Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Алдарт жүжигчин Мерил Стрип өнөөдөр 77 нас хүрч байна
Кино

Алдарт жүжигчин Мерил Стрип өнөөдөр 77 нас хүрч байна

Урлаг Урлаг22/06/2026Шинэчлэгдсэн:22/06/2026Сэтгэгдэл байхгүй6 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Оскар”-ын кино наадамд 21 удаа нэр дэвшин, гурван удаа шагналын эзэн болж, 18 удаа “Алтан бөмбөрцөг” гардсан Холливуудын алдарт жүжигчин Мерил Стрип өнөөдөр 77 нас хүрч байна.

“Цаг үеийнхээ хамгийн шилдэг жүжигчин”, “Холливудын үзэсгэлэнт бүсгүй” хэмээх титэм байнга дагалддаг Мери Луиз Стрип 1949 оны энэ өдөр буюу зургаадугаар сарын 22-нд АНУ-ын Нью-Жерси мужид мэндэлжээ.

Тэрбээр 1971 онд жүжигчний гараагаа тайзны бүтээлээр эхэлсэн аж. Харин 1977 онд Фред Циннеманны “Жулия” киноны туслах дүрээр дэлгэцийн урлагт хөл тавьжээ.

1975 онд “Кинг конг” киноны эмэгтэй гол дүрийн шалгаруулалтад орсон байна. Гэтэл түүнийг харсан найруулагч Дино де Лаурентис хүүтэйгээ утсаар холбогдон италиар “Чи над руу ямар гээчийн “гахай” явуулчихсан юм бэ. Энэ эмэгтэй дэндүү царай муутай юм” гэж хэлжээ. Итали хэлийг чамгүй эзэмшсэн Мэрил “Би таны урмыг хугалсандаа тун их харамсаж байна” гэж хэлчихээд гараад явахад Дино де Лаурентис тун их сандарсан гэдэг. Гологдсон хүүхэн үүнээс хоёр жилийн дараа “Жулия” кинонд туслах дүр бүтээсэн нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бөгөөд уг бүтээл нь 50 дахь удаагийн “Оскар”-аас гурван номинацийн шагнал хүртсэн юм. Энэ бол амжилтын ердөө гараа нь байлаа. 

Дараа жил нь тэрбээр Майкл Чиминогийн найруулсан “Бугын ангууч” кинонд мөн л туслах дүр бүтээж, бас л шуугиан дэгдээсэн амжилтын эзэн болов. Энэ кино “Оскар”-ын есөн номинацид нэр дэвшсэнээс тавыг нь хүртсэн байна. Тэр дундаа Мэрил шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналын эзэн болжээ.

Мэрил 1979 онд “Холокост” богино хэмжээний цуврал кинонд тоглосон нь хүлээж байгаагүй их амжилтыг түүнд авчирсан хэмээдэг. Хожим “Би энэ кинонд мөнгөний төлөө л тоглосон. Тэр үед надад маш их мөнгө хэрэгтэй байсан юм” гэж дурссан байдаг. Эл бүтээл “Эмми”-гийн 15 номинацид өрсөлдөн, тавыг нь хүртэж, Мэрил шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авсан. Энэ нь “Эмми”-гийн түүхэнд богино хэмжээний цувралаар шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авсан анхны тохиолдол болж, түүхэн амжилт тогтоосон байна. Энэ мэтээр амжилт үргэлжилсээр…

Мерил Стрип 1976 онд жүжигчин Жон Казалтай гэрлэж, хоёр жилийн дараа нөхрөө уушгины хорт хавдраар алджээ. 1978 онд тэрбээр уран барималч Дон Гаммертай гэрлэж, тэд дөрвөн хүүхэдтэй болсон бөгөөд хоёр охин нь ээжийнхээ мэргэжлийг эзэмшсэн бол нэг нь хөгжимчин болжээ. Мерил Стрип Үндэсний эмэгтэйчүүдийн түүхийн музейг санаачлан байгуулсан бөгөөд үүндээ гар таталгүй хөрөнгө оруулдаг гэнэ.

Дэлхийн алдартай хэвлэлүүд болон тэр дундаа “Esquire” сэтгүүлд өгсөн түүний ярилцлагуудаас товчлон хүргэе. Энэ бүхнээс Мэрил Стрип хэмээх хувь хүнийг олж харах болно.

  • Би 10 настай байхдаа нэг удаа хөршийндөө орсноо ер мартдаггүй юм. Тэр үед айлын охин ээждээ тусалж, төмс арилгаж байлаа. Түүхий төмс огт харж байгаагүй надад тэр бор зүйл их сонин санагдаж “Та нар юу хийж байгаа юм бэ” гэхэд гэрийн эзэгтэй “Өдрийн хоолонд төмсний нухаш хийхээр бэлтгэж байна” гэсэн. Тэгэхэд би “Төмсний нухшийг гэрт хийж болдог юм уу. Уг нь уутанд бэлэн байдаг шүү дээ” гэж гайхсан янзтай асуухад тэд надаас ч илүү гайхсан харцаар харж билээ.
  • Би ер нь гэрийн ажилд нэг их оролцдоггүй хүүхэд байсан. Ээж минь бүх зүйлийг зохицуулдаг байлаа. Гэхдээ түүний дургүй зүйл нь хоол хийх. Тиймээс болж өгвөл бэлэн бүтээгдэхүүн авдаг байсан. Төмсний нухшийг хүртэл дэлгүүрээс авна.
  • Хоол хийхэд 20 минутаас илүү хугацаа зарцуулахгүй байх нь ээжийн нэг зарчим байсан юм. Би хоол хийхдээ тийм ч сайн биш. Яг л ээж шигээ. Гэхдээ л ээжийн минь хийж байгаа бүхэн, үйл хөдлөл нь надад таалагддаг. Тиймээс би үргэлж ээж шигээ хүн байхыг хүсдэг байсан.
  • Бас ээж минь бухимдсан үедээ биднийг их хатуу, тэр бүү хэл бүдүүлэг үгээр загнадаг байлаа. Заримдаа өөрөө юу хэлснээ ч сайн ойлгодоггүй байсан байх.
  • “Төмөр хатагтай” кинонд тоглоход маш их ядарсан. 12 цагийн турш зогсох ямар хүнд гээч. Үүнээс гадна хатагтай Тэтчерийн нүүрний үрчлээсийг далдлахын тулд маш зузаанаар энгэсэг түрхдэг байж. Тиймээс миний нүүр яг л тийм харагдах ёстой учраас энгэсгийг нялж өгч байлаа. Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл Маргарет Тэтчер маш сайн тогооч байсан юм билээ.
  • Би охидоороо их бахархдаг. Тэд жүжигчин байх хангалттай авьяастай, бас мэргэжилдээ дуртай. Ганц тохиох амьдралдаа хүүхдүүд нь хүссэнээрээ байхыг үгүйсгэдэг эцэг, эх байхгүй биз. Ер нь би гэрийн муу “цагдаа” юм билээ. Хүүхдүүд юу ч болсон хамгийн түрүүнд аавдаа ханддаг. Манай гэр бүлийнхний дунд “ЭБХ” гэсэн нууц үг байдгийг би саяхан мэдсэн. Энэ нь “Ээжид битгий хэл” гэсэн үг.
  • Би хүүхдүүдийнхээ эцэгтэй анх нийлэхэд ердөө ганц зуух, гудастай л байсан. Ор ч байгаагүй гээд бод доо.
  • Би ер нь ганцаардаж байгаагүй. Нөхөр, хүүхдүүд, найзууд гээд уйдах нь битгий хэл ганцаараа байх тохиолдолд ч ховор. Заримдаа ядаж таван минут цор ганцаар нам гүм байхыг хүсдэг шүү.
  • Би Софи Лоренийг бишрэн, хүндэлдэг. Миний нөхөр ч ялгаагүй тэр эмэгтэйг шүтдэг. Харин дуртай найруулагч гэвэл хэнийг ч нэрлэж чадахгүй. Бас надад дуртай өнгө, дуртай хоол гэж байхгүй. Бүгд таалагддаг гэсэн үг.
  • Аав, ээж минь намайг хүүхэд байхаас л “Чи үзэсгэлэнтэй, хөөрхөн” гэж өхөөрддөг байлаа. Том болсон хойно ч “Хөөрхөн охин байсан” гэж дурсдаг байсан. Харин үеэл эгч Жейн маань “Чи ёстой аймшигтай царай муутай хүүхэд байсан. Тэгээд болоогүй ээ, захиран тушаах дуртай байсан” гэж ярьдаг юм. Би том хамартай гэдгээ хүлээн зөвшөөрдөг л дөө.
  • Аав маань Барбара Стрейзандын пянзнуудыг цуглуулдаг байлаа. Түүний бүх дууг би цээжээр мэддэг, тэр ч бүү хэл хаана амьсгаа авч, гаргадгийг нь хүртэл андахгүй.
  • Хүн айхаараа дуу нь гарахаа болчихдог юм билээ. Би нэлээд залуу байхдаа үүнийг мэдэрсэн. Жери гэж “галзуу” залуугийн машинд дайгдтал тэр 120 км/цаг хурдлаад үнхэлцэг хагалах шахсан. Тэгэхэд хүссэн ч дуугарч чадахаа больсон.
  • Би сайхан хоол хийхээр бэлтгэж эхэлнэ. Гэхдээ явцын дунд юу ч биш болохоор нь хогийн сав руу хөнтөрчихөөд “Хүүхдүүд ээ, өнөөдөр дахиад л пицца” гэж хэлнэ дээ.
  • Хүмүүс намайг их жаргалтай, намуухан хүн гэж боддог байх. Үнэн хэрэгтээ их яншаа, гоморхуу хүн. Итгэхгүй бол нөхрөөс минь асуугаарай.
  • Би өөрийн тоглосон киноны тасалбарыг худалдаж авахаас айдаг. Хүмүүс шоолж инээвэл яана. Киноны үеэр бүр унтаж, хурхирвал яах бол гэж бодоод айдаг.
  • Би 40 настайдаа шулмын дүр бүтээх санал хүлээж авч байлаа. Нэг биш бүр гурав гээд бод доо.
  • Хүн уураг тархитайн хэрэг юу билээ. Тэр зүйлийг ажиллуулж, ашиглах хэрэгтэй.
  • Хүмүүс “Та дэлгэцээр харагддагаасаа илүү сайхан юм” гэж хэлэхэд яагаад ч юм бэ тун таатай санагддаг.
  • Ажиллаж, ядрахаас айх хэрэггүй. Хэрэв шантрах л юм бол юу ч бүтэхгүй.
  • Амьдрал гэж их энгийн зүйл юм. Хайр, секс, хоол. Ийм л энгийн зүйл биднийг аз жаргалтай болгодог биз дээ.
  • Би зураг авахуулах дургүй.
  • Би хэдийгээр шашин шүтдэггүй ч бурхан байдагт итгэдэг. Амьд яваадаа бурханд талархдаг. Олон найз минь өвдөж, шаналж байна. Зарим нь хорвоог орхисон. Харин би амьдарсаар л байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин И Мин У 39 нас хүрлээ

22/06/2026
Кино Урлаг

Холливуудын алдарт жүжигчин Николь Кидман 59 нас хүрлээ

20/06/2026
Кино Урлаг

Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтээр үзэгчдэд гэнэтийн бэлэг барив

19/06/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин И Мин У 39 нас хүрлээ

22/06/2026

ФОТО: “Тэнгэрийн хүү” түүрэн туульсын жүжгээс

22/06/2026

Алдарт жүжигчин Мерил Стрип өнөөдөр 77 нас хүрч байна

22/06/2026

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

22/06/2026

ФОТО: Монгол, Германы уран бүтээлчдийн график-бар зургийн хамтарсан үзэсгэлэнгээс

22/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.