Тэд хөгжмийг хайж олсон юм биш. Харин хөгжим тэднийг тус тусын ганцаардал, шарх, мөрөөдөл дундаас нь олсон юм. Тэд нэгдэн нийлсэн үедээ яг л таван махбод шиг нэг нэгнийхээ дутууг дүүргэж, “Mxrningstar” хэмээх нэгэн өвөрмөц ертөнцийг бүтээжээ.
Нэг нь гал болж асааж, нэг нь ус болж тайвшруулж, нэг нь төмөр болон зангидаж, нэг нь шороо болон түшиж, нэг нь мод болон бүгдийг холбоно.
Таван өөр зам, өөр зан чанар, өөр түүхээс тэд бүтсэн ч тэдний хувь заяаг хөгжим холбосон сонирхолтой түүхийг хүргэж байна.
MXRNINGSTAR: ERKA

Би найман настай жаахан хүү байхаасаа л хөгжим тоглож сурахыг хүсдэг байлаа. Дарь-Эхэд амьдардаг байхдаа би нэг өдөр сүмд очсон юм. Тэнд гитар тоглож буй эмэгтэйг анх хараад л “Ямар гоё юм бэ” гэсэн бодол төрсөн. Тэр мөчөөс хойш хөгжим сурахын тулд сүмд тогтмол явдаг боллоо.
Цаг хугацаа өнгөрсөөр сүмийнхээ хамтлагийн нэг хэсэг болов. Арван жилийн турш хөгжимтэй нөхөрлөж, зөвхөн тэнд л тоглодог байлаа.
Нэг өдөр тамхи нууцаар татаж байгаад сүмийнхээ ахад баригдсан нь миний амьдралын эргэлтийн цэгүүдийн нэг байсан болов уу. Тамхи татдаг болсон шалтгаанаар хамтлагтаа тоглох эрхээ хасуулж, тэр үеэс би амьд хөгжмийн хамтлагуудын ах нарыг даган хөгжимд суралцаж эхэлсэн юм.
Хөгжмөөс гадна дугуй унах миний хамгийн дуртай зүйл. Хотын гудамжаар салхи сөрөн хурдлахдаа би эрх чөлөөг мэдэрдэг байв. Харин дугуйгаа өөрийн гараар босгож, угсраад унах нь бүр ч илүү сайхан санагдана.
Олон хамтлагтай хамтран тоглож, тоолж баршгүй олон ковер дуу бэлтгэж, тайзан дээр гарч эхэлсэн ч дотор минь нэг л хоосон зүйл хэвээр байв. Бусдын бүтээлийг тоглож, багахан мөнгө олдог амьдрал надад нэг л утгагүй, зорилгогүй санагдаж эхэлсэн юм.
Тэр цагаас хойш би дугуйгаа улам хүчтэй жийж, улам хурдан давхисаар байлаа. Учир нь намайг хаа нэгтээ огт өөр ертөнц болон миний хөгжим хүлээж байсан юм.
MXRNINGSTAR: EBA

Миний бага нас их биеэ даасан байдалтай өнгөрсөн. Ээж ажилдаа гарахдаа хаалгаа түгжихэд би цонхоор нууцаар бууж, гадаа тоглодог байсан. Орой нь ээжийг ирэхээс өмнө эргэж орж ирээд юу ч болоогүй мэт тайван сууж өнгөрөөдөг хүүхэд байлаа.
Хожим нь Хөгжим бүжгийн коллежид орсноор миний амьдрал дуу хөгжимтэй салшгүй холбогдсон юм. Энгийн ерөнхий боловсролын сургуульд сурах дургүй байсан надад хөгжим сурах нь хамгийн том зорилго байв. Өглөөнөөс орой хүртэл контрабасс хөгжмийн бэлтгэл хийх нь өдөр тутмын хамгийн үнэ цэнтэй мөч болж хувирсан.
Шалгалт, улирлын дүн бүр миний хувьд дарамт, бас урагшлах түлхүүр. Унавал буцаад хуучин сургуульдаа очих мэт санагдаж, өглөө 6 цагтай уралдан ирж давтдаг байсан ч надаас түрүүлээд ирчихсэн бусад хүүхдүүдийг харах үе ч олон.
12-р ангиа төгсөх улсын шалгалтын өдөр бол миний хөгжимтэй холбогдсон хамгийн хүчтэй мэдрэмжүүдийн нэг байв. Тайзан дээр төгөлдөр хуурчтайгаа хамт гарч контрабассаа тоглох үед хөгжимтэйгөө бүрэн уусан нэгэн мэдрэмж төрсөн.
Тоглож дуусаад тайзны хажуугийн хонгилоор алхахдаа, хөлсөө арчин зогсох тэр мөчид би хөгжим бол миний ирээдүй, миний амьдралын салшгүй нэг хэсэг гэдгийг анх удаа бүрэн ойлгосон юм.
MXRNINGSTAR: AZAA

Би түрээсийн байранд ээжтэйгээ амьдардаг байхдаа ихэвчлэн Өнөрөө ах дээр үлддэг байлаа. Хоёрдугаар ангийн хүүхэд байх үеэсээ л тэдний суурин компьютер дээр байсан дуунуудыг сонсож эхэлснээр анх хөгжимтэй танилцаж байв.
Тэр үед би “My Chemical Romance”, “Three Days Grace” зэрэг хамтлагуудыг их сонсдог байсан ч дуу хөгжмийг ирээдүйн мэргэжил, карьераа гэж төсөөлж зүрхэлдэггүй байлаа.
Сансарт байрлах нэг газар ажилд ороод ердөө долоо хоногийн дараа халагдсан. Өглөө ажиллаж, өдөр нь ядарсандаа VIP өрөөнд нь унтчихдаг байсан намайг менежер нь “Танай хүү ажил хийж чадахгүй юм байна” гэж ээжид минь хэлж байв. Тэр долоо хоногийн хөдөлмөрийн хөлс болох 100 мянган төгрөг хүртэл надад хангалтгүй санагдаж, амьдралын үнэ цэнэ, мөнгөний бодит байдлыг анх удаа гүн ойлгуулсан мөч байлаа.
Би багаасаа л шартай, өөрийгөө батлахыг хүсдэг хүүхэд байсан нь намайг улам урагш түлхдэг байсан.
Нэг удаа ээждээ зэмлүүлж суухдаа би өөртөө анх удаа бүрэн итгэлтэйгээр “Ээж ээ, та харж л байгаарай. Би заавал танд юу чаддагаа харуулна” гэж хэлсэн. Тэр мөчөөс эхлээд энэ үг зүгээр нэг уурласандаа хэлсэн үг биш, харин ирээдүйн уран бүтээл, амжилтын минь эхлэлийг асаах оч болсон юм.
MXRNINGSTAR: OBO

Эгч “Tokio Hotel” хамтлагийг сонсож эхэлснээр манай гэрт амьд хөгжмийн шинэ ертөнц нээгдсэн юм. Ээж, эгч хоёр “Humanoid” цомгийн 2010 оны тоглолтын DVD авч ирэхэд би тэр тоглолтыг өдөр шөнөгүй үздэг байлаа. Тайзан дээрх тэднийг харж, яг л тэдэн шиг уран бүтээлч болох, тэр тусмаа гитар тоглож сурах хүсэл минь улам хүчтэй болсон юм.
“Хэрвээ хичээлээ сайн хийвэл гитар авч өгнө” гэсэн ээжийн үгийг би шууд зөвшөөрч, ПС тоглодог цагаа ч багасган хичээлдээ анхаарч эхэлсэн. Ингээд анхны банзан гитарыг ээж маань авч өгч байлаа.
Эхэндээ би гитараа яаж хөглөхөө ч мэдэхгүй, зүгээр л оролдож суудаг байв. Нэг өдөр ангийнхаа гитар сурдаг найзынд очиж, хөглөсөн гитар дээр тоглож үзэхэд л “Би ингэж тоглодог юм байна шүү дээ” гэж өөрөө ч гайхсан мөч тохиосон.
Тэр үеэс гитараа хөглөхийг сурч, YouTube-ээс гитар тоглох бичлэгүүдийг тасралтгүй үзэж, боломж гарвал даган дуурайж тоглодог болсон. Тухайн үед интернэт хязгаарлагдмал байсан тул 30 минутын үнэгүй эрхээр олон бичлэг ачаалж байгаад, нэг нэгээр нь үзэж сурдаг байлаа.
Хэчнээн орой болсон ч хамаагүй өрөөндөө ганцаараа сууж гитараа тоглох бүрдээ би ирээдүйн мөрөөдөлдөө алхам алхмаар ойртож байгаагаа улам тод мэдэрдэг байв.
MXRNINGSTAR: ERDUK

Нэг өдөр аав ахад гитар авч өгснөөр энэ бүхэн эхэлсэн. Би ахыгаа хажуугаас нь харж, хамтдаа суралцаж байлаа. Ах цэрэгт явсны дараа гитар нь надад үлдэв. Тэр үеэс би өөрөө бие даан хичээллэж, ур чадвараа хөгжүүлсээр байв. Олон хөгжмийн зэмсэг рүү зэрэг татагдаж, төгөлдөр хуур, лимбэ сурч, морин хуурын суурь мэдлэгтэй боллоо.
Гэвч, тухайн үед би хөгжмийг гүнзгий мэдрэхээс илүүтэй, зүгээр л “сурчихвал гоё” гэсэн энгийн хүсэлтэй байлаа. Сургуульд орсны дараа олон төрлийн цагийн ажил хийж, хөгжимд зарцуулах цаг түр хугацаанд багассан.
Энэ үеэс би хөгжмийг зүгээр нэг тоглох биш, илүү ойлгон сонсох болж, дууны үг, уран бүтээлийн утга санаанд илүү анхаарах болов.
Дуучдын түүх, дууны мөр бүрийг сонирхох тусам би илүү гүн, илүү утга учиртай зүйл бүтээх хүсэлтэй болж, мэдрэмжээ илэрхийлэх тал дээр илүү төвлөрөх болсон. Найзууд маань намайг “зөөлөн, яг л төгөлдөр хуур шиг” гэж тодорхойлдог байлаа.
Амьд хөгжмийн чанга дуу чимээнд ч уян зөөлөн чанарыг агуулж, Mxrningstar хамтлагийн өвөрмөц байдлыг хамт бүтээлцэх нэгэн болжээ.

