Хөвсгөл аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлийнхөн” хөтөлбөрийн хүрээнд Мөрөн суманд үндэсний соёл, амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна.
Бүтээн байгуулалтын ажлын явцтай Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Аззаяа нар танилцаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавилаа.
Өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган зам, ариун цэврийн байгууламж, зоогийн газрын барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төсөл, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.
Нийт 11.8 га талбайг хамрах “Хөвсгөл” цэцэрлэгт хүрээлэнг орон нутгийн төсвийн 9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Тэнүүн төвөргөөн” ХХК ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажлыг 2027 онд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Цэцэрлэгт хүрээлэн нь танин мэдэхүй, аялал жуулчлал, амралт зугаалгын үндсэн бүсүүдээс бүрдэх бөгөөд хүүхэд, залуус, иргэд, жуулчдад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдүүлэх юм.
Танин мэдэхүйн бүсэд үндэсний ёс заншил, түүх, соёлын дурсгалыг сурталчлах хэсэг, аялал жуулчлалын бүс, угтах болон үйл ажиллагааны талбай, үндэсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний хэсгийг байгуулахаар төлөвлөжээ.
Харин амралт, зугаалгын бүсэд тоглоомын болон спортын талбай, амралтын хэсэг, үндэсний хоолны хэсэг, дүүжин гүүр, арлын амралтын бүсийг байгуулна.

