“Чингис хаан” үндэсний музейн өнгөрсөн түүх, ирээдүйн хөгжлийн алтан холбоос болсон “Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүхийн танхим”-ыг шинээр байгуулж албан ёсоор олон нийтэд өчигдөр /2026.07.03/ дэлгэлээ.
“Чингис хаан” үндэсний музей байгуулагдсан түүхийг өгүүлэх танхимын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож буй жил түүх, ирээдүйн хөгжлийн алтан холбоосыг харуулсан танхим байгуулсан музейн хамт олонд талархал илэрхийлэв.

Тэрбээр, монгол түмний оюун санааны их сэргэн мандлыг дахин тунхаглаж, түүх, соёлоо дэлхий дахинаа дуурсгахыг эрхэмлэн, “Чингис хаан” үндэсний музей байгуулах шийдвэрийг 7 жилийн өмнө гаргаж байснаа дурслаа.
Өнгөрсөн хугацаанд “Чингис хаан” үндэсний музей эх орондоо болон олон арван улсад сан хөмрөгөө тогтмол толилуулан, “Евразийн музейн анхдугаар чуулган” зохион байгуулж, дэлхий дахинаа алдартай музей болон бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Мөн нээлтийн үеэр “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун “Монголын түүх, соёлын салбарт сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хэрэгжсэн хамгийн том төсөл болох “Чингис хаан” үндэсний музей нь Монгол эрдэмтдийн мэдлэг оюун, Монгол урчуудын дундаршгүй их ур ухаанаар бүтээн байгуулсан их бүтээн байгуулалт билээ. Өнгөрсөн түүхийн туршлагаас ирээдүйн хөгжилд тэмүүлсэн их үйлсийн нэгэн хоромд “Чингис хаан” үндэсний музей өөрийн түүхийг энэхүү танхимд мөнхжүүлэн баринтаглаж байна. Энэ танхим бол “Чингис хаан” үндэсний музейн зөвхөн өнгөрсөн түүхийг харах цонх биш, ирээдүйн их хөгжилд тэмүүлж, Монгол соёлыг дэлхий дахинаа дахин сэргээн тунхаглах их зорилгын нэгэн шат болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Шинээр байгуулсан түүхийн танхимд Монгол Улсын Засгийн газраас “Чингис хаан” үндэсний музей байгуулах тухай гаргасан анхны тогтоолоос эхлээд улс орнуудын хаад, төрийн тэргүүн, нэр хүндтэй эрхмүүдийн Монгол төрийн 2,000 гаруй жилийн түүхэн уламжлал, нүүдэлчдийн соёлтой танилцаж буй түүхэн агшнуудыг харуулсан гэрэл зураг, XIII зуун, Монголын эзэнт гүрний гадаад харилцааны түүхийг илэрхийлэх “Мөнгөн гэрэгэ” зэрэг үзмэрийг байрлуулжээ.
“Чингис хаан” үндэсний музей 12 мянга орчим үзмэртэй. 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлийн хуулбар, уран бүтээл юм.
Музейд:
Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан),
Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан),
Их Монгол Улс,
Монголын Их эзэнт улс,
Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе),
Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим),
Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг нийтэд толилуулж байна.
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн хаврын тэргүүн сарын бэлгэт сайн өдөр Ерөнхийлөгчийн санаачилгаар “Чингис хаан” үндэсний музейд Эзэн Богд Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залсан юм.


