Канадын агаарын тээврийн компанид нислэгийн үйлчлэгчээр ажилладаг байсан хүн хуучин ажлын үнэмлэхээ ашиглан АНУ-ын гурван компанийн онгоцоор хэдэн зуун удаа үнэ төлбөргүй ниссэн хэрэг гарсныг эрх баригчид өчигдөр мэдээлжээ.
Уг хэргийг үйлдсэн Торонто хотын уугуул, 33 настай Даллас Покорникийг өнгөрсөн оны аравдугаар сард Хавай мужийн шүүх залилангийн хэргээр ялласны дараа Панамаас баривчилж, Мягмар гарагт АНУ-д шилжүүлж өгсөн юм байна.
Өчигдөр нийтэд ил болсон шүүхийн бичиг баримтад өгүүлснээр Покорник 2017-2019 онуудад Торонтод төвтэй Air Canada компанид нислэгийн үйлчлэгчээр ажиллаж байжээ.
Дараа нь тэр энэ компанийн хуурамч бичиг баримтыг ашиглан АНУ-ын гурван агаарын тээврийн компаниас нисгэгч болон нислэгийн үйлчлэгчдэд зориулсан тусгай тасалбарыг хэдэн зуун удаа үнэ төлбөргүй авч ашигласан байна.
Бүр заримдаа онгоцны нисгэгчийн бүхээг дотор байдаг нөөц нисгэгчийн суудлыг хүртэл авахыг оролдож байсныг шүүхийн бичиг баримтад дурджээ. Уг суудлыг ашиглаж чадсан эсэх талаар сэтгүүлчийн асуултад АНУ-ын Прокурорын Ерөнхий Газар хариулахаас татгалзсан байна.
Хэрвээ ашиглаж чадсан бол энэ нь маш аюултай үйлдэл болох юм.
2023 онд Horizon Air компанийн бүхээгийн нөөц суудалд зорчиж байсан Жозеф Эмерсон гэдэг нисгэгч нислэгийн дундуур онгоцны хөдөлгүүрийг унтраахыг оролдож байв.
Сүүлд тэр сэтгэл гутралд орсны улмаас ийм үйлдэл гаргаснаа цагдаад мэдүүлсэн юм. Эмерсон өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шүүхээс ял сонсож байв.
Покорникийн ашиглаж байсан АНУ-ын агаарын тээвэрлэгчид Hawaiian Airlines, United Airlines, American Airlines компаниуд байжээ.
Түүний энэ хууль бус үйлдэл дөрвөн жил орчим хугацаанд үргэлжилснийг прокурорын алба баталсан байна.
АНУ-д шилжүүлж өгсөн Покорникийг цагдан хорих шийдвэрийг Мягмар гарагт шүүх гаргажээ.
Дээрх хэрэг нь Леонардо ДиКаприогийн гол дүрд тоглосон 2002 оны “Чадвал намайг бариарай” (Catch Me If You Can) киноны үйл явдлыг санагдуулж байгаа юм.
Энэ кинонд нисгэгчийн дүрд хувиран агаарын тээврийн компаниудыг залилан мэхэлж, үнэ төлбөргүй нисдэг Фрэнк Абагнэйл гэгчийн түүхийг үзүүлдэг.

