Архангай аймгийн “Буган хөшөө ба холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалууд” нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад 2023 оны 9 дүгээр сард албан ёсоор бүртгэгдсэн байна.
Буган хөшөө болон холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалуудын талаар цуврал нийтлэл хүргэж байгаа бөгөөд энэ удаад бугын дүрслэл, түүний утга агуулгын талаар мэдээлэл хүргэж байна.
Загварчилсан бугын дүрс нь буган хөшөөний хамгийн гол дүрслэл бөгөөд ХХ зууны эхэн үеэс өнөөг хүртэл олон судлаач уг дүрслэлийн утга, бэлгэдлийг тайлбарлах оролдлого хийсээр иржээ. Гэвч өнөөдрийг хүртэл нэг мөр эцэслэн тогтсон тайлбар гараагүй хэвээр байна.
Монголын зарим эрдэмтэн буган хөшөөний бугын дүрслэлийг тайлбарлахдаа, “Буга нь Төв Азийн нутагт өргөн тархсан, арьс, мах, эвэр зэрэг ашиг шим ихтэй, хүний амьдралд хор хөнөөлгүй амьтан тул эрт цагаас эрхэмлэн шүтэх болсон” гэж үздэг. Мөн зарим судлаач үүнийг эртний овог, аймгуудын тотем шүтлэгтэй холбон тайлбарлаж, буган хөшөө нь тухайн овгийн сүлд дүрслэл бөгөөд тэд өөрсдийгөө бугаас гаралтай хэмээн үзэж ирсэнтэй холбоотой гэж үздэг байна.
Түүнчлэн буган хөшөөн дээрх буга болон бусад дүрслэлийг эртний хүмүүсийн бие дээрх шивээс байж болзошгүй хэмээн үзэх хандлага бий. Зарим судлаач үүнийг Алтайн мөнх цэвдэгт хадгалагдан олдсон Пазырыкийн булшнаас илэрсэн хүмүүсийн бие дээрх шивээстэй харьцуулан тайлбарладаг.
Оросын судлаачдын хувьд буган хөшөөн дээрх буга болон бусад амьтныг ихэнхдээ индо-иран овог, аймгуудын дунд байсан домгуудад үндэслэн буга, адуу зэрэг амьтдыг нарны шүтлэгтэй холбон тайлбарладаг. Түүнчлэн скифүүдийн дунд өргөн дэлгэр байсан амьтны загварт урлагийн нөлөө хэмээн үздэг судлаач олон бий. Гэвч сүүлийн үеийн судалгаагаар буган хөшөөний соёлын он цаг нь скифийн соёлоос хэдэн зуун жилийн өмнөх үед хамаарах нь тодорхой болж байгаа талаар МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгээс гаргасан бүтээлд дурджээ.
Үүнээс үзвэл скифийн амьтны загварт урлаг нь буган хөшөөний амьтны загварт урлагт нөлөөлсөн гэхээс илүү, харин эсрэгээрээ буган хөшөөний соёлоос уг урлагийн хэлбэр үүссэн байх үндэслэлтэй гэж үзэх хандлага бий.
Ерөнхийдөө буган хөшөөн дээрх буга болон бусад амьтны дүрслэлийн утга агуулгыг эртний шүтлэг, зан үйлийн илэрхийлэлтэй холбон тайлбарлах нь түгээмэл бөгөөд зарим судлаач үүнийг бөө мөргөлийн үзэл, ойлголттой холбоотой гэж үздэг байна.
Буган хөшөөнд бугын дүрслэлээс гадна хожуу хүрлийн үеэс түрүү төмрийн үеийн нүүдэлчдийн шүтлэг бишрэл, зан үйл, соёлыг илэрхийлсэн олон төрлийн дүрслэл бий.
- Хүн ба хүний зүүсгэл, чимэглэл
- Амьтны дүрслэл
- Зэр зэвсэг гэсэн гурван үндсэн бүлэгт ангилж үздэг байна.



