Драмын урлагийн шилдгийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам өнөө жил 11 дэх удаагаа болох гэж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хот, хөдөө, орон нутгийн 20-иод театр, продакшны 400 гаруй бүтээлээс тухайн жилийн сор болсон уран бүтээлийг шалгаруулж байсан тус наадамд өнгөрсөн жилээс олон улсын чанартай болж өргөжсөн юм. Тиймдээ ч шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголоос гадна ОХУ, Канад, Серби, Македон, Косовогийн мэргэжилтнүүд ажиллаж, гадны алдартай театр судлаач, найруулагчдын шүүлтээр өнгөрсөн жилийн шилдгүүдийг тодруулж байлаа.
Тэгвэл, тавдугаар сарын 19-нд болох энэ жилийн наадамд Монгол, Египет, Серби, ОХУ-ын Тува, ӨМӨЗО-ны уран бүтээлчид өрсөлдөж, наадмын шүүгчээр АНУ-ын төрийн департаментийн харьяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, “Драмын жүжгийн төрөл”-д ОХУ-ын шилдэг залуу 10 найруулагчийн нэг, Тува улсын найруулагч Сюзанна Ооржик нар ажиллахаар болсон юм. “Гэгээн муза 11” наадмын хүрээнд “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд 40 гаруй жүжиг санал болгосноос 20 уран бүтээл, 80 гаруй уран бүтээлч чансаагаа сорьж байгаа ажээ.
Драмын урлагийн хамгийн том, нэр хүндтэй наадмын бас нэгэн онцлог нь Улаан хивсний ёслол байдаг. “Гэгээн муза”-гийн үдэш драмынхныг тольдож болох Улаан хивсний ёслол энэ удаад Чингисийн талбайд болох бөгөөд Улаанбаатар зочид буудлаас Чингисийн талбай, Соёлын төв өргөө гэсэн маршрутаар болох юм. Өмнө нь наадмын ёслол ажиллагааг УДЭТ-т хийдэг байсан бол энэ жил Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болсон байна.

“Гэгээн муза-11” наадмын нэр дэвшигчдийг танилцуулъя.
- Драмын жүжгийн төрөлд:
- УДЭТ-ын бүтээл “Кихот ноён”
- “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц”
- “Вlаск Вох” театрын бүтээл “Сандлууд”
- Египетийн “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл”
- Дуулалт жүжгийн төрөлд:
- Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо”
- Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр”
- Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ”
- Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”
- ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог”
- Хүүхдийн жүжгийн төрөлд
- УДЭТеатрын бүтээл “Норовын намтар"
- ҮДБЭЧуулгын бүтээл “Эрх цагаан унага”
- Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин”
- “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг”
- Нэг хүний жүжгийн төрөлд
- “Тэнгэрийн аялгуу” /Монгол/
- Наташагийн мөрөөдөл” /Монгол/
- “Солиорол” /Монгол/
- “Бичлэг” /Монгол/
- “Шүтээн гэмээр диван” /Монгол/
- “Хүний дуу хоолой” /Тува/
- “Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна.
“Гэгээн муза-11” наадмын сонгон шалгаруулалтын хүрээнд тайзнаа тоглогдох жүжгүүдийн хуваарийг хүргэе.

