“Оскар”-ын шагналт жүжигчин Мишель Йео 2026 оны Бусаны олон улсын кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагналыг хүртэхээр болжээ.
Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг аравдугаар сарын 6-нд болох кино наадмын нээлтийн ёслолын үеэр, Бусаны “Cinema Center”-т гардан авна. Энэ жилийн Бусаны олон улсын кино наадам аравдугаар сарын 6-15-ны хооронд болох юм.
2003 оноос жил бүр олгож ирсэн оны шилдэг Азийн кино уран бүтээлч шагналыг Азийн кино урлагт онцгой хувь нэмэр оруулсан кино уран бүтээлч эсвэл байгууллагыг үнэлэн олгодог. Мишель Йеогийн 40 гаруй жилийн карьер, Хонконгийн тулаант кино, Холливуудын томоохон бүтээлүүд болон олон улсын нэр хүндтэй кинонуудыг үнэлэн тус шагналыг олгож буй аж.
Мишель Йео 1985 оноос “Yes, Madam!”, “Police Story 3: Super Cop”, “Wing Chun” зэрэг киногоороо нэр хүндтэй болж, тулаант кинонд эмэгтэй дүрийн байр суурийг шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулсан юм. Дараа нь тэрбээр “Tomorrow Never Dies”, “Crouching Tiger, Hidden Dragon”, “Crazy Rich Asians”, “Shang-Chi and the Legend of the Ten Rings” зэрэг алдартай кинонд тоглосон.
Тэрбээр “Everything Everywhere All at Once” киногоороо түүхэнд бичигдэж, “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн анхны Ази жүжигчин болсон билээ.
Түүнлэн Бусаны кино наадмын үеэр түүний нэрэмжит тусгай хөтөлбөрөөр Мишель Йеогийн өөрийнх нь сонгосон гурван киног үзүүлнэ. Үүнд, “Reign of Assassins”, “Everything Everywhere All at Once” болон “Sandiwara” багтаж байна.
Мөн түүний “Оскар”-ын шагнал хүртсэнээс хойших анхны хятад хэл дээрх уран сайхны кино болох “It’s My Time” бүтээлийг наадмын үеэр толилуулна.

