Билли Боб Торнтон бол жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин гэсэн олон талын авьяастай уран бүтээлч юм. Тэрбээр Холливуудад өөрийн өвөрмөц дүр төрх, гүн гүнзгий дүр бүтээлт, хурц зохиолоороо танигдан дэлхий дахинд нэрд гарсан эрхэм билээ.
Тэрбээр өнөөдөр 71 нас хүрч байна.

Билли Боб Торнтон 1955 оны наймдугаар сарын 4-нд АНУ-ын Арканзас мужийн Хот Спрингс хотод төржээ. Түүний бага нас тийм ч хангалуун байгаагүй бөгөөд гэр бүл нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй амьдардаг байв. Тэрбээр хүүхэд ахуйдаа бейсболын тамирчин болох мөрөөдөлтэй байсан ч гэмтлийн улмаас спортын замналаа орхиход хүрчээ.
Үүний дараа хөгжим болон жүжиглэх урлагт татагдан, мөрөөдлөө биелүүлэхийн тулд Лос Анжелес хотыг зорьсон байна. Амьдралынхаа эхэн үед рестораны ажилтан, зам засварчин зэрэг олон төрлийн ажил хийж, уран бүтээлч болох мөрөөдлөө орхиогүй юм.

1980-аад оны үед тэрбээр жижиг дүрүүдэд тоглож, кино зохиол бичиж эхэлсэн ч төдийлөн олны анхаарал татаж чадсангүй. Гэвч тууштай хөдөлмөрийн үр дүнд кино ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа аажмаар бий болгож эхэлжээ.


1996 онд Торнтон өөрөө зохиолыг нь бичиж, найруулж, гол дүрд нь тоглосон “Sling Blade” кино нь түүний амьдралыг эрс өөрчилсөн бүтээл болсон юм. Тус кино “Оскар”-ын кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшиж, шилдэг эх зохиолын төрөлд ялалт байгуулж, шагнал хүртсэн юм. Мөн эл кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, Торнтоныг Холливуудын шилдэг уран бүтээлчдийн нэг болгосон.


Тэрбээр олон төрлийн кинонд амжилттай тоглосон бөгөөд онцлох бүтээлүүдээс нь дурдвал, “Sling Blade” (1996), “Armageddon” (1998), “A Simple Plan” (1998), “Monster’s Ball” (2001), “Bad Santa” (2003), “Friday Night Lights” (2004), “The Judge” (2014) гэх мэтчилэн дурдаж болно.
Телевизийн ертөнцөд ч мөн амжилттай ажиллаж, “Fargo” цувралын эхний бүлэгт бүтээсэн Лорн Малвогийн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн юм.


Жүжиглэхээс гадна Торнтон рок, кантри чиглэлээр уран бүтээл туурвидаг. Тэрбээр “The Boxmasters” хамтлагийн үүсгэн байгуулагч бөгөөд хэд хэдэн цомог гаргаж, аялан тоглолт хийсээр иржээ.

71 нас хүрсэн ч Билли Боб Торнтон кино, телевиз, хөгжмийн салбарт идэвхтэй ажилласаар байна. Түүний бүтээсэн дүрүүд нь үргэлж өвөрмөц, бодит мэдрэмж төрүүлдэг бөгөөд Холливудын хамгийн авьяаслаг олон талт уран бүтээлчдийн нэг хэмээн үнэлэгддэг.

Билли Боб Торнтоны амьдрал бол авьяас, тууштай хөдөлмөр, шантралгүй тэмцлийн бодит жишээ юм. Эдийн засгийн хүндрэлтэй орчноос эхэлсэн түүний замнал “Оскар”-ын шагнал хүртсэн найруулагч, зохиолч, жүжигчин болох хүртэл үргэлжилсэн бөгөөд өнөөдөр ч тэр дэлхийн кино урлагт өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн эрхэм уран бүтээлч хэвээр байна.

