Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ
Дүрслэх урлаг

Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

Урлаг Урлаг23/04/2026Сэтгэгдэл байхгүй10 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2026 онд тохиож буй Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнийн санаачилсан хоёр улсын графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ.

Уг төсөл нь хоёр улсын соёлын өвөрмөц онцлогийг харилцан таниулах, ур чадвар, туршлагаа солилцох, залуучуудын хөгжлийг дэмжих, Монгол Улсад бар зургийн уламжлалт арга барилд суурилсан хэвлэх урлан-лаборатори байгуулах эхлэлийг тавих зорилготой юм.

Анх 2024 онд санаачилсан Монголын график урлагийг дэмжих энэхүү төсөл 2026-2027 онд хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд Монголын урчуудын эвлэл, “Хөх нар” Монголын орчин үеийн урлагийн төвийн нийт зургаан уран бүтээлч оролцож, ХБНГУ-ын Эссен хотын Дүрслэх урлагийн дээд сургууль (HBK), Райнe хотын Бентлагед байрлах бүрэн тоноглогдсон бар зургийн урланд торгон бар, офорт (төмөр бар), модон барын хэвлэлийн уламжлалт ажиллагаагаар бүтээл туурвих, хамтарсан үзэсгэлэн гаргах, мастер багш нарын удирдлага дор техник ажиллагаатай танилцах, хамтарсан үзэсгэлэн гаргах зэргээр үргэлжилнэ.

Уран бүтээлчид Монголд буцаж ирсний дараа Монголын графикийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж, Монгол-Герман хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд танилцуулах бөгөөд графикийн чиглэлээр уран бүтээл туурвиж буй олон уран бүтээлчдийг төсөл үзэсгэлэнд хамруулснаар тэднийг таниулах томоохон боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.

Төслийн I үе шат:

2026 он, (2026 оны дөрөвдүгээр сарын 11–26)

Монголын зургаан уран бүтээлч 2026 оны дөрөвдүгээр сарын 11-нд Райнэ хотод ирж, хоёр долоо хоногийн турш Бэнтлагегийн бар зургийн хэвлэх урлан-лаборатори (Druckvereinigung Bentlage e.V.)-ийн уран бүтээлчдийн урланд ажиллаж байна. Энэ хугацаанд туршлагатай график уран бүтээлчид болон мастер багш нарын удирдлага дор торгон бар хэвлэл, офорт, модон бар хэвлэл зэрэг гурван төрлийн техникээр сургалтад хамрагдаж, бие даасан уран бүтээл туурвих юм. Мөн хамтарсан бүтээл дээр ажиллахаас гадна музей, бүс нутгийн түүх, соёл, архитектурын онцлог бүхий газруудаар танилцах аялал зохион байгуулна.

(2026 оны дөрөвдүгээр сарын 27 – тавдугаар сарын 1)

Төслийг Эссен хотын Соёлын газар дэмжиж, Дүрслэх урлагийн дээд сургууль (HBK) болон Manifesta 16 Ruhr-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эссен хот 2027 онд “UNESCO Creative City of Design” цол хүртэхээр өрсөлдөж байгаа юм. Улаанбаатар хот 2023 оноос хойш “UNESCO Creative City of Crafts & Folk Art” цолтой бөгөөд хамтарсан төслийн хүрээнд Эссен хотын UNESCO Creative City-д нэр дэвших үйл явцыг дэмжинэ. Монголын уран бүтээлчид HBK-ийн оюутнуудтай хамтарсан воркшоп, солилцооны уулзалтуудыг зохион байгуулж, Manifesta 16 Ruhr-ын урьдчилсан хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 26-наас Эссен хотын захиргааны байрын фойед анхны танилцуулга болох юм.

(2026 оны зургаадугаар сарын 5 – долдугаар сарын 05)

Хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнг олон нийтэд танилцуулах, графикийн уламжлалт болон орчин үеийн олон төрлийн арга техникийг чөлөөтэй хослуулан бүтээсэн эх бүтээлүүдийг толилуулах томоохон боломж нь 2026 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдах Урлагийн долоо хоног юм. Үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах хүсэлт хүргүүлсэн бөгөөд ойролцоогоор 20 орчим уран бүтээлчийн зөвхөн график зургийн уламжлалт болон бусад арга техникийг ашиглан бүтээсэн эх бүтээлүүд оролцоно. Мөн үзэсгэлэнгийн хугацаанд воркшоп, уулзалт, ярилцлага зохион байгуулж, графикийн уран бүтээлчдийг нэгтгэх, бүртгэх, холбогдох мэдээлэл, дата цуглуулахыг төлөвлөж байна.

Төслийн II үе шат:

2027 он

2027 оны зургаадугаар сард Герман улсын график уран бүтээлчид болон мастер багш нар Улаанбаатар хотод айлчилж, бар зургийн уламжлалт арга барилд суурилсан урлан-лаборатори байгуулах судалгаа, сургалт, семинар, воркшоп зохион байгуулах, мөн хамтарсан үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Төсөлд оролцож буй Монголын уран бүтээлчид

Цэндийн ГАН-ЭРДЭНЭ

ХБНГУ-ын Мюнстер хотод ажиллаж, амьдардаг уран бүтээлч бөгөөд 2023 оноос Монгол Улсын Соёлын элчийн үүрэгт ажлыг хүлээн авсан. 2001 онд Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн дээд сургууль, 2010 онд Мюнстер хотын Дүрслэх урлагийн академийг тус тус төгссөн. Түүний уран бүтээлд тэнгэризмийн үзэл санаа гүн шингэсэн бөгөөд хийсвэр ба бодит байдлын зааг, байгаль ба хүн төрөлхтний харилцан хамаарлыг уран чадвараар илэрхийлдэг. Тал нутгийн язгуур оршихуй, эв нэгдэл, аниргүй тайвны илэрхийлэл бүтээлийнх нь гол сэдэв юм. Ц.Ган-Эрдэнийн уран бүтээлүүд хайр ба хагацал, дайн ба энх тайван, төрөх ба үхэл зэрэг хүний оршихуйн мөн чанарыг “дээд тэнгэр”-ийн үзэлтэй холбон судалсан философийн гүн ухаанд тулгуурладаг. Түүний үзлээр хүн төрөлхтөн хоёр орон зайд зэрэг оршдог. Нэг бие махбодийн бодит ертөнцөд, нөгөө нь оюун санаа ба төсөөллийн ертөнцөд байдаг. Тэрбээр ХБНГУ, Нидерланд, Дани, БНСУ, АНУ, Монгол Улсад бие даасан болон хамтарсан 200 гаруй үзэсгэлэнг амжилттай гаргаж, уран бүтээлүүд нь олон улсын нэр хүндтэй музей, цуглуулгад багтсан байдаг. Мөн тэрбээр уран бүтээлээрээ олон улсын хэмжээний шагналуудыг хүртсэн байна.

Дашдондовын БАЯРЦЭЦЭГ

Улаанбаатар хотод төрсөн. Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг уран зураг мэргэжлээр, Хятадын Дүрслэх Урлагийн Төв Академийг уран зураг, график, урлаг судлалын магистраар суралцаж төгссөн. 2008 онд Хаан Банк галерейд “Минийх…”, 2011 онд Өмнөд Солонгосын Жэжүгийн Контэмпорари Урлагийн Музейд “Уншлага, Абсурд Өрөө”, 2011 онд Чойжин Ламын Сүм Музейд “Үхэл Үгүй”, 2012 онд 976 Арт галерейд “Төрөхүй”, 2007 оноос “МОД” төслийг санаачлан МОД 1-Лилиум Арт галерей, МОД 2-976 Арт галерей, МОД 3-Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей, МОД 4-Бум Арт галерей, МОД 5-Франц, МОД-6 Герман улсад тус тус цувралаар олонд түгээсэн, Хятад, Солонгос, Орос, Франц, Герман, Норвеги, Швейцар зэрэг улс орнуудад үзэсгэлэнд оролцсон туршлагатай. НҮБ-ийн 30 жилийн ойг тохиолдуулан Парис хотноо байрших төв танхимд Олон Улсын Контэмпорари Уран Бүтээлчдийн Холбооны үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон. 976 Арт Галерейн 2016 Оны “Шилдэг Уран Бүтээлч”, Монголын Урчуудын Эвлэлийн 2018 “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ” үзэсгэлэнд “Шилдэг Графикийн Бүтээл” шагналыг тус тус хүртсэн. 2014-2019 онд СЭРҮҮН СҮМ, ХҮННҮ ЗҮҮД, САРНЫ БУРХАН, ХУРМАСТЫН ГУНИГ зэрэг яруу найргийн түүвэр номыг хэвлүүлж олны хүртээл болгосон. 2021 оноос “Чингис хаан” Үндэсний музейд Үзэсгэлэнгийн куратороор ажиллаж байна.

Будзагдын НАНДИН-ЭРДЭНЭ

Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. 2003 онд Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг монументаль уран зургийн мэргэжлээр төгсөж, 2006 онд СУИС-ийн Дүрслэх урлаг судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2012-2023 онд СУИС-ийн РТМУС-ийн Медиа анимейшний тэнхимд эрхлэгч, багшаар ажилласан. 2009 оноос МУЭ-ийн гишүүн уран бүтээлч, 2014 онд Фукуока арт триенналь, 2024 онд Постер триеннальд оролцсон. Түүний бүтээлүүд эх орондоо болон хилийн чанадад Хонконг, Камбож, Тайланд, Хятад, Япон, Солонгос, Сингапур, Герман, АНУ зэрэг орнуудад бие даасан болон хамтарсан 130 гаруй үзэсгэлэнд дэлгэгджээ. Б.Нандин-Эрдэнэ хүүхэд насны үе болох 1990-ээд оны Монголын шилжилтийн үед тулгарч байсан нийгмийн ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг нийгмийн эмзэг бүлэг хүүхэд, эмэгтэйчүүдийн сэдвийг бүтээлээрээ хөндөж гаргадаг. Дүрслэх урлагийн сургуулийг төгсөөд Хүүхэд хамгааллын төвд сайн дурын ажил, 2015, 2019, 2021 онд МУЗ-ийн санаачилсан Хүүхдийн асрамжийн төв, Захын хорооллын сургуулиуд, алслагдсан хөдөө орон нутгийн өсвөр насны хүүхдүүдэд зориулсан Хог бүр хог биш, Урлагаар дамжуулан өөрийгөө хөгжүүлэх, нээх зэрэг урлагийн төслийн багшаар ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр бүтээлдээ хүний хүүхэд насны гуниг бусдаас нууцалдаг хэзээ ч ярьж байгаагүй мартахыг хүсдэг хувийн таагүй явдал, түүхийг өөрийн урлагаар илэрхийлж ил болгосоноороо бүх хүнд хамаатай нийтлэг мэдрэмжийг бүтээдэг.

Наранцогтын ЗУЛЦЭЦЭГ

Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг монументаль уран зургийн ангийг төгсөж, Австрийн Вена хотын Урлагийн их сургуульд график, бар зургийн чиглэлээр магистрын зэргийг хамгаалсан. Түүний уран бүтээлүүд монументал уран зургийн арга барилыг график зургийн техниктэй хослуулдаг. 2021 онд “Замын дундах байшинд” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ Б контемдорари арт галерейд толилуулж, мөн Австри (Вена), Япон, Солонгос, Герман зэрэг улсуудад хамтарсан үзэсгэлэнгүүдэд уран бүтээлээрээ оролцож байжээ. 2015 онд 55 нэртэй хамтарсан үзэсгэлэн, 2018 онд Вена хотын ORF галерейн “Realitдten” үзэсгэлэн, 2022 онд Zuun Art олон улсын уран бүтээлчдийн резидент, 2023 болон 2025 онд Artweek, Contemporary Art Mongolia 2023, 2024, Dreamscapes зэрэг хамтарсан уран бүтээлчдийн үзэсгэлэнд оролцсон. Мөн 2021–2024 онд олон улсын урлагийн номын хамтарсан үзэсгэлэнд, 2024 онд Берлин дэх “Zuu Hundert” үзэсгэлэнд, түүнчлэн Сөүл хотод зохион байгуулагдсан “Poster Triennale” үзэсгэлэнд оролцож байсан. Н.Зулцэцэгийн уран бүтээлийн арга барил нь уран зураг, график зураг, номын зураг, керамик зэрэг олон төрлийн холимог техникийг хослуулдаг. Түүний бүтээлүүд нь хүн ба байгаль, байгалийн элементүүдийг ашиглан абстракт болон бодит дүрслэлийг уялдуулан, өөрийн мэдрэмж, ойлголт, дотоод туршлага дээр суурилсан эргэцүүллийг илэрхийлдэг.

Эрдэнэбилэгийн ЭНХЗАЯА

Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. 2011 онд Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг төгссөн. Тэрбээр чөлөөт уран бүтээлчээр ажиллахаас гадна “Хөх Нар” (Bluesun CACM) контемпорари урлагийн төвийн Арт директороор ажиллаж Zuun Art, Art Camp, Best of Bluesun, Hybrid Connection зэрэг Монгол болон олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэн, урлагийн солилцооны хөтөлбөрүүдийг зохион байгуулахад оролцсон туршлагатай. 2012 онд анхны “Гэр” бие даасан үзэсгэлэнгээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд, 2014 онд Улаан гэр галерейд “The Flow”, 2022 онд Хаан галерейд “Quantum Distance” зэрэг бие даасан үзэсгэлэнгээ толилуулсан. Тэрбээр Бельги, Герман, Солонгос, Балба, Польш, Хонконг, Энэтхэг, Герман зэрэг оронд олон улсын урлагийн резидэнт хөтөлбөрт богино хугацаагаар хамрагдаж бүтээлээ толилуулж байна. Э.Энхзаяа нь видео перформанс, перформанс, биеийн хэвлэл (body print) зэрэг төрлөөр уран бүтээлээ туурвидаг.

Одгэрэлийн ЦЭНГҮҮН

Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. 2020 онд Ссоёл, урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн сургуулийг графикийн чиглэлээр суралцаж төгссөн залуу уран бүтээлч. Тэрбээр “Хайр+Цаг” хамтарсан үзэсгэлэн, мөн Монгол, Герман, Энэтхэг зэрэг улсуудад зохион байгуулагдсан хамтарсан төсөл, хөтөлбөр, үзэсгэлэнгүүдэд оролцож байсан туршлагатай. Түүний график бүтээлүүдийн агуулга нь Монголын ард түмний соёл, ахуй амьдрал, хэрэглэгдэхүүнтэй нягт холбоотой байдаг. О.Цэнгүүн Монголын уламжлалт өв соёлыг орчин үеийн уран бүтээлчийн өнцгөөс харж, уламжлал ба шинэчлэлийг хослуулан бүтээлдээ тусгахыг зорьдог. “Хөх Нар” (Bluesun CACM) контемпорари урлагийн төвийн гишүүн уран бүтээлч юм.

Монгол бар зургийн уламжлал, түүхээс

Монголчууд барлах аргаар ном хэвлэх болсон талаар түүхэн сурвалжуудаас сөхөн үзвэл, Монгол газар нутаг дээр оршин тогтнож байсан Монгол овог аймаг болох Хятанчууд Х зуунаас, Монгол овог аймгууд XIII зууны үеэс модон бараар ном хэвлэн гаргадаг байжээ. Энэ нь Бурхны шашин хүчтэй дэлгэрч байсантай холбоотой ном хэвлэл нэмэгдэж, арга ажиллагаа нь хөгжсөн онцгой салбар байсныг илтгэдэг.

“Модон барын номд таваарын өртөг байсангүй, нэгэнт бэлдсэн хэв хадгалаастай байдаг тул захиалга байвал зохих тоогоор хэдийг ч хэвлэн гаргадаг байжээ. ХІХ зуунд Монгол урчуудын томоохон төв яах аргагүй Их хүрээ байсан бөгөөд аймгууд гарын уртай хүүхдүүдээ хүрээнд авчран бүртгүүлж Хүрээнээс хуваарилсан багш нарын гэр орноор авч очин танилцуулж шавилуулдаг байсан” хэмээн Д.Дамдинсүрэн гуайн бичсэнээс үзвэл “Бар урлаачдыг” тусгайлан сонгон шалгаруулж, бэлтгэдэг байсан нь эх сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.

Маш жижиг хэмжээнээс 1 метр хүртэлх хэмжээний хавтгай модон самбар дээр хамгийн энгийн суугаа хүний дүрснээс эхлээд олон толгой хөл гартай дошгин сахиус, шактитай ядмууд зэрэг хэцүү төвөгтэй зохиомж, дүр дүрслэлийг буруу харуулан цоолборлон сийлбэрлэж гаргадаг бөгөөд дармалдаж хэвлэхэд дүрс зөв гардаг. Ийм модон барын дурсгалууд “Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей”-д арвин их бий. ХХ зуун буюу 1920 оны үеэр “Жадамба” хэмээх судрын “зэс бар”-ыг бүтээжээ. Үүнээс өмнө XII зуунд Монголд хүрэл бар цутгаж байв.

Огт засвар орохгүй номын барыг хүрлээр цутгадаг. Хожим Чулуун бараар хэвлэсэн түүхтэй. Хэдийгээр Монголд График-Зураасан зураг шашны нөлөөтэй хөгжсөн ч ХIХ зууны Б.Шарав, Цагаан Жамба нарын энгийн ахуй амьдралын сэдвээр зурсан зургууд онцгой дэвшилд хүрч улмаар хувьсгалын үеэр ард олныг сэнхрүүлэх ухаалах үндэсний үзлийг сэргээх, бичиг үсэгт сургах үүргийг зурагт хуудсаар дамжуулан ёгтлон үзүүлэх таниулах үүргийг биелүүлсэн түүхтэй.

1945-1975 онд Сүхбаатар жанжин болон дайны эсрэг энх тайван найрамдлын төлөөх зурагт хуудсууд 1980-1990 онд нэгдэлжих хөдөлгөөн, ажилчин анги, бүтээн байгуулалтын тухай зураасан зураг, бар хэвлэлийн уламжлал өргөн бас хурдацтай хөгжсөн. 1970-аад оноос гүн хэвлэл, төмөр бар, холимог техник, хулдаасан бар, модон бар, торгон бар, монотип зэрэг арга ажиллагаагаар олон бүтээлчид төрөн гарч, сэдэв агуулга өргөжин тэлсэн байна. Үүнээс: Р.Алтанхуяг, Р.Цэдэв, Ц.Даваахүү, С.Жамц, Я.Оюунчимэг, С.Батчулуун, М.Бүтэмж, Д.Гунгаа, С.Төгс-Оюун, Д.Сандагдорж, О.Дарамбазар, З.Уянга зэрэг ахмад, дунд үеийн бүтээлчид төрж гарчээ.

1971 онд Дүрслэх урлагийн дунд сургууль байгуулагдаж, анхны мэргэжлийн Зураасан зургийн анги нээгдсэнээр өнөөдрийг хүртэл График зургийн мэргэжлээр олон уран бүтээлч төгссөн. Гэвч 1990 оноос хойшхи нийгмийн шилжилт өөрчлөлт Монгол Улсад олон зүйлийг ор үндэсгүй мэт үгүй хийсний адил үйлдвэрийн обьект тоног төхөөрөмжүүд сүйдэж устсан гашуун түүх Хүүхдийн номын болон Хэвлэл чимэглэлийн газрыг тойроогүй юм. Гараар хийж бүтээж байсан бүх туршлага, тоног төхөөрөмж, орон зай өнөөдөр хойч үед өвлөгдөн үлдэж чадаагүй. Гэвч ахмад уран бүтээлч Д.Гунгаа, З.Уянга нарын мэргэжлийн цөөхөн уран бүтээлчид Монголын орчин үеийн график урлагийн богино ч гэсэн чамлахааргүй арвин баялаг түүхийг хойч үедээ үлдээж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Их Британид Хатан хаан II Элизабетын хөшөөний төслийг танилцуулав

22/04/2026
Дүрслэх урлаг Урлаг

“Hugo and color” улсын XVII олимпиадын шилдгүүд тодорлоо

20/04/2026
Дүрслэх урлаг Урлаг

Пикассогийн 1.2 сая ам.доллароор үнэлэгдэх бүтээлийг 58 настай инженер 118 ам.доллароор хожлоо

15/04/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Канны кино наадам “Тельма, Луиза хоёр”-т хүндэтгэл үзүүллээ

23/04/2026

Рианна анх удаа охинтойгоо хамт сэтгүүлийн нүүр чимлээ

23/04/2026

“Цагаан хадны өнгө” баримтат кино Трибекагийн наадмын уралдаант хэсэгт шалгарлаа

23/04/2026

Монгол-Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ

23/04/2026

Дуучин Отгойн Баянмөнх бие даасан 16 дахь тоглолтоо толилуулна

23/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.