2026 онд дэлгэцнээ нээлтээ хийх онцлох найман киног танилцуулж байна. Домог зүй, шинжлэх ухааны уран зөгнөл, супер баатрын ертөнц, сүйрлийн дараах хүн төрөлхтний хувь заяа, дорнын аймшиг, адал явдлыг хамарсан эдгээр бүтээлүүд кино урлагийн дараагийн үеийн өнгийг тодорхойлох биз ээ.
PROJECT HAIL MARY
Найруулагч: Фил Лорд, Кристофер Миллер
Нээлт: 3 дугаар сарын 20
Энди Вэйрийн алдарт романаас сэдэвлэсэн “Project Hail Mary” нь ганцаардал, шинжлэх ухаан, хүн төрөлхтний хувь заяаг нэг дор багтаасан уран зөгнөлт адал явдалт бүтээл. Сансрын хөлөг дээр ой санамжаа алдсан нэгэн эр дэлхийг аврах хариултыг аажмаар олж мэднэ.
Шинжлэх ухааны нарийн ойлголтыг энгийн, сэтгэл хөдөлгөм өгүүлэмжтэй хослуулснаараа уг бүтээл онцлог. Хүн дангаараа ч оршихуйгаа тодорхойлж, найдвар тээж чаддаг, тэрхүү найдвар нь хил хязгаар, гараг хоорондын мөчлөгийг давж чадна гэдгийг кинонд өгүүлнэ.
AVENGERS: DOOMSDAY
Найруулагч: Дестин Даниел Креттон
Нээлт: 5 дугаар сарын 1
Марвелийн шинэ бүтээл. Төгсгөлийн тулаанаас хойш Төмөр хүн эргэн ирэхээр болсон нь шүтэн бишрэгчдийн анхаарлыг ихээхэн татаж буй.
“Avengers: Doomsday” олон ертөнцийн хямралыг оргилд нь хүргэх бүтээл. Баатруудын эв нэгдэл ганхаж, хэн нь юунд итгэхээ мэдэхээ болих мөчид жинхэнэ сорилт эхэлнэ.
Энэ удаад дайсан гадна бус дотор бий. Баатар байх нь золиос уу, үүрэг үү гэдэг асуултыг тус бүтээл үзэгчдэд тавина. “Avengers: Doomsday” бол Марвелийн ертөнцийг шинэ шатанд гаргах бүтээл гэж шинжээчид дүгнээд байгаа билээ. Харин дээрх асуултад кино хэрхэн хариулах нь энэ онд тодорхой болно.
28 YEARS LATER: THE BONE TEMPLE
Найруулагч: Дэнни Бойл
Нээлт: 6 дугаар сарын 26
Вирус дэгдсэнээс хойш 28 жилийн дараа хүн төрөлхтөн юу болж хувирсныг энэ кино харуулна. “The Bone Temple” нэр нь шинэ нийгэм, шинэ итгэл үнэмшил, зэрлэг дэг журам бий болсныг илтгэнэ.
Энд зөвхөн халдварлагсадаас бус хүмүүсээс ч айх хэрэгтэй. Шинэ анги соёл иргэншил, шашин, айдас хэмээх сэдвийг хамтад нь хөнджээ. Тус бүтээлээс жинхэнэ аймшиг, хүн төрөлхтний сүүдэр тал нь болох хар бараан гүн ухааныг олж нээнэ.
THE ODYSSEY
Найруулагч: Кристофер Нолан
Нээлт: 7 дугаар сарын 17
Эртний Грекийн сонгодог тууль “Одиссей”-г орчин цагийн кино хэлээр дахин амилуулах зоригтой алхмыг Кристофер Нолан хийж байна. Тэрбээр домог туульсийн өгүүлэмжийг цаг хугацаа, ухамсар, дурсамж, үнэн худлын зааг зэрэг өргөн сэдэвт харгалдуулан зангиджээ.
Одиссейн арван жилийн аялал энд зөвхөн эх нутагтаа буцах хүслийн тухай бус хүний дотоод мөн чанар, итгэл үнэмшил хийгээд сэтгэлзүйн аялал болон хувирна.
Байгалийн догшин хүч, бурхан тэнгэр, хүний хүсэл шунал гурвын зөрчил Ноланы кинонуудад өрнөдөг дарааллын дагуу дэлгэцнээ бууна. “The Odyssey” бол домгийг түүхийн хуудаснаас салгаж, орчин үеийн хүний ухамсарт шилжүүлсэн томоохон уран сайхны туршилт юм.
SPIDER-MAN: BRAND NEW DAY
Найруулагч: Дэстин Даниел Креттон
Нээлт: 7 дугаар сарын 31
Питер Паркер гэж хэн болохыг дэлхийн иргэд мартсан тэр мөчөөс энэ түүх эхэлнэ. “Brand New Day” бол супер баатрын ялалтаас илүү ганцаардал, дахин эхлэх оролдлогын тухай өгүүлэх бүтээл.
Өмнөх ангиудын үйл явдлын дараа Питер энгийн амьдралд уусахыг оролдох ч өнгөрсөн нь түүнийг үл орхино. Хотын харанхуй булан, жижиг гэмт хэрэг, өөртэйгөө хийх дотоод тэмцэл энэ удаагийн хүн аалзыг тодорхойлно. Энэ бол илүү бодит, илүү хүнлэг хүн аалз.
DEMON HUNTERS 2
Нээлт: 10-р сарын 9
Зан үйл, харанхуйн хүч, хүний сул талуудын огтлолцол киноны өгүүлэмжийг хөтөлнө. “Demon Hunters 2” нь олон улсын зах зээлд азийн анимэйшн бүтээлүүд ямар хүчтэй байгааг дахин нотлох бүтээл байх болно гэж кино багийнхан мэдэгджээ.
Ийнхүү өнгөрсөн онд дэлхий нийтийг байлдан дагуулж, Нэтфиликсийн хамгийн олон үзэгчтэй, борлуулалт өндөр анимэйшнээр тодорч, “Time” сэтгүүлд онцолсон алдартай бүтээлийн шинэ анги энэ оны хамгийн өндөр хүлээлттэй кинонуудын нэг болоод байгаа юм.
HOPE
Найруулагч: На Хон-жин
Нээлт: 11 дүгээр сарын 13
“The Chaser”, “The Yellow Sea”, “The Wailing” зэрэг бүтээлүүдээрээ орчин үеийн Солонгос киноны хамгийн хар бараан, түгшүүртэй өнгө аясыг тодорхойлсон На Хон-жины шинэ кино үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа билээ.
Энэхүү бүтээл нь хүний итгэл найдвар, айдас, ёс суртахууны заагийг туйлын хүйтэн, бодит мэдрэмж төрүүлэхүйцээр харуулах нь гарцаагүй. Найруулагчийн өмнөх кинонуудын нэгэн адил гэм зэм, нүгэл, аврал зэрэг сэдвийг аймшгийн болон сэтгэлзүйн триллер хэлбэрээр үзэгчдэд хүргэх юм.
Үйл явдлын хувьд алслагдсан далайн боомтын хотын захад нууцлаг олдвор илэрч, оршин суугчид урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй зүйлтэй тулгарснаар амьд гарахын төлөө тэмцэхэд хүрдэг. Бүтээлд олон алдартай жүжигчид хамтран тоглосон нь үзэгчдийн дунд шуугиан тариад буй.
DUNE: PART THREE
Найруулагч: Дени Вильнёв
Нээлт: оны 12 дугаар сарын 18
Пол Атрейдес ялалтын оргилд хүрсний дараах бодит үнэнийг “Dune: Messiah” илчилнэ. Мессиагийн дүр, аврагчийн домог хэрхэн айдас төрүүлэх хийгээд дарангуйлал болон хувирч болохыг Дени Вильнёв хөндөнө.
Энэ бүлэгт улс төр, шашин, хувь хүний үүрэг хариуцлагын сэдэв илүү хурцаар тавигдана. Полын дотоод эргэлзээ, ирээдүйг хардаг чадвар нь аврал бус хараал болж хувирах аж. “Dune: Messiah” бол шинжлэх ухааны уран зөгнөлөөс давсан, эрх мэдлийн тухай эмгэнэлт бүтээл гэж кино багийнхан тодорхойлж байна.
Эх сурвалж: Eagle.mn

