Дуучин Эд Ширан Английн орон нутгийн номын сангуудад хөгжмийн боловсрол, уран бүтээлийн боломжийг өргөжүүлэх зорилготой шинэ хөтөлбөр санаачилжээ. Уг хөтөлбөрийг Их Британийн Засгийн газар 12.5 сая фунт стерлингээр санхүүжүүлэх бөгөөд “Music in Libraries” (Номын сан дахь хөгжим) хөтөлбөрийг “Ed Sheeran Foundation” болон бусад түнш байгууллагууд хамтран хэрэгжүүлэх аж.
Хөтөлбөрийн хүрээнд Английн 150 гаруй номын сан санхүүжилт хүсэх боломжтой бөгөөд уг мөнгөөр үнэгүй хөгжмийн студи байгуулж, дуу бичлэгийн бүхээг, микшерийн ширээ болон орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулж, залуучуудад амьд тоглолт хийх тайз, бэлтгэлийн орчин бүрдүүлэх юм.
Энэ санаа нь 2024 онд Соёлын сайд Лиза Нанди болон Эд Ширан нар Ипсвич хотын залуучуудын хөгжмийн төв “Brighten the Corners”-т хамт зочилсны дараа төржээ.
“Эд Шираны сан”-гийн гүйцэтгэх захирал Доктор Ренука Фернандо хэлэхдээ “Хөгжмийн боловсролыг зөвхөн сургуулиар хязгаарлахгүйгээр номын сангаар дамжуулан өргөжүүлснээр Английн хаана амьдарч байгаагаас үл хамааран хүүхэд, залуус хөгжимтэй ойртох боломжтой болно” гэсэн байна. Түүний хэлснээр энэхүү хөтөлбөр нь хүүхэд, залуусын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна нийгмийн холбоо, сэтгэцийн сайн сайхан байдалд ч эерэг нөлөө үзүүлэх ажээ.
Энэхүү төсөл нь Их Британийн Засгийн газрын “Turn It Up: Our Plan for Music” үндэсний хөгжмийн төлөвлөгөөний нэг хэсэг юм. Засгийн газар мөн “Arts Council England”-ийн 15 сая фунтын нэмэлт хөрөнгө оруулалтыг нэгтгэснээр нийт 45 сая фунтын санхүүжилтээр 2,000 гаруй хөгжмийн төсөл, дор хаяж 40,000 уран бүтээлч, хөгжмийн салбарын мэргэжилтнийг ирэх гурван жилийн хугацаанд дэмжихээр төлөвлөжээ.

