1980-аад оны сүүл, 1990-ээд онд дэлгэцийн уран бүтээлүүдэд бүтээсэн дүрээрээ үзэгчдийн анхаарлыг татаж, улмаар олон төрлийн өөр өөр олон төрлийн дүрд хүч сорьж өөрийгөө “тамгалсан” Америкийн нэрт жүжигчин Кристиан Слейтерийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Кристиан Майкл Леонард Слейтер 1969 оны наймдугаар сарын 18-нд АНУ-ын Нью-Йорк хотод төржээ. Тэрdээр урлагийн салбартай ойр гэр бүлд өссөн бөгөөд бага наснаасаа жүжиглэх сонирхолтой байв. Өсвөр насандаа театр болон телевизийн бүтээлүүдэд тоглож эхэлсэн нь түүний мэргэжлийн замналын эхлэл болсон байна.

1980-аад онд Слейтер кино урлагт хүч үзэж эхэлж, залуу насныхаа эрч хүч, хурц төрхийг ашиглан өөрийн гэсэн дүр төрхийг бий болгожээ.


1989 онд гарсан “Heathers” хар хошин инээдмийн кино Кристиан Слейтерийн карьер дахь хамгийн чухал бүтээлүүдийн нэг болсон юм. Тэрбээр J.D. хэмээх нууцлаг, тэрслүү залуугийн дүрийг бүтээсэн нь түүнийг тухайн үеийн залуу үеийнхний дунд танил болгожээ.
Кино тухайн үедээ асар их ашиг олсон бүтээл биш байсан ч хожим шүтэн бишрэгчдийн хүрээнд сонгодог бүтээл болж, Слейтерийн дүр ч түүний карьерын хамгийн дурсамжтай дүрүүдийн нэг болсон байна.

1991 онд Слейтер “Robin Hood: Prince of Thieves” кинонд Уилл Скарлетын дүрийг бүтээж, Кевин Костнертэй хамтран тоглосон. Энэ нь түүнийг олон улсын өргөн хүрээний үзэгчдэд хүргэсэн томоохон бүтээлүүдийн нэг байв.
Дараагийн жилүүдэд тэрбээр олон төрлийн дүр сонгож, романтик кино, триллер, адал явдалт болон драмын бүтээлүүдэд тоглосон. Түүний уран бүтээлийн онцлог нь нэг хэвийн дүрд баригдалгүй, харанхуй, эргэлзээтэй, хөгжилтэй, драматик зан чанартай дүрүүдийг ээлжлэн бүтээж чаддагт оршдог.

1993 онд Слейтер “True Romance” кинонд Патрисия Аркетттэй хамтран гол дүрд тоглосон. Киноны зохиолыг Квентин Тарантино бичсэн бөгөөд Тони Скотт найруулжээ.
Слейтерийн бүтээсэн Кларенс Уорли дүр нь хайр дурлал, гэмт хэргийн адал явдал, хар хошигнол хосолсон, үйл явдлын төвд байдаг дүр. “True Romance” нь хожим шүтэн бишрэгчдийн хүрээнд өндөр үнэлэгдсэн кино болж, Слейтерийн 1990-ээд оны нэр хүндийг улам бэхжүүлсэн юм.

Слейтер мөн 1990 онд гарсан “Pump Up the Volume” кинонд ахлах сургуулийн сурагч Марк Хантерын дүрд тоглосон. Тэрбээр нууц радио нэвтрүүлгээрээ дамжуулан өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг өсвөр насны залуугийн дүрийг бүтээжээ. Энэхүү кино нь тухайн үеийн залуусын нийгэм, эрх мэдэл, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн асуудлыг хөндсөнөөрөө онцлог бөгөөд Слейтерийн “босогч залуу” гэсэн дэлгэцийн дүр төрхийг улам баталгаажуулсан.

Олон жилийн кино карьерынхаа дараа Кристиан Слейтер телевизийн ертөнцөд шинэ амжилт гаргасан. 2015 онд эхэлсэн “Mr. Robot” цувралд тэрбээр Эдвард Олдерсон буюу “Ноён Робот” хэмээх нууцлаг дүрийг бүтээжээ. Слейтерийн тоглолт өндөр үнэлгээ авч, 2016 онд “Алтан бөмбөрцөг” наадмын телевизийн цувралын шилдэг туслах дүрийн жүжигчний төрөлд шагнал хүртсэн байна.
Кристиан Слейтер зөвхөн камерын өмнө тоглодог жүжигчин биш. Тэрбээр хүүхэлдэйн кино, телевизийн бүтээлүүдэд дуу оруулж, өөрийн өвөрмөц хоолойгоороо олон дүрийг амилуулсан.
Мөн театрын тайзнаа тоглож, жүжигчний ур чадвараа өөр өөр орчинд сорьж ирсэн нь түүний олон талт уран бүтээлч болохыг харуулдаг.
Өвөрмөц хоолой, хурц харц, дүрийн сэтгэлзүйг илэрхийлэх чадвараараа Кристиан Слейтер нь Холливудын чансаа дээгүүр жүжигчдийн нэг хэвээр байсаар байна.



