Өдгөө 81 настай Холливудын нэрт жүжигчин Дэнни ДеВито саяхан “Entertainment Weekly”-д өгсөн ярилцлагадаа өөрийн карьерын хамгийн этгээд, хөгжилтэй мөчүүдийн талаар ярьсан бөгөөд “It’s Always Sunny in Philadelphia” цувралын зургаадугаар улирлын Зул сарын тусгай ангийн алдарт хэсгийг онцолсон байна.
Тус ангид ДеВитогийн бүтээсэн Фрэнк Рэйнолдс дүр бусдын өөрийнх нь талаар юу ярьж байгааг сонсохын тулд буйдан дотор нуугддаг. Харин дотор нь хэт халуун болсон тул тэрээр эцэст нь хувцасгүй, тос түрхсэн байдалтайгаар буйдангаас гарч ирдэг билээ.
ДеВито тухайн хэсгийн зураг авалтын талаар дурсахдаа зохиолыг уншихдаа зураг авалт коктейлийн үдэшлэгийн үеэр өрнөхийг анзаараагүй гэдгээ хэлжээ. Тэрбээр зураг авалтын талбайд очоод танихгүй олон туслах жүжигчний өмнө буйдангаас нүцгэн гарч ирэх ёстойгоо ойлгосон байна.
Жүжигчин өөрийгөө тухайн үед “Тосонд хутгалдсан бөөн юм” шиг харагдаж байсан хэмээн хөгжилтэйгээр дүрсэлжээ.
Түүнчлэн ДеВито олон жилийн турш хамтран ажилласан Кэйтлин Олсон, Чарли Дэй, Гленн Хауэртон, Роб Мак зэрэг жүжигчид болон кино багийнхантайгаа маш дотно харилцаатай байдгаа онцолжээ.
Тэрбээр зураг авалтын багтаа эргэн очих бүрдээ гэртээ харьж байгаа мэт мэдрэмж төрдөг бөгөөд олон жил хамт ажилласан уран бүтээлчид нь нэгэн том гэр бүл шиг болсон хэмээн ярьсан байна. “It’s Always Sunny in Philadelphia” цуврал одоогоор 18 дахь улирлаа үргэлжлүүлж байгаа юм.

