Говийн бүсийн түүх, байгалийн болон соёлын дурсгалт газруудын ихэнх өв соёл Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт оршдог. Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумаас урагш 100 км-т, Номгон сумын нутагт орших түүх, дурсгалын газруудыг танилцуулж байна.
Номгон сум нь 1931 оны БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн V дугаар хурлын тогтоолоор хуучны Шанхайн уулын хошуунаас салган байгуулж байжээ. Тус сум нь 19,4 мянган км.кв нутагтай, 2,7 мянган хүн амтай, 262,2 мянган толгой малтай, эртний соёл, археологийн болон палеонтологийн дурсгалт газартай юм.
Сумын төвд орших Сангийн далайн хийд нь 300 гаруй жилийн түүхтэй. Монголын эртний сүм дуган бөгөөд өмнө нь төрөлжсөн дацантай, Говьтүшээ гүний хүрээ хийдийн нэг байжээ. Өнөөгийн байдлаар хэрмэн хашаан доторх таван дуганыг сэргээж засварлан хадгалж байна.

Тухайлбал, сумын төвөөсөө өмнө зүгт ойролцоогоор 42 км-т Богт багийн нутагт Баянбулагийн туурь буюу Хүннүгийн үеийн томоохон хотын туурь байдаг.
Туурийн хэмжээ нь 180×110 метр, хэрмийн өргөн 10-16 метр, хойд ханыг нь ойролцоогоор 2 метр гэж судлаачид тогтоож, харуул хамгаалалтын зориулалттай хэмээн дүгнэжээ.
Мөн Сумын төвөөс баруун урд 105 клометрт Дэрсэнэ-Ус, Богт багийн нутагт Гурван бичигтийн болон Салаагийн ус орчмын хад, Цагаан усны голын хадны зураг, Уртын сайрын хадны зургууд бий.
Олон үеийн янгир, адуу, хүн, хүний нүүр, тамга тэмдэг, маанийн үсэг, нум харваж буй хүн, нохой болон анчид, тэмээн тэрэг зэрэг хадны зураг хадгалагдан үлджээ.

Эмгэн булаг багийн нутаг дахь Их Өвгөн уулын урд энгэрт “X” тэмдгийн дүрслэл тодорхой хадны зураг байдаг бол сумын төвөөс зүүн урд 39 клометрт Богт багийн нутагт байрлах Могой хэмээх газарт дугуй хэлбэрийн овгор чулуун дараастай булш бий.
Богт багийн нутагт, сумын төвөөс зүүн урд ойролцоогоор 70 орчим клометрт эртний үлэг гүрвэлийн яс илэрсэн палеонтологийн олдворын талбай болон Эхийн ширээгийн булш болох дугуй цагирган хүрээтэй хоёр булш байрладаг.
Эдгээр дурсгалт газрууд нь нутгийн түүх, археологи, палеонтологи, соёлын өвийг хадгалах чухал ач холбогдолтой бөгөөд судалгаа, хамгаалалтад онцгой анхаарал тавих шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

