Монголын тайз, дэлгэцийн урлагт өөрийн өвөрмөц өнгө төрх, уран чадвараараа танигдаж яваа жүжигчин бол Б.Одгэрэл.
Өнөөдөр түүний төрсөн өдөр.

Б.Одгэрэл багаасаа урлагийн олон төрлийг сонирхдог хүүхэд байжээ. Тэрdээр зураг зурж, шүлэг бичиж, үндэсний дээл болон гоёлын хувцас урлан уралдаанд оролцдог, сургуулийнхаа урлагийн үзлэгт идэвхтэй оролцдог байсан тухайгаа ярьсан байдаг. Ийнхүү олон талын сонирхол нь түүнийг жүжигчний мэргэжил сонгоход хүргэжээ.

Тэрбээр Кино урлагийн дээд сургуульд С.Болормаа багшийн удирдлагад жүжигчний мэргэжлээр суралцсан бөгөөд дэлгэцийн уран бүтээлийн гараагаа “Цагдаагийн тангараг” киногоор эхэлж, улмаар “Хунгийн сүүлчийн дуу” кинонд гол дүрд тоглосон юм. Түүнээс хойш “Үүлэн сэтгэл”, “Зэрлэг агийн үнэр дунд”, “Пагмадулам” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кино, “Хайрыг битгий гомдоо”, “Бэрүүд”, “Ахан дүүс” олон ангит кино гэхчилэн 30 орчим уран бүтээлд тогложээ.
Мөн тэрбээр UBS телевизийн зохион байгуулсан “To Be or Not To Be” театрчилсан уралдаанд амжилттай оролцсон нь мэргэжлийн тайзнаа гарах боломжийг нь нээжээ. Түүний тоглолтыг тухайн үеийн мэргэжлийн уран бүтээлчид үнэлж, Улсын драмын эрдмийн театрт ажиллах санал тавьж байв.
Б.Одгэрэл 2013 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оноос “Black Box” театрын бүтээл Эжен Ионескогийн “Хоёр хүний дэмийрэл”, Жан Поль Сартрын “Тамын хаалга” , “Альфа” театрын бүтээл И.В.Гётегийн “Фауст”, “Орфей” театрын бүтээл Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, Үй Хуагийн “Амьдрахуй”, “Pиакшн” продакшны “Чи надад хайртай”, “Bee” театрын бүтээл П.Баярсайханы “Гүн гөрөөс”, Н.Болороогийн “Галт шувуу” зэрэг уран бүтээлүүдэд тоглож, гэрээт уран бүтээлчээр ажиллаж иржээ.

Тэрбээр 2019 онд “Ялагчийн цуваа” олон улсын моно жүжгийн наадмын шилдгээр шалгарч, 2022 онд “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын хоёр хүний жүжгийн төрөлд “Хүн гөрөөс” жүжгийн Оюумаагийн дүрээр шилдэг эмэгтэй жүжигчин, 2023 оны “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нэг хүний жүжгийн төрөлд “Галт шувуу” моно жүжгийн Сарангийнэ дүрээр шилдэг жүжигчнээр тус тус шалгарч байв. Тэрбээр “Галт шувуу” жүжгээрээ Египет Улсад зохион байгуулагдсан “Sharm El-Sheikh International Theater Festival”-ийг нээж байв.

