Холливудын домогт жүжигчин Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээхээр болжээ. Гэхдээ энэ удаа Мэрилин Монро болон Америкийн нэрт зохиолч Артур Миллер нары гэр бүлийн амьдрал, хайр дурлалын түүхийг өгүүлэх аж.

“Misfits Together” нэртэй энэхүү бүтээлийг Английн хөгжмийн зохиолч, “Bastille “хамтлагийн гоцлол дуучин Дан Смит болон “To Kill a King” хамтлагийн Ральф Пеллимаунтер нар хөгжмөөр амилуулж байгаа юм. Дан Смит, Ральф Пеллимаунтер нар энэхүү бүтээлд зориулж 30 гаруй дуу бичсэн бөгөөд эцсийн хувилбарт ойролцоогоор 15 дуу багтахаар төлөвлөж байна.
Мюзиклийн үйл явдал Мэрилин Монро, Артур Миллер нарын 1956 онд эхэлсэн гэрлэлтийн түүхийг голлон өгүүлэх бөгөөд тэдний хувийн харилцаанаас гадна тухайн үеийн Америкийн улс төр, нийгмийн нөхцөл байдлыг мөн хөндөх аж.
Бүтээлийн зохиолыг Шарлотт Богард Маклеод бичжээ. Тэрбээр Артур Миллер тухайн үеийн коммунизмын эсрэг кампанит ажлын үеэр өөрийн үзэл бодол, зарчимдаа үнэнч үлдсэн бөгөөд энэ үед Мэрилин Монро нөхрөө тууштай дэмжиж байсан түүхийг онцлон харуулахыг зорьж буйгаа мэдэгдсэн байна.
Шинэ мюзикл Мэрилин Монрог зөвхөн Холливудын секс бэлгэ тэмдэг бус, өөрийн карьер болон уран бүтээлийн төлөө тууштай тэмцсэн, авьяаслаг, хүчирхэг эмэгтэй байдлаар дүрслэхээрээ онцлог юм.
“Misfits Together” мюзиклийг Николай Фостер найруулах бөгөөд 2027 оны есдүгээр сарын 4-нөөс аравдугаар сарын 2-ны хооронд Их Британийн Лестер хотын “Curve” театрын “Studio” тайзнаа тоглохоор төлөвлөжээ.

