Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Монголын тайз, дэлгэц, хошин урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван кино, жүжгийн зохиолыг амжилттай туурвин, уран сайхны дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд амилуулан, үзэгч олныг соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан ур чадвар, хөдөлмөр зүтгэл, бүтээлч амжилтыг өндрөөр үнэлж “Х ТҮЦ” продакшны жүжигчин, найруулагч, Гавьяат жүжигчин Ишдоржийн Одончимэг, Монголын эстрад урлагийн түүхэнд өөрийн өвөрмөц дуу хоолой, авьяас чадвараа дайчлан, үе үеийн сонсогчдын зүрх сэтгэлд хүрсэн уран бүтээлүүдийг толилуулж, эх оронч үзэл санаа, үндэсний эв нэгдлийг уран бүтээлээрээ дамжуулан, Монгол аялгуу, ахуй сэтгэлгээний онцлог, бахархлыг магтан дуулж, хөгжмийн алтан сан хөмрөгт нандин өв болгон үлдээж, эх орныхоо нэрийг олон улсад дуурсган, ирээдүй болсон хүүхдийн сайн сайхны төлөөх үзэл санааг хүн төрөлхтөнд тунхаглахад оруулсан үнэтэй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн, НҮБ-ын элч дууч асан, Гавьяат жүжигчин, дуучин Төмөрийн Ариунаа, Монголын рок поп урлагт сонсогчдын талархлыг хүлээсэн, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон зуун дууг дуулан амьдруулж, өөрийн бие даасан уран бүтээл, тоглолтуудаа олны хүртээл болгон, залуу уран бүтээлчдийг дэмжин, нийгэм, хүмүүнлэгийн үйлсэд идэвх санаачлагатай оролцож, өөрийн дуу хоолойгоо зориулан, эстрад урлагийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Батмөнхийн Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цол, тэмдгээр шагнууллаа.
Ардын жүжигчин И.Одончимэг “Олон бодол, тайз, киноны натур орж ирж байгаагаас цас бороо, шавар шалбаагтай ямар ч үед зургийн талбай дээр техникээ зөөгөөд гүйж явдаг хөгтэй урлагт хайртай олон залуусын дүр төрх надад харагдаж байна. Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байгаагаа туулсан он жилүүд гэхээсээ илүү үлдсэн он жилүүдийн хариуцлага хэмээн харж байна. Тиймээс өнөөдрөөс илүү хөдөлмөрлөж, илүү сайхан уран бүтээл туурвиж, хариуцлагатай, Монголын хойч үе болсон залуустаа үлгэр дуурайлал болсон сайн иргэн байхын төлөө өөрөөсөө илүү ихийг шаардаж амьдрах болно. Өдийг хүртэл надад найдаж, итгэсэн, урам өгсөн, омогшуулж, анхааруулж, зэмлэж байсан үе үеийн олон уран бүтээлчид болон үзэгчдэдээ баярлалаа” хэмээв.
Ардын жүжигчин Т.Ариунаа “Монголын төр Ардын жүжигчин хэмээх энэ цолыг надад хүртээж буйд чин сэтгэлээсээ талархаж байна. Энэ их итгэл, хүндэтгэлийн өмнө мэхийн ёсолъё. 40 жилийн туршид уран бүтээлч байх хандлагыг сурч, үнэнч шудрага, тууштайгаар урлагийн манаанд зогссон. Урлагийн “А” үсэг, урлагийн соёлыг цэцэрлэгийн багш байхад зааж, төлөвшүүлж сургасан ээж минь тэнгэрийн орноос харж байгаа. Мөн намайг мэргэжлийн урлагийн байгууллагад, үүнээс Соёл-Эрдэнэ хамтлагт хөтлөн оруулж, хүүхэд байхаас минь дайчин, зоригтой, бадрангуй байх итгэлийг өгсөн хүн бол миний аав юм. Хэдийгээр ээж аав минь бурхны оронд байгаа ч би тэдэндээ үнэхээр их талархаж байна. Намайг 52-р сургуульд “Нарны дуулал” хамтлагт ороход урлагийн талбарт хэрхэн хөдөлмөрлөхийг, урлаг хоёр нүүргүйгээр бусдад үйлчлэх ёстойг төлөвшүүлсэн хүн бол Соёлын Гавъяат Зүтгэлтэн Галмандах багш. 15 настайгаас минь эхлэн өөрийн дууг надад өгч байсан. Багшийнхаа дуулсан олон дууг би “Радиогийг алтан фонд”-д бичиж үлдээсэн. Үүний дараа 1986 онд Соёл-Эрдэнэ хамтлагийн алтан дуучин болж байлаа. Тэгэхэд намайг хүлээж авсан хүн нь миний хүндэлж явдаг агсан Ухнаа дарга байсан. Соёл-Эрдэнэ хамтлагийн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархъя. Ерөнхийлөгчийн зарлигт “Урлагийн алтан хөмрөгт нандин дууны өв соёлыг үлдээсэн” гэж хэллээ. Нийтдээ 250 гаруй уран бүтээлийг туурвисан бөгөөд үйл явцад нь энэ он жилүүдийн туршид надтай хамт үнэнчээр ажилласан продюсер, хөгжмийн ая үг зохиогчид, хөгжмийн найруулагчид, продакшинууддаа онцгойлон талархаж байна” гэв.
Ардын жүжигчин Б.Сарантуяа “”Миний хувьд ямар нэгэн арын хаалга, хүнд суртал байхгүйгээр бор зүрхээрээ, сэтгэл зүрхээрээ дөчин жилийн турш чөлөөт уран бүтээлээ туурвисан. Улс орноо долоон удаа тойрч, гадаадад амьдарч буй монголчууддаа ая дуугаа өргөсөөр ирсэн. Энэ олон жил уран бүтээлээ туурвиж, дөчин жилийн тоглолтоо хийгээд нэг сарын дараа Ардын жүжигчин цолоо гардаж авлаа. Яам, агентлагууд маань уран бүтээлчдээ маш сайн судалж, энэ хүн ямар учраас шагнал авах ёстой байдгийг цаг тухайд нь мэдэгдэж, судалгаа хийдэг гэдэг нь тодорхой болж байна. Би 2005 оны зургаан сарын хорин 22-нд “Гавьяат” цолоо авч байсан. Хорин нэгэн жилийн дараа “ардын жүжигчин” цолоо авлаа. Хоёргүй сэтгэлээр, өөрийнхөө дуулах хүсэлдээ хөтлөгдөж, арван зургаахан настай охин байхаасаа дуулж эхлэн, өөрийнхөө амьдралын талаас илүү жилийг урлагт зориулсан байна. Ямар нэгэн ашиг, нэр хүнд хөөцөлдөж дуулаагүй, дуртайдаа дуулсаар ирсэн, цаашдаа тэгэх болно. Сараагаа дэмжиж, урам өгч санхүүжүүлж байдаг сонсогч түмэндээ, намайг уран бүтээлээр хөглөж байдаг хөгжмийн зохиолч, яруу найрагч, продюсер, рок попын хамт олонд, урлагийн бүх уран бүтээлчид, ивээн тэтгэгчид, төр, ерөнхийлөгчдөө чин сэтгэлээсээ талархаж байна. Тавин зургаан насандаа “ардын жүжигчин” гэх энэ сайхан цолыг төрийн наадмын өмнө гардаж авна гэдэг бол ганцхан миний шагнал биш. Миний урлагийн хамт олны шагнал болов уу гэж бодож байна. Би ганцаараа дөчин жилийг туулаагүй, бид хамт туулсан, цаашид ч хамт хөгжих болно” гэлээ.

