Ховд аймгийн түүхэн дурсгалт газруудын нэг бол Сангийн хэрэм юм. Сангийн хэрэм (Сангийн хот) нь Ховд аймгийн төв талбайгаас 750 метрийн зайд 10,5 га газрыг эзлэн орших ба 300 орчим жилийн түүхтэй. Манжийн бэхлэлтийн үед барьсан хэрмийн үлдэгдэл гэдгээрээ онцлог юм.
Түүхийн эх сурвалжид тэмдэглэснээр манж амбан, түүний түшмэл цэргүүд байрлаж байсан Сангийн хот нь цэргийн бэхлэлтийн нэгэн адил дөрвөлжин хэлбэртэй шавран хэрэмтэй. Хэрэм нь баруун, зүүн өмнө талдаа олон хаалгатай, дөрвөн буландаа алсын бараа харах асартай, хэрмийн гадна талаар тойрсон гол, түүгээр гарах модон гүүртэй байжээ.
Монгол цэргүүд 1912 онд манж хятадыг буулган авч, Ховд хотыг чөлөөлсөн түүхтэй. Ховд хот манжаас чөлөөлөгдсөнөөс хойш Сангийн цагаан хэрэм нурж, одоо зөвхөн эмтэрхий туурь үлдсэн. Үүнийг гадаад, дотоодын аялагч, жуулчид ихээр үзэж сонирхдог юм.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн байгууллагууд уг дурсгалт газрын хамгаалалтыг сайжруулахад онцгой анхаарч иржээ.

