрчлэн унших цаг зав байдаггүй. Тэгвэл тэр бүхнийг нэгтгэн арт шоу хэлбэрээр хүргэвэл илүү үр дүнтэйгээр бид оюуны баялагаас эзэмшиж болох юм болов уу гэх зорилгоос үүдэн зохион байгуулж буй” гэсэн юм.

Урлагийг, авьяас билигтэй хүмүүсийн гайхамшигт бүтээлийн тухай хүмүүст хүргэх гэж хичээдэг, бүр бүх л цаг хугацаагаа зориулан тайлбарладаг энэ эмэгтэйг гүүртэй зүйрлэмээр. Тэрбээр дэлхийн суут алдартнуудын бүтээлийг монгол сонсогч, уншигч, үзэгчдэдээ хүргэх гэж хичээж яваа үзэсгэлэнт “гүүр”. Долоон үеийн зураачийн гэрт төрсөн ч төдийлөн сайн зурж чаддаггүй учраас “Энэ хүний энэ зураг ийм учиртай” гэж ярьдаг нэгэн болсон юм билээ. Яагаа вэ, бидний зарим нь бүтээгч байдаг бол нөгөө нь гүүр болдог доо. Тэрбээр яг л тийм эмэгтэй.

Түүнээс “Нийгэм ийм хүнд мэдээллүүдтэй, хүмүүс юун урлаг сонирхох манатай амьдралынхаа төлөө зүтгэж байхад гэх хандлага байдаг. Үүнийг хэрхэн хүлээн авдаг вэ” гэж асуухад “Бид хар бүхэнтэй тэмцээд, тэмцээд дийлэхгүй байгаа. Ийм нөхцөлд бид аль болох гэрэл гэгээтэй зүйлийг түгээж, цагаан өнгөөр нийгмээ будахыг хичээх ёстой” гэнэ. Мөн энэхүү арт шоуг урлаг сонирхогчдоос гадна урьд ирж үзэж байгаагүй хүмүүс ирж үзвэл бүр ч илүү гүнзгий мэдрэмж авна гэдгийг ч тэрбээр онцолж байв.

Үргэлжлүүлэн бид урлагийн боловсрол манай улсад хэр байгаа тухай ярилцахад “Урлагийн боловсрол манайд байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Суурь боловсрол их чухал. Үүн дээр би нэгэн хөгжилтэй жишээ хэлье. Нэг удаа “Анима” сургуулийн оюутнууд маань уугуул Индианчуудын хувцсыг урлаж өмсөөд парад жагсаал хийсэн юм. Гэтэл залуус, “Энэ бөө юу” гэж гайхаж байхад тэнд байсан 50, 60 орчим насны архи уудаг хүмүүс шууд л, “Өө, энэ Апачи омгийнхон байна. Энэ Ирокез омгийнхон байна шүү дээ” хэмээн ялган таньж эхэлсэн. Тэгэхээр хэчнээн архи, дарсанд орсон ч тэдгээр хүмүүсийн суурь боловсрол харагдаж байна шүү дээ. Энэ их хөгжилтэй болов ч эмзэглэмээр жишээ. Тэгэхээр урлагийн боловсролыг багаас нь өгөх нь чухал. Шинжлэх ухаан бидэнд мэдлэг мэдээлэл өгнө. Урлаг харин нинжин сэтгэлтэй хүн болоход нөлөөлнө” гэнэ.

Мөн урлагийн тухай ийн ярьж, ийм шоу зохион байгуулж, энэ чиглэлээр багшилж байгаагийн эцсийн зорилго юунд байгааг асуухад “Монгол залуус дэлхийн урлагийн түүхээс маш сайн мэдэж аваад, дэлхийн тавцанд тэдний тухай бусад орны залуустай чөлөөтэй ярилцаасай гэж хүсдэг” гэж байв. Тэр болтол мэдээж хол зайтай. Гагцхүү ойртуулагч нь урлаг судлаачид. Тэд өөрсдийн чадах чинээгээр ярьж, хэлсээр буй. Тэр ч мөн түүний л нэг. Нээрээ түүний лекцүүд “Шар хадны өвчтөн зураачид”, “Мөөмний түүх”, “Согтуу зураачдын сод бүтээлүүд” гэхчлэн их сонирхолтой, содон нэртэй байдгийг сонсож байсан хүмүүс андахгүй байх. Та бүхэн ч мөн хамрагдан сонсож, мөнхүү арт шоуг сонирхон үзээрэй. Гарцаагүй сонгодог, содон, огт өөр нэгэн үдшийг тэр бэлтгэн зэхэж, таны өмнө дэлгэх гэж буй. Тэр үдэш алдарт “Үнсэлт” зураг, түүний зураачийн тухай олон сонирхолтой яриа, мэдээллээр сэтгэл, тархиа дүүргэхээс гадна интро хөгжим, оутро хөгжмийн аялгууг ч анирдах юм. Арт шоу 2025.09.27-нд Корпоратад 18:00 цагаас болно.


Эх сурвалж: ERGELT.mn