Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо энэ сарын 11-17-нд болсон Олон улсын газар зүйн 22 дугаар олимпиадад Монголын баг амжилттай оролцож, алтан медаль хүртлээ.
Тус олимпиадад Монгол Улсаас оролцсон Гёте сургуулийн сурагч А.Амина алтан медаль хүртсэн нь, Монголын баг Олон улсын газар зүйн олимпиадаас хүртсэн анхны алтан медаль юм.
Мөн Монголын багийн бүрэлдэхүүнд Н.Нараа /Шинэ эрин сургууль/, Б.Намуухан /Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль/, Т.Мичид /Хобби сургууль/ нар оролцсон байна. Монгол Улсын багийн ахлагчаар Ц.Цэндсүрэн, дэд ахлагчаар О.Мэндбаяр нар ажиллажээ.
Ийнхүү Монголын сурагчид дэлхийн шилдэг залуу газар зүйчидтэй өрсөлдөн, алтан медаль хүртсэн нь эх орныхоо боловсрол, шинжлэх ухааны салбарын нэр хүндийг олон улсад өргөсөн онцлох амжилт боллоо.

