Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Монгол хүүхэлдэйн урлал
Дүрслэх урлаг

Монгол хүүхэлдэйн урлал

Урлаг Урлаг20/07/2026Шинэчлэгдсэн:20/07/2026Сэтгэгдэл байхгүй8 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүүхэлдэйн урлаг бол хүн төрөлхтөн итгэл үнэмшилтэй болсон цагаас хүн, амьтны дүрсээр энэ ертөнцийг далд ертөнцтэй холбох зориулалтаар үүсэж, улмаар ардын уламжлал, зан заншил, соёлоор дамжин өнөөдрийг хүрэхдээ дүрслэх урлагийн бүтээл болтлоо хөгжсөн төрөл. Нөгөө талаараа эртний түүх соёлын илэрхийлэл, хүүхэд бага наснаас орчин тойрны юмс үзэгдлийг танин мэдэх, хүн хоорондын харилцаа холбоонд оролцох зэрэг үүргийг гүйцэтгэсээр иржээ.

Монгол хүүхэлдэйн урлалын түүх 2000 жилийн тэртээх Хүннү, Сяньбигийн үеэс эхтэй хэмээн урлаг судлаачид үздэг. Тухайлбал, Монголын Үндэсний музейд хадгалагдаж буй Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газар дахь археологийн малтлагын үеэр олдсон 15х3.5 см хэмжээтэй хүний дүрст модон сийлбэр нь НТ 50 оноос III зууны үед холбогдох бөгөөд он цагийн хувьд эртний Сяньби нарт хамаарахыг судлаачид онцлон тэмдэглэдэг байна.

Төв аймгийн Заамар сумын нутаг Шороон бумбагар хэмээх газраас илрүүлсэн VII зууны сүүл үед хамаарах олдворууд бүхий бунхнаас 200 орчим олдвор буюу морьтой, явган хүнийг дүрсэлсэн шавар, модон хүүхэлдэй, шавраар хийсэн үхэр, махаранзын баримал, модоор урласан загас, галбингаа хэмээх домгийн шувуу, луу, адуу, тэмээний толгойн сийлбэр, гуулин хадаас, хүрэл зоос, төмөр хадаас, бичигт чулуу олдсон нь Монгол нутгаас архелогийн малтлагаар илэрсэн гол дурсгалд тооцогддог. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байгаа энэхүү олдворууд доторх модон сийлбэр хоёр хүүхэлдэйг урлахдаа хөмхийгөө зууж хөмсгөө атируулсныг маш тод томруунаар харуулж, нүүр, малгайг шар, уруулыг улаанаар өнгө ялган будсан. Мөн хүүхэлдэйнүүд шовгор оройтой малгайтай, ташуу буруу энгэртэй дээл мэт хувцас өмсөн бүс бүсэлж, урд хормойг өмдөөр даруулсан, ар хормойг унжуулсан байдалтай байгаа юм.

Хүүхэлдэйн урлалтай холбогдох зарим шүтлэг бишрэл, домын зан үйл одоо ч монголчуудын дунд бий. Тухайлбал, Ойрад монголчуудын өргөн дархсан, өдгөө ч зарим айлд шүтдэг Гэрийн заяач тэнгэр бол дүр дүрслэлийн хувьд хүүхэлдэйн урлалын шинжийг төгс хадгалсан байдаг. Гэрийн заяач тэнгэр нь тухайн айл гэрийн хамгаалагч, эсгий, эсвэл арьс ширээр хүний дүрстэйгээр урласан онго сахиус бөгөөд тусгайлан уутанд хийж залаад цай, хоолны дээжийг тогтмол өргөдөг. Ингэснээрээ гэрийн хамгаалагчаа хооллож ундалж, аливаа муу муухайгаас хол байж, ивээгдэж байна гэж үздэг.

Мөн монголчууд дөнгөж төрсөн нялх хүүхдийнхээ тоглоомд эсгийгээр үнэг хайчлан зүүж муу муухай зүйлээс хамгаалж домнодог зан үйлыг зарим судлаач хүүхэлдэйн урлалын нэгэн ул мөр хэмээдэг. Энэхүү домын зан үйл өнөөдөр ч монголчуудын дунд  байна. Эдгээр нь эртний хүмүүсийн шүтлэг бишрэл, дом шившлэг, онго сахиус, шүтээн, тайлга тахилга нь өнөөгийн хүүхэлдэйн урлалын эхлэл байсныг баталж байгаа юм.

Орчин үе

Орчин цагийн Монголын хүүхэлдэйн урлалын түүх бол 1960-аад оноос эхэлнэ. Анхны хоёр хүүхэлдэйн урлаачийг тухай үеийн Чехословак буюу өнөөгийн Чех улсад сургасан нь А.Баярбаатар, Саранцацралт нар юм. Модон хүүхэлдэйн урлал, токарьчнаар төгссөн тэд хүүхэлдэйн урлалыг гоё чимэглэл, бэлэг дурсгалын зүйл болгон хөгжүүлэх замыг тавьжээ. Улмаар 1976 онд тухайн үеийн Дүрслэх урлагийн дунд сургуульд анхны хүүхэлдэй чимэглэх урлагийн ангийг нээж, хүүхэлдэй урлаачдыг бэлтгэж эхэлснээс хойш 50 жил болжээ.

Дүрслэх урлагийн дунд сургуулийн Бэлэг дурсгал, сувейнерийн ангийг 1980 оны анхны төгсөлтөөр 11, 1984 оны хоёр дахь төгсөлтөөр 9 хүн төгсөж, хүүхэлдэй чимэглэх урлагийн мэргэжлийг эзэмшжээ. Тэднийг төгсөхөд Монголын урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх Балдуугийн Шаравын нэрэмжит Хэвлэл чимэглэлийн үйлдвэрт Хүүхэлдэйн тасаг, Мужааны тасаг байгуулан бэлэг дурсгалын хүүхэлдэй урлаачаар ажиллуулж эхэлжээ.

Энэ үеэс бэлтгэгдсэн Монголын хүүхэлдэй урлаачдын нэрс Д.Батболд, Д.Доржхорол, В.Энх-Амгалан, Ж.Сарантуяа, Ж.Уранжаргал, Г.Түмэндэмбэрэл, Лхагваа, Ч.Үржинжаргал, Ч.Цогоо, Ү.Болдсайхан, Ж.Өнөржаргал, Д.Нина, Ч.Энхтүвшин, С.Энхсаруул, Б.Булганчимэг, С.Оюунсайхан, Г.Бямбацэрэн, Д.Гантөгс, Б.Нямзагар, Э.Чилүгэн, Г.Анужин, Г.Гомбосүрэн хэмээн үргэлжилнэ…

Чех улсад анхны хүүхэлдэйн урлал мэргэжил эзэмшсэн А.Баярбаатар агсан бол энэхүү Хэвлэл чимэглэлийн үйлдвэрт Хүүхэлдэйн тасаг, Мужааны тасгийг нээсэн хүн юм. Тухайн үед Улсын Их дэлгүүрт бэлэг дурсгалын тасагт монгол хүүхэлдэйг жуулчдад 1-2 ам.доллараар зардаг байсан түүхтэй аж.

Хэвлэл чимэглэлийн үйлдвэр 1995 хүн хүртэл ажиллаад тарахад Хүүхэлдэйн тасаг нь “Монголл” ХХК болж, зарим хүүхэлдэй урлаач нь хувиараа ажиллаж эхэлжээ. “Монголл” ХХК 2003 он хүртэл ажиллаад татан буугдсан байна.

Энэ цагаас хойш Монголын хүүхэлдэй урлаачид Монголын Хүүхэлдэйн Зураачдын Холбооны дор нэгдэн ажиллаж, өнөөдөр уран бүтээлчийн (зохиогчийн), уран сайхны гар хийцийн, загварын болон театр, анимейшн, киноны гэх мэт зориулалттай олон төрөл жанраар модон сийлбэр, ноос ноолуур, арьсан эдлэл, цаасан шуумал, гуулин суурьт болон шилэн 3D, механик хөдөлгөөнт зэрэг өргөн техник технологийн дагуу хийсэн бүтээлүүд урлаж байна.

“Монгол Хүүхэлдэй” Монголын Хүүхэлдэйн Зураачдын холбооны тэргүүн Дэмчигжавын Доржхорол бол Дүрслэх урлагийн дунд сургуульд Хүүхэлдэй чимэглэх зураачаар 1976-1980 онд суралцсан анхны төгсөгчдийн нэг. 1980 оноос хойш хүүхэлдэйн урлалын чиглэлээр ажиллаж байгаа уран бүтээлч юм. Тэрбээр, “Хүүхэлдэй урлал цаг үеэ дагаад дотроо маш олон төрөл болж хөгжиж байна. Хэрэглээний, ахуйн хэрэгцээний, театрын, хүүхэлдэйн киноны, бэлэг дурсгалын, гадаад талбайн, хот чимэглэлийн гэх мэт. Хувь хүмүүс өөр өөрийн чиглэлийн дагуу уран бүтээлээ хийгээд явж байна. Монголын хүүхэлдэйн урлал дэлхийн түвшнээс хоцрохгүй, нэг түвшинд хөгжиж байгаа. Сүүлийн үеийн хүүхэлдэйн зураачид мэргэжлийн холбогдолтой мэдээллийг олон чиглэлээр авч, харьцуулан үзэж хардаг болсон, дэлхий нийтийнхээ чиг хандлагатай маш сайн зохицож, сэтгэлгээний хувьд задарч өгч байна. Тухайлбал, Ч.Энхтүвшин, С.Энхсаруул зэрэг уран бүтээлчдийн дэлхийн чиг хандлага, технологийн дэвшлийг шингээсэн бүтээлүүд ялгарч байна.  Мөн шивээсэн хүүхэлдэй буюу эко ноосон хүүхэлдэйг Д.Солонго тэргүүтэй уран бүтээлчид хийж байна” хэмээн ярив.

Дэмчигжавын Доржхорол цааш нь “Монголын хүүхэлдэй урлаачид яг монгол сэтгэлгээ, монгол аж амьдрал, ахуй соёл, хэв маягийг шингээсэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн гаргахад онцгойлон анхаардаг. Тиймээс манай уран бүтээлчдийн ямар ч бүтээлээс хамгийн түрүүнд Монгол гэсэн уур амьсгал харагддаг” хэмээн онцоллоо.

Д.Доржхорол “Хатан, Ноён”

Энэ чиглэлээр түүний хөгжүүлсэн гол бүтээл нь “Хатан, Ноён”. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Үндэсний шилдэг брэнд бараа бүтээгдэхүүн”-ээр 2005 онд өргөмжлөгдсөн тус бүтээл төрийн ёслол, хүндэтгэлийн үед өндөр, дээд түвшний зочид төлөөлөгчдөд өгдөг хамгийн нэр хүндтэй бэлгийн нэг болжээ. Тухайлбал, Монгол Улсад айлчилсан АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш, Тэргүүн хатагтай Хиллари Клинтон болон БНСУ, Францын Ерөнхийлөгч зэрэг олон хүндэт зочдод “Хатан, Ноён” бүтээл бэлэг болж очжээ.

Монгол хүүхэлдэйн урлаачид энэ мэт өөрийн гэсэн зах зээл, хэрэглэгчтэй, уран бүтээл нь санхүүгийн эх үүсвэр болж чаддаг болсон байна.

Хүүхэлдэйн уран бүтээлийн гол хэрэглэгч нь жуулчид аж. Бас төрийн ёслол хүндэтгэлийн шугамаар болон Монгол Улс дахь гадаадын элчин сайдын яамдын захиалгаар уран бүтээлчид бэлэг дурсгал урлаж байна.

Хүүхэлдэйн урлагийн төлөө сэтгэл зүрхээ зориулж ирсэн Дэмчигжавын Доржхоролын шавь бол Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн багш, хүүхэлдэй урлаач Сэргэлэнгийн Энхсаруул юм. Тэрбээр өөрийн уран бүтээлээ туурвихын зэрэгцээ шинэ үеийн Монголын хүүхэлдэй урлаачдыг бэлтгэж буй гол хүний нэг. 1996 онд Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежид хүүхэлдэй чимэглэх урлагийн анги анх нээгдэхэд элсэн суралцсан. Улмаар үргэлжлүүлэн мэргэжлээрээ дээд боловсрол эзэмшиж, 2001 оноос хүүхэлдэй урлаж эхэлсэн, 2003 оноос хойш сургуульдаа бэлэг дурсгал, чимэглэх урлагийн багшаар ажиллаж байна.

С.Энхсаруул “Монгол хатад”

“Монгол хатад” (2023 он), “Үзэсгэлэнт” (2025 он) зэрэг монгол эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, сэтгэл татам төрхийг тодотгож, уламжлалт болон орчин цагийн урлал, технологийг хослуулан хийсэн түүний бүтээлүүд энэ цаг үеийн Монголын хүүхэлдэйн урлагийн содон бүтээлд тооцогддог.

С.Энхсаруул “Үзэсгэлэнт” 

Сэргэлэнгийн Энхсаруулын багшилдаг Үйлдвэрлэл Урлалын Политехник коллеж нь 1996 оноос хойш хүүхэлдэй, бэлэг дурсгалын буюу чимэг чимэглэх урлагийн зураачдыг тасралтгүй бэлтгэж байгаа бөгөөд “Энэ хугацаанд миний удирдлага дор 190 орчим оюутан суралцаж чимэглэх урлагийн мэргэжлээр төгсснөөс 30 орчим нь одоо хүүхэлдэй урлаачаар ажилладаг” хэмээн ярив.

Харин зураач Чинбатын Энхтүвшин бол АНУ, Япон, БНСУ зэрэг олон оронд удаа дараа үзэсгэлэнгээ гаргаж, Монголын хүүхэлдэйн урлагийг сурталчилсан, бас хамгийн олон бүтээл нь гадаадын цуглуулагчдад зарагдсан, Doll Model чиглэлийн мастер төвшний уран бүтээлч.

СУИС-ийн дүрслэх урлагийн анги төгссөн тэрбээр 2000-гаад оны эхнээс The Hun Art чиглэлээр N’COOSH Doll брендыг үүсгэн байгуулж ажиллаж байна.

Чинбатын Энхтүвшин “21 жил хүүхэлдэйн урлалын чиглэлээр ажиллаж, 3000 гаруй бүтээл хийсэн. Миний гол хүсэл мөрөөдөл бол үндэсний онцлогтой контентоо олон улсад гаргаж сурталчлах. Өнгөрсөн хугацаанд энэ тал дээр голлон ажиллаж ирсэн. Монгол бол “Гэсэр”, “Жангар”-ын  туулиас эхлээд гайхамшигт үлгэр, домгийн биет бус өвийн сантай орон. Харамсалтай нь үүнийг орчин үеийн шаардлагад нийцүүлж, хүүхэд залууст зориулсан контент хийхэд мэргэжлийн баг хамт олон, хөрөнгө оруулагч хэрэгтэй гээд тулгамдсан асуудлууд байна. Наад зах нь Олон улсын экспо-д оролцоход томоохон хэмжээний санхүүжилт хэрэгтэй болдог. Иймд төрөөс үндэсний соёлын контентыг бодлогоор дэмжих хэрэгтэй байна” гэж хэллээ.

Ч.Энхтүвшин “Жангар. Хөх тэнгэрийн Хөх халзан морьтой Хүрэл эрдэнэ мангас”

Чинбатын Энхтүвшиний Game Doll Model-оор хийсэн гол бүтээлийн нэг нь“Жангар. Хөх тэнгэрийн Хөх халзан морьтой Хүрэл эрдэнэ мангас” буюу Монголын алдарт тууль “Жангар”-ын нэг дүр юм. Мөн орчин үеийн нийгмийн тулгамдсан асуудлыг хөндсөн G-12&Kelly зэрэг бүтээлтэй.

АНУ-д төвтэй Дэлхийн хүүхэлдэйн урлагийн холбооноос Чинбатын Энхтүвшинд 2018 оноос хойш гишүүнээр элсэх урилга ирүүлж байгаа аж. Харамсалтай нь АНУ руу зорчих виз нь удаа дараа гараагүйгээс Дэлхийн хүүхэлдэйн урлагийн холбоонд монгол хүн элсэж чадаагүй өнөөдрийг хүрчээ.

“Монголчууд энэ холбоонд элсчихвэл шууд Холливудад гарах боломж нээгдэх юм шүү дээ” хэмээн тэрбээр хэлж байна.

Гэхдээ тэр Монголын хүүхэлдэйн урлалын ирээдүй сайн сайхан байна гэдэгт итгэдэг. “Өнөөдрийн Монголын хүүхэлдэйн урлал хөгжлийн хувьд арт түвшинд хөгжиж байгаа. Хүүхэлдэйн урлалыг залгамжлагчид маш сайн бэлтгэгдэж, эхнээсээ гадаад орнуудад үзэсгэлэн гаргаж, уран бүтээлээ гадагшаа зах зээлтэй болгож байгаа нь ирээдүйдээ итгэх урам зориг өгч байна” гэж тэрбээр итгэлтэйгээр хэлсэн юм.

Монгол хүүхэлдэйн урлалын үе үеийн уран бүтээлчдийн бүтээлээс:

Гэрэл зургийг Г.Мөнх-Од

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Ярилцлага Урлаг

Нишимүра Шёо: Монгол хүн бүрийг өдөр тутамдаа морь унаж, монгол гэрт амьдардаг гэж бодсон

16/07/2026
Бүжгийн урлаг Урлаг

“Гоцлол бүжигчин” гэх тодорхойлолтоор бүжигчид тэтгэвэрт гарч чадахгүй байна

15/07/2026
Өв соёл Урлаг

“Алтаргана” соёлын гүүр болон үргэлжилсээр байна

14/07/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаар аялбал нүүдэлчдийн түүхийг өгүүлэх археологийн өвүүдийг үзээрэй

21/07/2026

PSY-ийн “Gangnam Style” дуу YouTube-д зургаан тэрбум үзэлт давж, дахин түүх бүтээлээ

20/07/2026

Эдди Уильямс: Гэр бүлээрээ Монголд зочилж, нандин дурсамж бүтээхийн зэрэгцээ нүүдэлчдийн соёлтой танилцаж байгаадаа баяртай байна

20/07/2026

10 секундэд хүн хувцасладаг робот бүтээжээ

20/07/2026

“Одиссей” кино дэлхий даяар 264.1 сая ам.долларын орлого олжээ

20/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.