“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын зургаан удаагийн шагналт, кино урлагийн шилдгийг тодруулдаг “Академи авардс” шагнал гардуулах ёслолоос хоёр удаа шилдгээр тодорсон, оны шилдэг уран бүтээл, уран бүтээлчид гардуулдаг “Мөнгөн мод” цомын хоёр удаагийн эзэн, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
- Жүжигчин С.Болд-Эрдэнэ 1976 онд нэрт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугарын хүү болон мэндэлжээ.
- Тэрбээр 1994 онд нийслэлийн 52 дугаар дунд сургуулийг төгсөж, улмаар СУИС-д элсэн, 1999 онд кино, драмын жүжигчин мэргэжлээр төгссөн байна.
- 2000 онд тэрбээр УДЭТ-ын босгыг давжээ. Тайзнаа гарсан анхны дүр нь У.Шекспирийн “Зуны шөнийн зүүд” жүжгийн Намалдаг аж.
- Түүнээс хойш тэрбээр “Надаар тоглосон хайр”-ын Бүүвэй, “Ричард ван”-гийн Жеймс, “”Атга нөж”-ийн Өгөдэй, “Тэнгэрийн хүү”-гийн Хан улсын элч, “Дурлахыг хориглоно”-ы Жижгээ, “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”-ийн Гарьд, “Саран хөхөө”-гийн Лагана, “Антигона”-гийн Гемон, “Эр хүн болгож өгөөч”-ийн Батаа, “Амьгүй албат”-ын Хачиг, “Хайрын виз”-ийн Жаргал, “Парисын Дарь эхийн сүм”-ийн Квазимодо, “Ану хатан”-ы Галдмаа баатар, “Гамлет”-ын Гамлет, “Ромео, Жульетта”-ийн Лоренцо ламтан, “Бүсгүйн зурвас”-ын Архай сайд, “Адууны түүх”-ийн Холстомер, “Анна Каренина”-гийн Константин Левин зэрэг 80 гаруй жүжигт ихэнхэд нь гол дүрээр тайзнаа амьдарчээ.
- Түүнчлэн 2018 онд “Орфей” театрын В.И.Гётегийн “Фауст” постдрамын жүжгийн Фауст, 2024 онд Жорж Орвелийн “1984” постдрамын жүжигт Уинстон Смитийн дүрд тоглосон.
- Дэлхийн утга зохиолын гурван ноён оргил бүтээлээр У.Шекспирийн “Гамлет”, И.В.Гётегийн “Фауст”, М.Сервантесийн “Кихот Ноён” нэрлэгддэг. Тэгвэл С.Болд-Эрдэнэ эл гурван шилдэг уран бүтээлийг Монголын тайзнаа амилуулахад гурвууланд нь тоглож, бүр хоёрынх нь гол дүрийг бүтээжээ. Тэр бол Монголын театрын урлагийн хоёр дахь Гамлет, бас анхны Фауст.
- Хамгийн сүүлд тэрбээр “Монгол хаан” театрын бүтээл, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, Б.Баатарын найруулга “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг түшмэлийн дүрд тоглосон юм.
- Эл уран бүтээлийнхээ дүрээр тэрбээр дотооддоо 180 удаа, мөн Английн Лондон хотын “Колизиум” театрт сард 15 өдрийн турш 17 удаа тогложээ. Хамгийн сүүлд Сингапур улсын “Марина Бэй Сэндс” цогцолборт 22 удаа англи, монгол хэлээр тоглосон юм.
- Өнөөгийн Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбилэг, Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ нар 2005 онд “Драмын дөрөв” хэмээх хамтлаг байгуулж, ”Хайрын дурсамж”, “Бүсгүй чамд” цомог гаргаж, ”Хайрын дурсамж”, “Бүсгүй чамд” тоглолт, 2006 онд “Хайрын дурсамж” театрчилсан ион концертыг толилуулж байв.
- С.Болд-Эрдэнэ “Freezone” хамтлагийн “Миний нулимсыг салхи арчина”, Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогийн “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж” жүжгийн дуу, Ардын жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайханы “Эрхүүгийн хавар”, Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэгийн “Антигона” жүжгийн дуу, “Чоно” хамтлаг “Залуу нас”, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн “Үггүй мордсон чи минь” зэрэг 20 гаруй дууны клипэнд тоглож байжээ.
- Дэлгэцийн уран бүтээлийн тухайд С.Болд-Эрдэнэ “Удирдагч” киногоор гараагаа эхэлж, үргэлжлүүлэн “Ноён Солиот”,“Найзууд”, “Орхидос”, “Хайрлаагүй амь”, “Үл таних эмэгтэй”, “Сүүлчийн шөнө”, “Үргээлэг”, “Хоёр амь”, “Амьдрал”, “Яллагч”, “Зура”, “Гадны нөлөөгүй”, “Сүрэг”, “Хөх тавилан”, “Restart”, “Хавтаст” хэрэг зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит 40 орчим уран сайхны кинонд гол болон туслах дүрийг бүтээжээ.
- 2013 онд тэрбээр найруулагчийн ажилд өөрийгөө сорьсон нь “Хөлтрөг” уран сайхны кино байв. Эл киноных нь зохиолыг түүний эгч, жүжигчин С.Болормаа бичиж байжээ.
- Хамгийн сүүлд С.Болд-Эрдэнэ “Хүлэгү” болон “Номадиа” пикчерсийн хамтарсан “Хавтаст хэрэг” олон ангит киноны хоёрдугаар бүлэгт, “OI” продашны “No rules” цувралын гуравдугаар бүлэгт, мөн “Аавын охин”, “Үхлийн тойрог”-2″ бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглосон нь үзэгчдийн хүртээл болоод буй.

