Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэл бидэнд дутаж байна
Кино

Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэл бидэнд дутаж байна

Урлаг Урлаг18/03/2026Шинэчлэгдсэн:18/03/2026Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Болзоонд зориулж бус бодлоо сүлэх гэж үзсэн нэгэн киноны тухай энд өгүүлье гэж бодлоо. Нээлтийн үзвэр биш атлаа танхим дүүрэн үзэгчид гурвантаа алга хавсарч байх юм.

Хүннүгийн үеэс тулгар төрөө байгуулж, эзэнт гүрэн болтлоо өргөжин тэлсэн хөх толбот монголчууд бидний түүх нь өөрөө баялаг сайхан. Их эзэн Чингис хааны үр хойч бидэнд хүчирхэг явсан үе ч бий. Хагаралдан бутарч, хазайж явсан үе ч бий. Гэхдээ мандах төрийг бус мөхөх төрийг дагаж, алтан ургийн залгамж, эх оронч эрсийн баатарлаг гавьяа, зориг зүрх, ур ухаанаар түүхийг өөрчилж, тусгаар тогтнолоо зарлаж байсан удаатай. Энэ түүхийг өгүүлэх “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” уран сайхны кино өргөн дэлгэцээр гарч байгаа нь энэ аж.

Туслах хичээл нэрийн дор ордог газар зүй, түүх зэрэг хичээлийг сонирхон судлах нэгэн байх ч ихэнх массаараа ач холбогдол өгөхөө байгаад удаж байна. Угтаа монгол хүн гэдгээ ухан мэдэх, өнгөрснөөсөө суралцаж, өвөг дээдсийн гавьяагаар бахархаж, илүү сайхан ирээдүйн төлөө сэтгэл шулуудах хүсэл тэмүүллийг мэдэрдэг тул зөнд нь орхиж боломгүй санагдана. Чингисийн Монгол гэж цээжээ дэлдэхээс бус өнөөгийн Монгол Улс оршин тогтнохын тулд ямар түүхэн замналыг туулж, энэ газар шороо ямар үнэ цэнээр ирснийг мэдэх, судлах залуус цөөрч байх шиг. Энэ үед цагаа олсон уу гэлтэй ийм кино үзэгч түмний мэлмийг баясгаж байгаа нь сайшаалтай. Үзэгчид ч өргөнөөр үзэж, мэдрэмж сэтгэгдлээ хуваалцаж байгаа харагдана.

Гэхдээ түүхийн чухал энэ үеийг 2 цаг 40 минутад багтаана гэдэг боломжгүй. Тиймдээ ч үйл явдлын хэт үсрэлт, уялдаа холбоо сулхан зарим хэсэг гарсан юм болов уу. Ингэхдээ түүхийн мөн чанар, гүн утга санаагаа алдуулалгүй зарим хэсгийг уран сайханжуулсан нь тун сонирхолтой. Магадгүй зарим үйл явдлыг дэлгэрүүлж, олон ангит болгосон бол яах байсан бол.

Дэлхий дахиныг өөрсдийн соёл түүхээр амьсгалахад гол үүрэг гүйцэтгэдэг Солонгос олон ангит кинонд манайхан уусаад удаж байна. Тэд Сэжүн хааны тухай гэхэд хэдэн янзаар бүрэн хэмжээний, олон ангит гээд бүх төрлөөр нь кино хийж, хамгийн сайхан царайлаг, чадвартай гэсэн жүжигчдээ тоглуулж байна. Ингэхдээ нэгэн хосын хайрын түүх, эсвэл нэг баатар эрийн замналыг өгүүлэх мэт боловч цаад өнгө аяс нь тусгаар тогтнол, буруу зүйлийн эсрэг тэмцэл зэргийг өгүүлж,  өөрсдийгөө хүчирхэг ард түмэн байснаар дэлхий дахины сэтгэлгээнд суулгаж чадаж байна. Харин бидний хувьд “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” кино дөнгөж эхлэл мэт. Цаашлаад энэ баг хамт олон дахин ямар сайхан уран бүтээл хүргэх бол гэх хүлээлт улам үүсгээд байна.

Энэ кинонд аль нэг дүрийг дахин шүтэж эсвэл үзэн ядаж чадсангүй. “Их хатан байх гэдэг эрх ямбаар илүү. Бага хатан байх гэдэг эрхэлж тунихаараа илүү. Харин дунд хатан байна гэдэг дутуу дулимгаараа л илүү…” гэж Сайн ноён хан Т.Намнансүрэнг угсаа залгах нуган үргүй болгож, өөрийн хүүг залгамж суулгах гэсэн Цогтдарь хатны хорон үйлийг үзэн ядам ч эрх мэдлийн төлөө өөр хоорондоо өширхөж, Манжийн бах тавыг хангаж байсан нь бидний үнэн түүх. Нөгөөтэйгөөр “Цаашаа, би өөрөө”  гээд үхэл рүүгээ шийдэмгий алхах тэр дүрслэлээс халхын ханы хатан ийм л байсан байхдаа гэж Ардын жүжигчин С.Сарантуяа гуайн жүжиглэлтээс сүрдэх шиг. Түүнээс гадна Мандухайгаар үүрд дурсагдах Хөдөлмөрийн баатар Н.Сувд гуай үнэхээр хатан заяанд төрсөн хүн гэлтэй. Худал хуурмаг их болсон энэ нийгэмд инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг залуу хойчис ухаарна биз ээ. Ухаан нь хомс уу гэлтэй үг даахгүй өрвөлзөж, өс санах болсон нийгэмд үнэн үг хатуу гэлтэй.

“Хаан ямар байхыг цусандаа авч төрдөг юм. Хатан ямар байхыг тархинд нь суулгаж өгдөг юм…” гэнэ. Тиймдээ ч бид хүү, охин гэлтгүй хүүхдийнхээ хүмүүжилд багаас нь анхаарч, ухааныг нь тэлдэг байж. Зүс ижил шаазгай алаг морь, эмээл, хазаарын ижил хийц, хараа булаам гоо үзэсгэлэнг хараад ноёныхоо сэтгэлт бүсгүй Сэрсэнг чимээгүй ухаж, алтан ургийн удам, хан орыг залгуулахаар хатан суудлаа өргөн барих Магсар хатанд яасан их зовлон заяагаа вэ гэлтэй. Кино үзэхийн өмнө энэ дүрийг Б.Одончимэг бүтээсэн гэж мэдэж байсан ч жүжиглэж байгааг нь умарттал дүрээрээ амьдарч байсан хэсгүүд нь бүрэн автуулж байсан юм.

Нөгөө талд “Цусаа дагаад явчих вий, сүүгээ голоод урвачих вий” гэж эцэгт нь хүртэл үзүүлэхгүй байсан хүүгээ “Ноён ор залгахгүй, номын мөр хөөлгөнө биз ээ. Үүнээс илүүг үр, төр хоёртоо хийж хүчрэхгүй нь… Мөхөс миний тэнхээ л энэ…” гээд дүрээ хувирган ирэх Сэрсэн бүсгүйн сэтгэл санаанд багтаагүй үйлдэл байлаа. Тийм гоо бүсгүйд А.Ганчимэг л тоглох нь зүй ёсных гэлтэй.

Энэ мэт хүүрнэх зүйл олон байгаа ч өнөөгийн энэ нийгэмд монголчууд бид өмнөх түүхийн алдаа давталгүй, өөр хоорондоо өрвөлзөлгүй, эх орон, үр хойчийнхоо төлөө дахин эвлэрэн зүтгэх цаг нь болсон гэлтэй. Ингэхээр төр улсыг түвшин байлгахад Т.Намнансүрэн вангийн уран ухаан, М.Ханддорж вангийн үнэн зоригийг хөвгүүддээ, Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэлийг охиддоо өвлүүлэх нь юутай чухал вэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Зендея, Роберт Паттинсон нарын хамтран тоглосон “The Drama” кино нээлтээ хийлээ

18/03/2026
Кино Урлаг

Шон Пэнн Киевийг зорьсон учир “Оскар”-ын наадамд оролцоогүй

17/03/2026
Кино Урлаг

“Алдагдсан өдрүүд” бүтээлийг Фрибурын кино наадмын үеэр үзэгчдэд толилуулна

17/03/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026

Зендея, Роберт Паттинсон нарын хамтран тоглосон “The Drama” кино нээлтээ хийлээ

18/03/2026

“Маамуу нааш ир”-ийг зүй бус хэллэг ашиглаж дуулсан асуудлаар Оюуны өмчийн газарт хандлаа

18/03/2026

Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэл бидэнд дутаж байна

18/03/2026

Зураач Ө.Гандуламын “Нуугдсан цэцэгс” үзэсгэлэн энэ сарын 24-нд өндөрлөнө

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.