Технологийн тэрбумтан Илон Маск өөрийн хөгжүүлж буй “Grok Imagine” платформоор дамжуулан Хомерын алдарт “Одиссей” туульсыг бүрэн хэмжээний кино болгон бүтээнэ гэж мэдэгджээ.
Маск өөрийн X платформд “Энэ он дуусахаас өмнө “Grok Imagine” Хомерын “Одиссей”-г түүхэн хувьд үнэн зөв, эх зохиолын уран сайхны мөн чанарыг хадгалсан бүрэн хэмжээний кино болгон бүтээнэ” хэмээн бичсэн байна.
Тэрбээр мөн AI-гаар бүтээсэн Одиссей болон Калипсо нарын уулзалтыг харуулсан богино хэмжээний видеог хуваалцжээ. Энэхүү бичлэг нь “Grok Imagine”-ийн видео бүтээх чадварыг харуулах зорилготой байсан ч одоогоор бүрэн хэмжээний кино үйлдвэрлэх бодит баталгаа болоогүй байна.
Илон Маск энэхүү мэдэгдлээсээ өмнө найруулагч Кристофер Ноланы “The Odyssey” киног хэд хэдэн удаа шүүмжилж байсан юм. Тэрбээр тус киноны жүжигчдийн сонголт болон зарим уран сайхны шийдлийг Хомерын эх зохиолын дүрслэлтэй нийцэхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Ялангуяа жүжигчдийн сонголтын талаар санал бодлоо хуваалцсан нь олон нийтийн анхаарлыг татсан юм.

