Мексикийн кино урлагаас гараагаа эхэлж, Холливудын хамгийн танил, олон талын уран бүтээлчдийн нэг болсон жүжигчин, продюсер Сальма Хайек өнөөдөр 60 нас хүрч байна.
Тэрбээр гоо үзэсгэлэнгээрээ төдийгүй хүчирхэг эмэгтэй дүрүүд, уран бүтээлийн тууштай байр суурь, продюсерын ажлаараа кино урлагт өөрийн нэрийг баттай үлдээсэн билээ.

Сальма Хайек Пино 1966 оны есдүгээр сарын 2-нд Мексикийн Веракрус мужийн Коацакоалькос хотод төржээ. Тэрбээр залуу наснаасаа жүжигчин болох хүсэлтэй байсан бөгөөд Мехико хотод жүжигчний мэргэжлээр суралцаж, телевизийн бүтээлүүдэд тоглож эхэлсэн байна.

Түүний нэрийг Мексикт өргөн хүрээнд таниулсан бүтээлүүдийн нэг нь “Teresa” олон ангит кино байв. Уг бүтээл Сальма Хайекийг богино хугацаанд олны танил болгож, цаашид олон улсын кино урлагт хүч үзэх боломжийг нь нээжээ.

Сальма Хайек 1990-ээд оны эхээр АНУ-д очиж, Холливудад карьераа эхлүүлэхээр зорьсон байна. Гадаад хэлтэй, латин гаралтай залуу жүжигчний хувьд түүнд олон бэрхшээл тулгарсан ч тэр бууж өгсөнгүй.




Тэрбээр “Desperado” (1995) кинонд Антонио Бандерастай хамтран тоглосноор олон улсын үзэгчдийн анхаарлыг хүчтэй татсан. Үүний дараа “From Dusk Till Dawn”, “Fools Rush In”, “Wild Wild West”, “Dogma” зэрэг бүтээлүүдэд тоглож, Холливудын нэр хүндтэй жүжигчдийн нэг болж эхэлсэн юм.

Сальма Хайекийн жүжигчний карьерын хамгийн чухал бүтээл бол 2002 онд гарсан “Frida” кино юм. Тэрбээр Мексикийн алдарт зураач Фрида Калогийн дүрийг бүтээхээс гадна уг киног продюсероор ажиллан дэлгэцэнд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Энэ дүр Сальма Хайекийн жүжигчний авьяасыг олон улсын хэмжээнд дахин нотолсон юм. Тэрбээр Фрида Калогийн дүрээр “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшсэн бөгөөд энэ нь түүний карьерын түүхэн амжилтуудын нэг болсон билээ.
“Frida” кино “Оскар”-ын нийт зургаан номинацид нэр дэвшиж, нүүр хувиргалт болон хөгжмийн зохиолын төрөлд хоёр шагнал хүртсэн байна.

Сальма Хайек зөвхөн жүжиглэхээс гадна кино, телевизийн бүтээлүүдийг продюсерлох чиглэлээр амжилттай ажилласан. Тэрбээр эмэгтэйчүүдийн амьдрал, нийгмийн асуудал, латин гаралтай хүмүүсийн түүхийг илүү өргөн хүрээнд харуулах бүтээлүүдийг дэмжиж ирсэн.
Түүний продюсероор ажилласан бүтээлүүдийн нэг болох “Ugly Betty” телевизийн цуврал нь олон улсын хэмжээнд өндөр амжилт олсон. Энэ төсөл нь Хайекийн телевизийн салбарт оруулсан чухал хувь нэмрийн нэг болсон юм.

Сальма Хайек карьерынхаа туршид инээдмийн кино, драм, тулаант кино, гэр бүлийн бүтээл зэрэг олон төрлийн жанрт өөрийгөө сорьжээ.

Тэрбээр “Once Upon a Time in Mexico”, “After the Sunset”, “Bandidas”, “Grown Ups”, “Puss in Boots”, “Eternals”, “House of Gucci” зэрэг олон кинонд тоглосон.





Ялангуяа сүүлийн жилүүдэд тэрбээр зөвхөн уламжлалт “гол дүрийн эмэгтэй” хэв маягаар хязгаарлагдахгүй, нас, туршлага, зан чанарын хувьд ялгаатай дүрүүдийг сонгон тоглох болсон нь түүний уран бүтээлийн цар хүрээг улам тэлсэн юм.

Хайек гэр бүл, ажил мэргэжлээ зэрэг авч явахын зэрэгцээ эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн асуудал, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд анхаарал хандуулсаар ирсэн.

