“Ялалт” музей нь Дорнод аймгийн Халхгол сумын төвд үйл ажиллагаа явуулдаг, 1939 оны Халх голын байлдааны түүхийг бодитоор үзүүлсэн музей юм.
Музейг 1982 онд байгуулсан бөгөөд 1000 гаруй үзмэрээс бүрдсэн үзүүллэгийн дөрвөн танхимтай. Тухайлбал, дайны түүхэн агшин, дайчин баатарлаг эрсийн 700 гаруй эд өлгийн зүйлс энд бий. Мөн тус музей нь дайны түүхэн бодит ул мөрийг хадгалсан, дайны ялалтанд зориулсан олон хөшөө дурсгалыг хамгаалж байдгаараа онцлог.
Халхгол сумын нутгаас дайны үеийн сөнөөгч онгоц, зэр зэвсэг багагүй олддог учраас аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор хээрийн музейг Ремизовын өндөрлөгт байгуулжээ. Хээрийн музейд буу, сум, танк, сөнөөгч онгоц, гар бөмбөг, их бууны сум, танк эсэргүүцэгч, цэргийн хоол хүнсний сав суулга, машин техник, шатахууны сав, төмөр дуулга малгай зэрэг дайны үеийн үлдэгдлийг гурван км радиус дотор ил үзмэр болгон тайлбартайгаар байрлуулж, мөн Японы армийн командлагч нарын байр, нуувч зэргийг сэргээж тухайн үеийн байдлаар зассан байдаг.


