Монголын орчин үеийн хөгжим, тэр дундаа хип хоп хөгжмийн ертөнцөд өөрийн өвөрмөц дүр төрх, хөгжмийн өнгө аясаараа ялгарч чадсан уран бүтээлчдийн нэг бол Don Dior юм.
Түүний жинхэнэ нэрийг Даваадоржийн Мөнхтулга гэдэг бөгөөд тэрбээр 1996 оны энэ өдөр буюу наймдугаар сарын 15-нд төржээ.
Түүний өөрийнх нь тайлбарласнаар тайзны нэр болох Don Dior нь “Don” буюу удирдагч гэсэн утгатай үг болон өөрийн дуртай “Dior” брэндийн нэрээс бүрджээ.
Don Dior-ыг зөвхөн дуугаараа бус, өөрийн дүр төрхөөрөө ч олны анхаарлыг татсан реппер гэж хэлж болно. Тэрбээр шивээс, тод өнгийн үс, этгээд хувцаслалтыг өөрийн уран бүтээлчийн имижийн нэг хэсэг болгосон бөгөөд олон нийтээс ирсэн шүүмжлэлд үл хамааран өөрийн хэв маягийг хадгалсаар ирсэн.
Түүний уран бүтээлүүдэд хайр дурлал, ганцаардал, дотоод мэдрэмж, амьдралын өөрчлөлт зэрэг сэдэв хөндөгддөг. “Reason”, “Fear”, “Lost It”, “All Night”, “Devil Inside”, “Makilla”, “179” зэрэг дуунууд нь түүний уран бүтээлийн замналын тодорхой үе шатуудыг харуулдаг.
Өдгөө Don Dior нэр нь Монголын орчин үеийн хип хоп урсгалын танил нэрсийн нэг хэвээр байгаа бөгөөд түүний уран бүтээлийн замнал шинэ дуу, хамтын бүтээлүүдээр үргэлжилсээр байна.

