“Харри Поттер” киноны цувралд Драко Малфойн дүрээрээ алдаршсан жүжигчин Том Фелтон киноны төгсгөлд дүрээ насанд хүрсэн байдлаар хэрхэн бүтээснээ дурсаж, өөрийн одоогийн төрхийг 2011 онд дэлгэцнээ гарсан насанд хүрсэн Дракогоос илүү сайхан харагддаг хэмээн хошигножээ.
“Harry Potter and the Deathly Hallows – Part 2” киноны төгсгөлд үйл явдал 19 жилийн дараах ирээдүйд шилжиж, Харри Поттер, Рон Уизли, Гермиона Грейнжер болон Драко Малфой нар насанд хүрсэн байдлаар гардаг.
Тухайн үед Дракогийн насанд хүрсэн дүр төрхийг бүтээхийн тулд Фелтоны гэр бүлийн гишүүдийн төрхийг хүртэл судалсан байна. Тэрээр гурван ахтай бөгөөд тэдний үсний ургалт, үсний шугам, нүүрний хэлбэрээс гадна аавынхаа төрхийг харж, Драко 19 жилийн дараа ямар харагдахыг төсөөлөн бүтээсэн хэмээн ярьжээ.
Гэвч Фелтон одоо эргээд харахад тухайн үеийн Драко Малфойн төрхийг өөрийнхөө одоогийн төрхтэй харьцуулахад царайлаг биш хэмээн наргижээ.
Жүжигчин өдгөө 38 настай бөгөөд Драко Малфойн дүрдээ дахин эргэн ирж, Бродвейн “Harry Potter and the Cursed Child” жүжигт тоглож байгаа юм.
Фелтон мөн “Харри Поттер” цувралын сүүлчийн киноны зураг авалтын үеэр энэ дүртэйгээ насан туршдаа салах ёс хийж байна гэж бодож байснаа дурссан байна. Тухайн үед Лондонгийн King’s Cross вокзал дээр хийсэн зураг авалт нь түүний хувьд “шидтэн байх сүүлчийн өдөр” мэт санагдаж байжээ.
Гэвч 15 жилийн дараа Фелтон Драко Малфойн дүрдээ дахин орж, энэ удаад кино биш, тайзны бүтээлээр дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж байна.
Түүний “Harry Potter and the Cursed Child” жүжгийн тоглолтын хугацаа 2027 оны нэгдүгээр сарын 3 хүртэл үргэлжлэхээр болжээ.

