Өмнөд Солонгосын нэрт телевизийн найруулагч Ан Пан Сок 2026 оны наймдугаар сарын 12-нд 64 насандаа таалал төгслөө. Тэрбээр өнгөрсөн жилээс уушгины хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан бөгөөд сүүлд тархинд нь цус харваж, эмчилгээ хийлгэж байсан ч биеийн байдал нь улам хүндэрч, нас барсан байна.
Түүний нас барсан тухай мэдээ Өмнөд Солонгосын энтертайнмент салбарт ихээхэн уй гашуу дагуулж, хамтран ажиллаж байсан жүжигчид, уран бүтээлчид болон салбарынхан эмгэнэл илэрхийлжээ.
Ан Пан Сок телевизийн салбарт 1987 онд продюсероор ажиллаж эхэлсэн бөгөөд 1994 онд найруулагчийн анхны бүтээлээ туурвижээ. Тэрбээр бараг 40 жилийн уран бүтээлийн замналдаа бодит амьдралыг үнэн зөв харуулсан өгүүлэмж, сэтгэл хөдлөлөөр баялаг дүрүүд, нийгмийн ээдрээтэй асуудлыг энгийн хэрнээ хүчтэй илэрхийлдэг найруулгын арга барилаараа танигдсан юм.
Түүний найруулсан “Behind the White Tower”, “Secret Affair”, “Heard It Through the Grapevine”, “Something in the Rain”, “One Spring Night” зэрэг бүтээлүүд нь Өмнөд Солонгосын орчин үеийн хамгийн өндөр үнэлгээтэй телевизийн цувралуудын тоонд багтдаг. Ялангуяа “Something in the Rain” болон “Secret Affair” нь олон улсын үзэгчдийн дунд ч нэр хүндтэй болсон юм.
Ан Пан Сокийн хамгийн сүүлчийн найруулсан кино болох “Love Doctor” энэ оны аравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөгджээ. Киноны зураг авалт болон пост-продакшны ажил найруулагчийг нас барахаас өмнө бүрэн дууссан тул бүтээлийг төлөвлөсний дагуу үзэгчдэд хүргэхээр болжээ.

