Японы загварын “yoshiokubo” брэнд Токио хотод зохион байгуулагдаж буй “Rakuten Fashion Week Tokyo”-ийн 2027 оны хавар, зуны улирлын хөтөлбөрийг Монгол гэр бүхий тайзны шийдлээр нээлээ.
Наймдугаар сарын 31-нд “Shibuya Hikarie” цогцолборын “Hikarie Hall A” танхимд болсон шоуны төвд Монголын нүүдэлчдийн уламжлалт зөөврийн сууц болох гэрийг тусгайлан барьсан нь үзүүлбэрийн гол дүрслэл болов. Үзэгчид гэрийг тойрон байрлаж, “Natural Born Nomads” буюу “Төрөлхийн нүүдэлчид” нэртэй шинэ цуглуулгыг сонирхжээ.
Загвар зохион бүтээгч Ёшио Күбо уг цуглуулгаар аливаа хүрээнд баригдалгүй, өөрийн хүсэл зорилгын дагуу амьдрах эрх чөлөөг илэрхийлэхийг зорьсон байна. Цуглуулгын санаа түүний Лос-Анжелесийн эрэг дагуу ямар нэг дарамтгүй, чөлөөтэй гүйж буй залууг ажигласнаас эхэлжээ. Тэрхүү дүр төрхөөс Кубо орчин үеийн нүүдэлчний эрх чөлөө, хөнгөн хөдөлгөөнийг хувцсаар илэрхийлэх санаа авсан гэж брэнд тайлбарлав.



Шинэ загваруудад “yoshiokubo”-гийн онцлог нарийн эсгүүрийг хөнгөн, хөдөлгөөн дагасан материалтай хослуулжээ. Татлага, уяа болон хувцасны хэмжээг тохируулах зориулалттай жижиг түгжээ зэрэг деталь ашигласан ч эдгээрийг тодорхой нэг үндэстний хувцаснаас хуулбарлаагүйг дизайнер онцолсон байна.
Цуглуулгын нэрэнд 1994 оны “Natural Born Killers” киноны нэршил мөн нөлөөлжээ. Кубо “born” буюу төрөх гэсэн үгийг “bone” буюу яс гэх үгтэй холбон, биеийн тулгуур бүтцийг илэрхийлэх ясны дүрслэлийг зарим загварт шингээсэн ажээ.
Шоуны төгсгөлд хар гэрлийн дор цагаан тайзан дээр флюресцент ул мөр тодорч, дизайнер нүүрний гэрэлтдэг будалттайгаар үзэгчидтэй мэндчилжээ. Монгол гэр ийнхүү дан ганц тайзны чимэглэл бус, цуглуулгын нүүдэл, хөдөлгөөн, эрх чөлөөний санааг нэгтгэсэн гол дүрслэл болжээ.

