Өдгөө 70 настай жүжигчин Вупи Голдберг “Baby, This is Keke Palmer” нэвтрүүлэгт оролцохдоо “Sister Act” киноны дүр анх Бетт Мидлерт зориулагдсан байсныг хүлээн зөвшөөрчээ.
1992 оны уг инээдмийн кинонд Вупи Голдберг мафийн бүлэглэлийн найз залуугаа хүн амины хэрэг үйлдэхийг харсан Рено хотын шөнийн клубын дуучин Делорис Ван Картьегийн дүрийг бүтээдэг. Тэрбээр өөрийгөө хамгаалахын тулд гэлэнмаагийн дүрд хувилан хийдэд нуугддаг.
Вупи Голдберг “Тэр дүрийг би өөрөө сонгож аваагүй. Би зүгээр л ажил хайж байсан” хэмээн хэлээд, өөрт нь олон удаа “Энэ дүр танд зориулагдаагүй” гэж хэлдэг байсан тухайгаа ярьжээ. Тиймээс тэрбээр агентууддаа “Бусад хүмүүсийн татгалзсан бүх дүрийг надад өгөөч” гэж хэлдэг болсон байна.
Вупи Голдберг ийм байдлаар олон алдартай дүрийг авч байснаа дурсжээ. Тухайлбал, “Burglar” кино анх Брюс Уиллист зориулагдсан байсан бол “Jumpin’ Jack Flash” киноны дүрийг Шелли Лонг бүтээхээр төлөвлөж байжээ.

