Мадонна Луиз Чикконе бол дэлхийн поп хөгжмийн түүхэнд хамгийн хүчтэй нөлөө үзүүлсэн уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр зөвхөн дуучин төдийгүй дуу зохиогч, жүжигчин, продюсер, бүжигчин, бизнес эрхлэгч гэдгээрээ олон арван жилийн турш шоу бизнесийн ертөнцөд өөрийн байр суурийг хадгалж ирсэн билээ. Түүний уран бүтээл, хувцаслалт, тайзны үзүүлбэр, нийгмийн сэдвүүдийг хөндсөн бүтээлүүд нь поп соёлын чиг хандлагыг олон удаа өөрчилсөн байдаг.
Тэрбээр өнөөдөр 68 нас хүрч байна.

Мадонна 1958 оны наймдугаар сарын 16-нд АНУ-ын Мичиган мужийн Бэй-Сити хотод төржээ. Түүний эцэг Силвио Чикконе автомашины үйлдвэрлэлийн салбарт инженерээр ажилладаг байсан бол эх Мадонна Фортин нь католик шашинтай, гэр бүлдээ ихээхэн анхаардаг эмэгтэй байв.
Мадонна зургаан хүүхэдтэй гэр бүлийн гурав дахь хүүхэд байсан бөгөөд багаасаа хөгжим, бүжигт дуртай байжээ. Ээж нь түүнийг бага байхад нь нас барсан нь түүний амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн байна.
Сургуульд байхдаа Мадонна бүжгийн авьяасаа хөгжүүлж, Мичиганы их сургуульд бүжгийн тэтгэлгээр суралцжээ. Гэвч тэрdээр их сургуулиа төгсөхөөсөө өмнө Нью-Йорк руу явж, урлагийн карьер хөөхөөр шийдсэн байна.

1970-аад оны сүүлээр Мадонна Нью-Йоркт ирэхдээ ердөө багахан хэмжээний мөнгөтэй байсан бөгөөд бүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байв. Тэрdээр бүжгийн хамтлагуудад ажиллаж, улмаар хөгжим сонирхож эхэлжээ.

1980-аад оны эхээр өөрийн дуугаа бичиж, клубүүдэд тоглуулж эхэлсэн нь түүний карьерын томоохон эргэлт болсон юм. 1982 онд “Everybody” синглээ гаргаснаар хөгжмийн ертөнцөд албан ёсоор танигдаж эхэлсэн бөгөөд 1983 онд гаргасан анхны цомог “Madonna” нь түүнийг олон улсын хэмжээний од болгох эхлэлийг тавьжээ.

Харин “Like a Virgin” цомог нь 1984 онд гарснаар Мадонна дэлхийн хамгийн алдартай поп оддын нэг болж чадсан юм. Цомгийн нэртэй ижил нэртэй дуу нь хит болж, түүний өвөрмөц имиж, хувцаслалт, тайзны хөдөлгөөнүүдийг дэлхий даяар дуурайх болсон байна.

Мадоннагийн хамгийн том онцлог нь зөвхөн хит дуу бүтээсэнд бус, өөрийн дүр төрхийг байнга шинэчилж чаддагт оршдог. Тэрээр нэг хэв маягт баригдалгүй панк, диско, электрон хөгжим, R&B, рок зэрэг олон төрлийн хөгжмийн элементүүдийг уран бүтээлдээ шингээжээ.

“Like a Prayer”, “Vogue”, “Frozen”, “Music”, “Hung Up”, “4 Minutes” зэрэг дуунууд нь түүний карьерын өөр өөр үеийг тодорхойлдог алдартай бүтээлүүд юм.


Түүний клип, тайзны тоглолтууд тухайн үеийн поп хөгжмийн стандартыг шинэчилж, эмэгтэй уран бүтээлчид өөрсдийн бие, дүр төрх, бэлгийн эрх, шашин шүтлэг болон нийгмийн асуудлын талаар илүү чөлөөтэй илэрхийлэхэд нөлөөлсөн гэж үздэг.

Мадонна хөгжмийн салбараас гадна кино урлагт ч хүч сорьсон. Тэрбээр “Desperately Seeking Susan”, “Dick Tracy”, “A League of Their Own”, “Evita” зэрэг кинонд тогложээ.


1996 онд гарсан “Evita” кинонд Аргентины улс төрийн зүтгэлтэн Эва Пероны дүрийг бүтээсэн нь түүний жүжигчний карьерын хамгийн чухал бүтээлүүдийн нэг болсон. Уг дүрээрээ тэрбээр “Алтан бөмбөрцөг” шагналын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн юм. Мөн “Evita” киноны “You Must Love Me” дуугаараа “Оскар”-ын шилдэг дууны шагналыг хүртжээ.


Тэрбээр олон улсын хөгжмийн чартад олон арван удаа тэргүүлж, хэдэн зуун сая цомог, сингл борлуулсан дэлхийн хамгийн амжилттай эмэгтэй уран бүтээлчдийн нэг болсон юм. Түүний шагналын тоонд “Грэмми”, “Алтан бөмбөрцөг” зэрэг нэр хүндтэй шагналууд багтдаг. Түүнчлэн тэрбээр Рок’н роллын алдрын танхимд 2008 онд багтсан.

