Бүгд Найрамдах Итали Улсад 2026 оны тавдугаар сарын 7-ноос арваннэгдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах Дүрслэх урлагийн олон улсын Венецийн 61 удаагийн биеннальд Монгол Улсаас оролцох уран бүтээлчид, кураторын багийг албан ёсоор танилцууллаа.
Дүрслэх урлагийн олон улсын Венецийн биенналь нь 1895 оноос эхлэн зохион байгуулж цар хүрээ, агуулга, ач холбогдол нь өргөжин тэлж, оролцогч уран бүтээлчид өөрийн улс, үндэстний өвөрмөц сэтгэлгээний онцлогийг таниулж, сурталчлахын сацуу хүн төрөлхтөнд тулгарсан нийтлэг сорилт бэрхшээлийн эсрэг эвлэлдэн нэгдэж, урлагаар дамжуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсад тунхаглаж буй нэг хэлбэр юм.
Монгол Улсын Засгийн газар 2022 оны 73 дугаар тогтоолоор, Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд монгол уран бүтээлчдийг төрийн дэмжлэгтэй тогтмол оролцуулж байхаар шийдвэрлэсэн. Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хоёр жил тутам тус биеннальд эх орноос оролцох уран бүтээлч, кураторыг нээлттэй сонгон шалгаруулж, амжилттай оролцуулах ажлыг зохион байгуулж ирсэн.
ССАЖЗЯ-ын мэдээлснээр, энэ удаагийн Венецийн биеннальд монголын орчин үеийн шилдэг уран бүтээлч Б.Номин, Г.Гэрэлхүү, Ё.Төгөлдөр, Д.Дорждэрэм, куратороор Ц.Уранчимэг, Ко-куратороор Томас Эллэр нар сонгогджээ.
Эдгээр дөрвөн уран бүтээлчийн бүтээлийг дэглэн “Сүлжилдээн: Хил дамнасан холбоос” үзэл баримтлалыг дэвшүүлж сүнслэг олон янз байдал, хүн-хүн бус оршихуйн харилцаа, тив дамнасан материал ба үзэл санааны урсгалыг өгүүлэхээр зорьж байгаа аж.
Тус биеннальд Монгол Улсын уран бүтээлчид оролцсоноор соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох дүрслэх урлагийн салбараар дамжуулан улс, эх орноо олон улсад сурталчлахын зэрэгцээ бүтээлч авьяас чадвараа хөгжүүлж, дэлхийд танигдсан оюуны болон соёлын өвийг бүтээх, монголын соёл, уран бүтээлийн үнэ цэнийг дэлхийн урлагийн чухал платформ дээр илэрхийлэх, соёлын дипломат харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Мөн Монгол Улсын павильон Венецийн биеннальд оролцох нь зөвхөн урлагийн төдийгүй улс орны соёл, эдийн засаг, олон улсын харилцаанд урт хугацааны эерэг нөлөө үзүүлэх чухал боломж гэдгийг зохион байгуулагчид тодотгов.



